Шүүх МАН-ыг тарааж амжих уу

МАН-ыг татан буулгах өргөдлийг Улсын дээд шүүхэд хүргүүлж буй талаараа хуульзүйн ухааны доктор А.Эрдэнэцогт өнөөдөр мэдээлэл хийлээ. Тэрбээр МАН-ын удирдлага төрийн эрх мэдлийг Монголын ард түмнээс хууль бусаар авсан нь баримтаар нотлогдож байна. Өөрөөр хэлбэл МАН-ыг татан буулгах хуульзүйн үндэслэл хангалттай бүрдсэн. Тиймээс хуульч, эрдэмтэн хүний хувьд энэ байдлыг хараад зүгээр сууж чадахгүй Дээд шүүхэд хандаж өргөдөл гаргаж буйгаа мэдээлэв.

“60 тэрбумын бичлэг” үнэн гэдгийг МАН-ын дарга У.Хүрэлсүх албан ёсоор хүлээн зөвшөөрлөө. Тэрбээр 11 дүгээр сарын 26-ны өдөр “М.Энхболдыг 60 тэрбумын хэрэгт холбогдсон. Тэр 60 тэрбумын бичлэг гэдэг бол үнэн шүү. Тэр эвлүүлэг биш” гэсэн мэдэгдлийг хийсэн. Мөн МАН-ын УЗ-ийн гишүүн Ц.Нямдорж телевизэд ярилцлага өгөхдөө “Би шулуухан хэлье, наадах чинь эвлүүлэг биш” гэж хүлээн зөвшөөрсөн. Бас МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан долоодугаар сарын 2-ны өдөр АТГ-ын гадаа хэвлэлийн бага хурал хийхдээ тус бичлэг эвлүүлэг биш гэдгийг хэлсэн.

Энэ бүхэн нь МАН хууль бус аргаар төрийн эрх мэдлийг авахаар зохион байгуулалттай үйл ажиллагаа явуулснаа өөрсдөө хүлээн зөвшөөрсөний илрэл. МАН цаашид Монголын ард түмний нэрийн өмнөөс төрийн эрх барих ёс суртахуун, хуульзүйн үндэслэл байхгүй. Тиймээс улс төрийн намуудынг тухай хуулийн дагуу МАН-ыг татан буулгах өргөдлөө Улсын Дээд шүүхэд гаргаж байгаагаа тэрбээр мэдэгдлээ.

Б.Учрал

Х.Баттулга М.Энхболдод Ерөнхий хяналтын сонсгол явуулах тухай албан бичиг хүргүүлэв

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Монгол Улсын Их хурлын дарга М.Энхболдод Ерөнхий хяналтын сонсгол явуулах тухай албан бичиг хүргүүлэв

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга өнөөдөр Ерөнхий хяналтын сонсгол явуулах тухай албан бичгийг Монгол Улсын Их хурлын дарга М.Энхболдод хүргүүллээ.

АЛБАН БИЧИГТ:

Төрийн эрх барьж буй Монгол Ардын Намын удирдлага, гишүүдийн дотоод зөрчил, тэмцлээс улбаатай хямрал даамжирч, төрийн үйл ажиллагааг цалгардуулан доголдуулж байгаагаас шийдэл хүлээсэн олон ажил гацаанд орж, улс орон ард иргэдийн амьдралд хүндрэл учруулахуйц нөхцөл байдалд хүрч мэдэхээр болсон тул талцал, хуваагдлаа нэн даруй зогсоож, хэрүүл тэмцлээ дуусган, хуулиар хүлээсэн үүрэгт ажилдаа яаралтай орж, хариуцлагатай, үр бүтээлтэй ажиллах шаардлагатай байна.

Миний бие 2017 оны 12 дугаар сарын 28-ны өдөр Улсын Их Хуралд хандан, Үндэсний Аюулгүй байдлын зөвлөлөөс гарсан зөвлөмжийг анхаарч хэрэгжүүлэх, агаарын бохирдолтой “Онц байдал” зарлан, шийдвэртэй тэмцэхийг санал болгосон боловч Улсын Их Хурал “Агаарын бохирдлыг бууруулахтай холбогдуулан авах арга хэмжээний тухай” тогтоол баталж, холбогдох байгууллагуудад чиглэл өгсөн тухай хариу ирүүлсэн.

Эрүүл аюулгүй орчинд амьдрах иргэний эрхийг ноцтойгоор зөрчиж байгаа агаарын бохирдлын асуудлаар төрийн эрх бүхий байгууллагууд чамгүй олон шийдвэрийг гаргаж, татвар төлөгчдийн мөнгийг зарцуулсаар /2008-2016 оны хооронд 550 орчим тэрбум төгрөг зарцуулсан гэх тооцоо судалгаа байдаг/ ирсэн боловч бодит үр дүн, ахиц дэвшил мэдрэгддэггүй, гамшгийн нөхцөл байдал хэвээрээ, хор уршиг, хохирол нь улам нэмэгдэж, дордсоор байгаа бөгөөд үүнийг утаа, гамшгаар бизнес хийдэг хэсэг бүлэг этгээд, тэдгээрийг дэмжин өөгшүүлдэг төрийн байгууллага, албан тушаалтнуудын хариуцлагагүй үйл ажиллагаатай шууд холбон дүгнэж болохоор байна.

Иймд Нийтийн сонсголын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1, 8.2 дахь хэсэг болон 8.2.1 дэх заалтыг үндэслэн агаарын бохирдлыг бууруулах чиглэлийн бодлого шийдвэр, хууль тогтоомжийг хэрэгжүүлэх үүрэгтэй байгууллага, албан тушаалтны үйл ажиллагаанд хяналт тавих, авч хэрэгжүүлсэн арга хэмжээ, түүнд төсөвлөгдсөн хөрөнгийн зарцуулалт, үр дүнг тодруулах зорилгоор ерөнхий хяналтын сонсгол явуулах хүсэлт гаргаж байна.

Нийтийн сонсголын тухай хуулийн 8 дугаар зүйлд Монгол Улсын Ерөнхийлөгч хүсэлт гаргасан тохиолдолд ерөнхий хяналтын сонсголыг заавал явуулна гэж заасан тул холбогдох арга хэмжээг нэн даруй авч ажиллахыг хүсье” гэжээ.

Нийслэлийн засаг дарга С.Батболдыг үүрэгт ажлаас нь чөлөөллөө

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөх хүсэлтээ хүргүүлсэн. Энэ хүсэлтийг харгалзан Ерөнхий сайд өөрийн саналаа эргүүлэн татаж авснаа албан бичгээр НИТХ-д мэдэгдсэн.

Өнөөдөр Монгол Улсын Ерөнхий сайд захирамж гарган, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболдыг үүрэгт ажлаас нь чөлөөлжээ.

Ерөнхий сайдын захирамжийг Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын тэргүүн дэд дарга Г.Баясгалан НИТХ болон Нийслэлийн Засаг даргын Тамгын газрынханд танилцуулж, үүрэг гүйцэтгэгч томилж байгааг мэдэгдлээ.

Нийслэлийн Засаг даргыг шинээр томилох хүртэл түүний бүрэн эрхийг Нийслэлийн Засаг даргын Ногоон хөгжил, агаарын бохирдлыг бууруулах асуудал хариуцсан орлогч Ж.Батбаясгалан гүйцэтгэхээр болж байна.

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд  “Миний бие Монгол төрийн төлөө 28 жил тасралтгүй ажилласан. Өнөөдрийн улс төрийн нөхцөл байдал болон олон хүчин зүйл шалтгааныг харгалзан үзээд үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөх хүсэлтээ өгсөн. Нийслэлийн хувьд ажил тогтвортой сайн байсан гэдгийг тэмдэглэн хэлмээр байна. Нийслэл өөрөө олон талт үйл ажиллагаа явуулдаг. Засгийн газрын ажлын 50 хувийг үүрч явдаг. Өнгөрсөн хугацаанд Нийслэлийн Засаг даргын үйл ажиллагааны мөрийн хөтөлбөр 60 гаруй хувьтай биелэсэн.

Дээд түвшинд явагдаж байгаа улс төрийн тэмцэл НИТХ руу орох ёсгүй. Огцруулах бичгийн үндэслэл миний хийсэн ажилтай дүйцэхгүй байсан учраас өөрийн хүсэлтээр чөлөөлөгдөх өргөдлөө өгсөн. Хамтран зүтгэж байсан та бүхэндээ баярлалаа. Бид бүхэн маш том зорилтууд тавьж, түүнийгээ хэрэгжүүлэхийн төлөө цаг наргүй ажиллаж байсан. Хамтран зүтгэгчид маань энэ ажлуудаа гүйцээнэ гэдэгт итгэлтэй байна. 2.6 жилийн хугацаанд хотын удирдлагын багийн бодлогыг ямагт дэмжиж, сайн муу санал шүүмжлэлээ харамгүй хэлж байсан нийслэлийн иргэддээ талархлаа. Нийслэл хот улс төржих талбар биш. Энд ажил буцалж, өрнөж байдаг газар учраас улстөрчийн хувьд шийдвэр гаргасан. Ирэх оны төсөв, үндсэн чиглэлийг НИТХ хуулийн хугацаанд баталсан учраас нийслэл хотод ганц хором, ганц өдөр ч ажил цалгардахгүй гэдэгт итгэж байна” гэжээ.

И.Болд

С.Даваасүрэн Тогтвортой санхүүгийн форумд панелистаар оролцлоо

Санхүүгийн зохицуулах хорооны дарга С.Даваасүрэн өнөөдөр болсон “Тогтвортой санхүүгийн форум 2018”-ын “ТоС хөтөлбөр банкны салбараас хүрээгээ тэлэх нь” сэдэвт хэлэлцүүлэгт панелистаар оролцлоо. Монголын тогтвортой санхүүгийн холбоо (ТоС Холбоо)-ноос зохион байгуулсан тус форум нь тогтвортой хөгжил, тогтвортой санхүүгийн асуудалд анхаарал тавьдаг бодлого тодорхойлогчид, банк санхүүгийн байгууллагууд, олон улсын байгууллагууд, хувийн хэвшил, иргэний нийгмийн байгууллагууд болоод байгаль орчин, нийгмийн мэргэжилтнүүдийг оролцуулдаг үндэсний хэмжээний томоохон арга хэмжээ юм.

Хэлэлцүүлэгт Хорооны дарга, доктор С.Даваасүрэн санхүүгийн салбаруудад тогтвортой санхүүжилтийн бодлогыг хэрэгжүүлэхийн тулд төрийн байгууллагууд манлайлан, бизнесийн байгууллагууддаа нэвтрүүлэх хэлбэрээр ажиллах шаардлагатайг онцолсон юм. Мөн тэрээр тогтвортой санхүүгийн зарчмыг даатгал, хөрөнгийн зах зээл, банк бус санхүүгийн байгууллага зэрэг санхүүгийн салбарт хэрхэн нэвтрүүлэх нь зүйтэй талаар болон Санхүүгийн зохицуулах хороо үүнд ямар үүрэгтэй оролцох талаар дэлгэрэнгүй тайлбар хүргэлээ.

Үнэт цаасны салбарын хувьд томоохон бизнес эрхлэгчдэд санхүүжилтийн эх үүсвэр татах гарц нь болж, олон нийтэд хөрөнгө оруулалт хийх хэрэгсэл нь болж байдаг учраас уг зах зээлд нэвтэрч буй компаниудад ёс зүй, засаглал, нийгмийн хариуцлагын тогтолцоогоо өндөр түвшинд хангаж ажиллах шаардлага тавигддаг. Тиймээс энэ чиглэлд тогтвортой санхүүжилтийг хэрэгжүүлэх боломжтойг дурдлаа. Харин даатгалын салбарын хувьд шинэ бүтээгдэхүүн, үйлчилгээ нэвтрүүлэх, байгаль орчин, нийгэмд үзүүлэх нөлөөллөөр нь ялгамжтай бодлого баримтлах боломжтой бол бичил санхүүгийн салбарын тухайд жижиг, дунд бизнес эрхлэгчид болон жижиг зээлдэгчдэд голчлон үйлчилгээ үзүүлдэг учраас эдгээр санхүүгийн байгууллагуудаар дамжуулан байгаль, нийгэмд ээлтэй үйл ажиллагаа эрхлэх бичил бизнесүүдэд санхүүжилтийн эх үүсвэрийг олгох тал дээр ажиллах нь зүйтэйг онцоллоо.

Түүнчлэн Доктор С.Даваасүрэн тогтвортой санхүүжилтийн хүрээнд зайлшгүй яригдах ёстой асуудал нь санхүүгийн үйлчилгээний хүртээмж болох талаар дурдлаа. Сүүлийн жилүүдэд Хорооны баримталж буй бодлого, үйл ажиллагаа нь санхүүгийн хүртээмжийг нэмэгдүүлэх, санхүүгийн зах зээлийн дэд бүтцийг хөгжүүлэхэд чиглэж байна. Тухайлбал, “Монгол улсын тогтвортой хөгжлийн үзэл баримтлал 2030”, “Хорооны үйл ажиллагааны стратеги төлөвлөгөө 2018-2020”, “Монгол Улсын санхүүгийн зах зээлийг 2025 он хүртэл хөгжүүлэх үндэсний хөтөлбөр”, “Монгол Улсын мөнгөний болон хөрөнгийн зах зээлийг хөгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөө”, “Зээлийн хүүг бууруулах стратеги 2018-2023” зэрэг бодлогын баримт бичгүүдэд санхүүгийн үйлчилгээний хүртээмж, санхүүгийн зах зээлийн дэд бүтцийг сайжруулахад чиглэсэн хэд хэдэн бодлогын зорилтууд багтаж байна.

Боксын Улсын аварга шалгаруулах тэмцээн эхэллээ

Х.ОЮУНБОЛД

Эр зоригийн гэгддэг  боксын спортод   манай ширэн бээлийтнүүд олимп, дэлхийн аварга, Азийн наадам, түүнчлэн олон улсын чанартай тэмцээнүүдээс алт,мөнгө, хүрэл медаль хүртэж чамгүй амжилт үзүүлж ирсэн. Тэгвэл 2020 онд болох Токиогийн олимпийн өмнөх томоохон  сорилго   Спортын төв ордонд өчигдөр  эхэллээ.  Монгол Улсад боксын спорт үүсч хөгжсөний 70 жил, ХХ зууны манлай, гавьяат дасгалжуулагч В.Батбаярын  нэрэмжит  2018 оны улсын насанд хүрэгчдийн боксын аварга шалгаруулах энэ тэмцээнд 140 тамирчин хүч сорьж байгаа юм. Энэ удаагийн  УАШТ  ОХУ-ын Москва хотод болсон олон улсын “АЙВА”-гийн их хурлаар батлагдсан шинэ дүрмээр явагдаж, тамирчид  эмэгтэй тав, эрэгтэй найман жинд  оролцож байгаагаараа онцлог юм. Тэмцээнд оролцож байгаа тамирчдын ур чадвар тэнцүү сайн  байгаа.  ОУХМ, Азийн наадмын  алтан медальт тамирчин Э.Цэндбаатар, Энэтхэгт болсон эмэгтэйчүүдийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцсон Т.Болортуул болон  залуу тамирчид идэвхтэй  оролцож байгааг  бокс сонирхогчид, багш дасгалжуулагчид ярьж байна.

УАШТ ямар журам, дүрмээр явагдаж буйг энэ тэмцээний Ерөнхий нарийн бичгийн шүүгч Б.Бат-Оршихоос тодруулахад   “АЙВА”-гаас гаргаад буй  шинэ дүрмийн хуучнаас  ялгагдах онцлог нь зөвхөн жинд өөрчлөлт оруулсан.  Тухайлбал, өмнө нь 48, 51 жинд тоглодог байсан бол  одоо  52, 57, 63, 69, 81 жинд тоглодог болж өөрчлөгдсөн” гэлээ.  Тэгэхээр тамирчид  эдгээр жинд   оноолтынхоо дагуу тоглох юм.

Тэмцээний шүүлтийн тухайд УАШТ-ний  хөндлөнгөөс шүүгч,  спортын мастер, боксын холбооны хоёр одтой шүүгч Д.Батдэлгэр “Тэмцээ­ний эхний өдөр хэдий ч   манай тамирчид сайн тог­лож байна. Энэ тэмцээ­нийг зохион байгуулс­наар олон улсын чанартай тэмцээн, олим­под оролцох, улсын шигшээ багийн бүрэл­дэхүүнд оруулах тамирчныг шалгаруулах зорилготой”   гэв.

Тамирчдын сэтгэгдлийг сонирхоход  УАШТ-ний  52 кг-ын жинд тоглосон “Сэлбэ плаза ко” клубын тамирчин, спортын мастер Ц.Жамьянбат “Боксоор хичээллээд 10 гаруй жил болж байна.  Тав дахь жилдээ энэ тэмцээнд оролцож байна.  Надтай  оноолт таарч тоглосон өрсөлдөгч бэлтгэл  сайтай  байгаа нь анзаарагдаж байна.  Ер нь оролцогчид бэлтгэлээ сайн базаасан байна.  Олон ч сайн тамирчин тоглож байна. Миний хувьд  тэмцээний бэлтгэлийг дасгалжуулагч багш н.Баяраагийн удирдлагад  хоёр сар гаруйн хугацаанд  хийсэн.  УАШТ болохоос сар гаруйн өмнө БНХАУ-д   очиж нөхөрсөг тоглолт хийх журмаар бэлтгэл хангасан. Боксын спортоор хичээллэж эхэлснээс хойш Баян-Өлгий аймагт  2014 онд болсон Олон улсын тэмцээнээс хүрэл медаль авсан. Дараа нь  “Өлгий цом”-оос алтан медаль хүртсэн. Энэ удаа амжилтаа ахиулах бодолтой байна” хэмээн сэтгэгдлээ хуваалцлаа.

Монгол Улсад боксын спорт үүсч хөгжсөний 70 жил, ХХ  зууны манлай, гавьяат дасгалжуулагч В.Батбаяр  багшийн нэрэмжит  2018 оны улсын насанд хүрэгчдийн боксын аварга шалгаруулах тэмцээн энэ сарын  9-нийг  хүртэл үргэлжлэх юм байна.

Эх сурвалж:  Зууны мэдээ сонин

Монгол Улсад хавсран суух зарим Элчин сайд нар Итгэмжлэх жуух бичгээ өргөн барив

Монгол Улсад хавсран суух зарим Элчин сайд нар Итгэмжлэх жуух бичгээ өргөн барив

Монгол Улсад хавсран суух Онц бөгөөд Бүрэн эрхт зарим Элчин сайд нар өнөөдөр Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгад Итгэмжлэх жуух бичгээ өргөн барив.

  1. Бүгд Найрамдах Нижер улсаас Монгол Улсад хавсран суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Инуса Мустафа
  2. Бүгд Найрамдах Гана улсаас Монгол Улсад хавсран суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Эдуард Боатенг
  3. Бүгд Найрамдах Чили Улсаас Монгол Улсад хавсран суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Луис Родолфо Шмидт Монтес
  4. Бүгд Найрамдах Кипр Улсаас Монгол Улсад хавсран суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Антонис Тумазис нарыг Итгэмжлэх жуух бичгээ өргөн барьсантай нь холбогдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга тэднийг хүлээн авч уулзсан юм.

Уулзалтын эхэнд Элчин сайд нар Итгэмжлэх жуух бичгийг нь хүлээн авч, ёслол төгөлдөр угтан авсанд талархал илэрхийлж, хоёр улсын хамтын ажиллагааг бүхий л түвшинд өргөжүүлэн хөгжүүлэхэд хичээл зүтгэл гарган ажиллахад бэлэн байгаагаа илэрхийлэв.

Мөн Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Элчин сайд нарыг Монгол Улсад тавтай морилохыг хүсээд, Элчин сайд нар Бээжингээс хавсран сууж байгаа тул ойр, ойрхон Монгол Улсад тухлан саатаж, нийгэм, эдийн засаг болоод хүн ардынхаа нөхөрсөг харилцааг нэмэгдүүлэхийн тулд хичээл зүтгэл гарган ажиллах хэрэгтэйг санууллаа. Мөн Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Монгол Улсыг хавсран суух Онц бөгөөд Бүрэн эрх Элчин сайд нартай улс хоорондын харилцан ашигтай хамтын ажиллагааг хөгжүүлэх болоод хэрэгжүүлж буй төсөл хөтөлбөрийн хүрээнд санал солилцов.

Мэдээний дүрсийг хүлээн авч үзнэ үү:

Монгол Улсад хавсран суух зарим Элчин сайд нар Итгэмжлэх жуух бичгээ өргөн барив

Монгол Улсад хавсран суух Онц бөгөөд Бүрэн эрхт зарим Элчин сайд нар өнөөдөр Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгад Итгэмжлэх жуух бичгээ өргөн барив.

  1. Бүгд Найрамдах Нижер улсаас Монгол Улсад хавсран суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Инуса Мустафа
  2. Бүгд Найрамдах Гана улсаас Монгол Улсад хавсран суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Эдуард Боатенг
  3. Бүгд Найрамдах Чили Улсаас Монгол Улсад хавсран суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Луис Родолфо Шмидт Монтес
  4. Бүгд Найрамдах Кипр Улсаас Монгол Улсад хавсран суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Антонис Тумазис нарыг Итгэмжлэх жуух бичгээ өргөн барьсантай нь холбогдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга тэднийг хүлээн авч уулзсан юм.

Уулзалтын эхэнд Элчин сайд нар Итгэмжлэх жуух бичгийг нь хүлээн авч, ёслол төгөлдөр угтан авсанд талархал илэрхийлж, хоёр улсын хамтын ажиллагааг бүхий л түвшинд өргөжүүлэн хөгжүүлэхэд хичээл зүтгэл гарган ажиллахад бэлэн байгаагаа илэрхийлэв.

Мөн Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Элчин сайд нарыг Монгол Улсад тавтай морилохыг хүсээд, Элчин сайд нар Бээжингээс хавсран сууж байгаа тул ойр, ойрхон Монгол Улсад тухлан саатаж, нийгэм, эдийн засаг болоод хүн ардынхаа нөхөрсөг харилцааг нэмэгдүүлэхийн тулд хичээл зүтгэл гарган ажиллах хэрэгтэйг санууллаа. Мөн Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Монгол Улсыг хавсран суух Онц бөгөөд Бүрэн эрх Элчин сайд нартай улс хоорондын харилцан ашигтай хамтын ажиллагааг хөгжүүлэх болоод хэрэгжүүлж буй төсөл хөтөлбөрийн хүрээнд санал солилцов.

Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд Уралын холбооны их сургуулийн төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа

Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд Уралын холбооны их сургуулийн төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа

Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд өнөөдөр Уралын холбооны их сургуулийн төлөөлөгчид болон тус сургуулийг төгссөн Монголчуудын төлөөллийг хүлээн авч уулзав.

Уулзалтад оролцсон Уралын холбооны их сургуулийн нэгдүгээр проректор С.В.Кортов, тус сургуулийн Хүмүүнлэгийн сургуулийн тэнхимийн эрхлэгч А.С.Палкин болон Төгсөгчдийн холбооны гүйцэтгэх захирал А.В.Пономарёв нар хоёр улсын боловсролын салбарын хамтын ажиллагаа, оюутан солилцоо зэрэг асуудлаар Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболдтой санал солилцож, ярилцлаа.

Тухайлбал, сүүлийн үед ОХУ-ын Засгийн газрын тэтгэлгээр суралцах Монгол оюутнуудын тоо нэмэгдэж байгаа ч орос хэлний чадвар нь муудаж байгаа гэж Уралын холбооны их сургуулийн төлөөлөгчид үзэж байгаа юм байна.

Тиймээс Уралын Холбооны Их сургууль, Эрхүү хотын Байгалийн эдийн засаг, хуулийн сургуулиуд өөрийн улсын дахин нэг сургуулийг оролцуулан, МУИС, МУБИС, ШУТИС-тай хамтран ОХУ-д суралцахаар бэлтгэж байгаа оюутан, сурагчдын орос хэлийг сайжруулах, орос хэлний сургалтыг эрчимжүүлэх төсөл эхлүүлэхээр болсон талаараа танилцуулав. Энэхүү төслийг ОХУ-ын тал бүрэн дэмжиж, тус улсын Ерөнхийлөгчийн дэргэдэх орос хэлийг гадаадад заах сангаас ОХУ-ын талаас гарах санхүүжилтийн асуудлыг нь шийдэж өгөхөөр болсон байна.

Мөн Уралын холбооны их сургуулийн төлөөлөгчдийн танилцуулснаар энэхүү төслийг ирэх онд тохиох Халх голын ялалтын 80 жилийн ойн баярын үеэр буюу Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга, ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путин нарын уулзалтын үеэр дээрх сургуулийн төлөөллүүд гарын үсэг зурж албан ёсоор эхлүүлэх хүсэлт тавьж буйгаа Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболдод илэрхийлэв.

Мөн уулзалтын төгсгөлд хамтран хэрэгжүүлж буй төсөл, хөтөлбөрийн хүрээнд санал солилцож, ярилцлаа. Тухайлбал, тус сургуулийн эрдэмтдийн баг экспедицийн судалгаа хийж, Монголоос олдсон солирын хэлтэрхийнүүдийг судалж байгаа юм байна. Мөн солир судлалын баг солирын хэлтэрхийнүүдийг илүү нарийн судлах, Монголоос олдсон хэмээн регистржүүлэхэд хамтын ажиллагаа илүүтэйтэй шаардагдаж байгаа хэмээв.

Д.Боролзой: Нийгмийн сүлжээнд монгол хэлийг “эвдэх” хандлага давамгайлж байна

Ч.ГАНТУЛГА

Зууны мэдээ” сонин салбар, салбарын тэргүүлэгчид, шинийг санаачлагчдыг “Leaderships forum” буландаа урьж, Монгол Улсын хөгжлийн гарц, боломжийн талаар ярилцаж, тэдний сонирхолтойшийдэл, санаануудыг уншигчиддаа хүргэдэг билээ. Энэ удаагийн зочноор ШУА–ийн Хэл зохиолынхүрээлэнгийн хэл шинжлэлийн салбарын эрдэм шинжилгээний ажилтан Д.Боролзойг урилаа.

ЦАХИМ ОРЧИН НИЙГМИЙН СЭТГЭЛЗҮЙД НӨЛӨӨЛЖ БАЙНА

-XX зууны хүн төрөлхтөний хамгийн том ололт, дэвшилтийн нэг нь интернэт буюу цахим орчин юм. Аливаа дэвшил сайн зүйлүүдийг дагуулахын хамтаар сөрөг зүйл авчрах нь ч бий. Цаг тутамд цахим орчин хөгжсөнөөр бүх зүйлийг өөрчилж байна. Өөрөөр хэлбэл мэдээлэл, харилцаа холбооны хүчирхэг хэрэгсэл болохын хувьд нийгмийн сэтгэл зүй, зан төлөв, хүмүүсийн харилцаа, ялангуяа хэлэнд үзүүлэх нөлөө багагүй байгааг та бид харсаар байна.

 

БЛИЦ:

-Нийслэлийн I дунд сургууль

-МУИС-ийг монгол хэл, уран зохиолын багш, судлаач мэргэжлээр төгссөн.

-Одоо ШУА-ийн Хэл зохиолын хүрээлэнгийн Хэл шинжлэлийн салбарт эрдэм шинжилгээний ажилтан

Мэдээллийн урсгал мэдээж хэлээр дамжина. Жилээр биш сар өдрөөр өөрчлөгдөн хувьсаж байгаа энэхүү мэдээлэл, технологийн хурд монгол хэлэнд маань ч хурдтай нөлөөлсөөр удлаа. Үүний уршигаар эх хэл маань тодорхой хэмжээгээр бохирдох, эвдрэх, нөгөө талаар өөрчлөгдөж, хөгжих нэгэн хөрс суурь нь болж байна. Цахим орчныг хянах боломж муутай. Тэр хэрээрээ монгол хэлэнд нөлөөлж байгаа нөлөө нь бас хяналтгүй, судалгаа багатай, чиг баримжаагүй байна гэж хэлж болох юм. Үүнээс улбаалаад “Цахим орчинд монгол хэл мөхөөд байна уу, хөгжөөд байна уу” гэдэг асуулт  гарна. Мэдээж бүх зүйл хоёр талтай байдаг. Нэг талаар монгол хэлийг улам баялаг агуулгатай, хөгжил хөдөлгөөнтэй, үгийн сангийн хувьд шинэ үг, ойлголтоор баяжуулж, найруулгын олон өнгө төрхтэй болгох талаасаа хөгжүүлж байгаа боловч нөгөө талаар монгол хэлийг эвдэх, харь үгийн замбараагүй хэрэглээ нэмэгдэх, бүх нийтэд буруу үлгэр дуурайл болж буйг нь харахад сөрөг тал нь давамгайлах хандлагатай байна. Монгол хэлний энэхүү хувьсал, өөрчлөлт нь хэл шинжлэлийн судлагдахуун болохоос гадна нийтийн дунд олон маргааныг үүсгээд байгаа юм. Цахим орчин монгол хэлийг “мөхөөж” эсвэл “хөгжүүлж” байгаагийн аль нь болоход эрдэм шинжилгээний үндэслэлтэй хариулт өгөх шаардлага судлаачдын судалгааны чухал зорилт болж байна.

МОНГОЛООР НЭРЛЭЖ БОЛОХ ЗҮЙЛИЙГ ГАДААДААР БИЧИЖ БАЙГААГ ЗӨВТГӨМӨӨРГҮЙ БАЙНА

-Монгол хэл шинжлэлд болоод буй энэ үйл явцыг нэг хэсэг “блогийн хэл”, “цахим хэл” зэргээр ярих төдий л байлаа. Хэлийг бохирдуулж байгаа талаас нь шүүмжлэхээс бус шинжлэх ухаанчаар судлах талаар хараахан учир дутагдалтай байсан гэж хэлж болно. Гэвч техник технологийн дэвшил, хөгжлөөр дэлхий нийттэй хөл нийлүүлэн алхаж байдгийн хувьд монголчуудын дунд цахим хэрэглээ нэвтэрсэн үеэс л монгол хэлэнд тохиолдох болсон цахим орчны хэрэглээний талаарх судалгаа бусад улс орнуудтай харьцуулахад хожуу ч гэлээ хийгдэж байна. Тухайлбал, Өвөрмонголд докторын зэрэг хамгаалсан Б.Энхмаагийн “Интернэтийн хэл шинжлэл” хэмээх бүтээл гарсныг дурдаж болох юм. Цахим орчны хэлийг судалдаг хэл шинжлэлийн нэгэн шинэ чиглэл үүссэн нь “интернэт хэл шинжлэл” буюу “internet linguistic” юм. Аливаа хэлний хамгийн чухал үүрэг харилцах. Мэдээж цахим орчинд монгол хэл энэхүү харилцааныхаа үүргийг хамгийн сайн биелүүлж байна. Гэхдээ анхаарах олон асуудал бий. Зарим нэгээс нь л дурдъя. Харь үгийн замбараагүй хэрэглээ цахим орчинд их байна. Дан өөрийн үгнээс бүрдсэн “цэвэр” хэл гэж хаа ч байхгүй. Тодорхой хэмжээгээр харь үгээр монгол хэл баяжиж байгаа нь хэвийн зүйл л дээ. Гэхдээ монголоор нэрлэж болох зүйлийг шууд гадаадаар бичиж, ярьж байгааг зөвтгөмөөргүй байна. Ихэвчлэн англи хэлнээс шууд орчуулахгүйгээр гадаад үг орж ирэх нь элбэг болж. Аливаа хэлэнд тухайн ойлголтыг заасан нэр үг харь хэлнээс тодорхой хэмжээгээр орж ирэхийг тийм ч аюултай биш гэж үздэг. Харин үйл үг нэвтэрвэл аюултай. Үйл үг нь тухайн хэлний уугуул, гол бүрэлдэхүүн хэсэг бөгөөд аливаа хэлний язгуур үйл үгийн дотор харь хэлний үг байх ёсгүй гэж үздэг. Гэтэл цахим орчинд шэйрлэх, сийндэх, постлох, мэйлдэх, сэлфидэх, копидох, сэйвлэх гэх мэт үг бидний өдөр тутмын ярианы хэв маяг болсон. Мөн монголчууд аливаа зүйлд уулга алдаж, гайхахдаа “хөөх” гэж хэлдэг бол цахим орчинд ялангуяа залуучууд “woow” гэж бичиж байна. Энэ нь сүүлдээ ярианы хэлэнд “ваув” гэж гадаадаар уулга алдах болцгоосон нь харамсалтай.

ЗӨВ БИЧИХ ДҮРМИЙН АЛДААТАЙ БИЧИХ НЬ ХЭВИЙН ЗҮЙЛ БОЛЖЭЭ

-Хуучин цахим орчин байхгүй, эх хэлний сургалт сайн, ном хэвлэлийг хянаж хэвлэдэг, нийгэмд үлгэр дуурайл үзүүлдэг хэвлэл мэдээллийн байгууллага нь цэгцтэй байдаг байлаа. Өөрөөр хэлбэл бүх зүйл нь замбараатай. Одоо нөхцөл байдал эрс өөр болжээ. Хуучин байдлыг нэхэх угаасаа утгагүй. Шинэ нөхцөл байдалдаа тохирсон арга хэлбэрээр аливаад хандахыг л цаг үе биднээс шаардаж байна. Жишээлбэл, зөв бичих дүрмийн алдаатай бичих нь хэвийн зүйл болжээ гэж олон нийт шүүмжилдэг. Үнэхээр бодит байдал ийм л байгаа. Үүнд цахим орчин хамгийн хүчтэй нөлөөлж байгаа яахын аргагүй үнэн. “Фэйсбүүк”, “Твиттер” гэх мэт нийгмийн сүлжээгээр хүмүүс хоорондоо харилцахдаа зөв бичгийн дүрмээ баримтлахгүй бичих нь түгээмэл. Нэг талдаа богино зайд, хурдан хугацаанд сэтгэлийн өнгө аясаа илэрхийлэх үүднээс хувийн харилцааны орчиндоо “алдаатай” бичиж байгааг ойлгож болох талтай. Гэхдээ энэ байдал нь бусаддаа, залуучуудад, хүүхдүүдэд буруу үлгэр дуурайл үзүүлээд зогсохгүй албан харилцаанд буюу олон нийтийн эх хэлний боловсролд сөргөөр нөлөөлөөд байгаа нь маргашгүй үнэн. Олон нийтэд хандаж бичсэн зүйл, ажилд орохдоо бичсэн өргөдөл, албан бичгийг нөгөө “мессеж”-ийн хэлээр бичих нь буруу. Хүн гэрт өмсдөг хувцастайгаа гадуур явдаггүй. Олон нийтийн газар соёлтой хувцасладаг шүү дээ. Үүнтэй адил аливаа хүн бусадтай харилцахдаа хувийн харилцааны орчин, албан ёсны харилцааны орчноо ялгаж салгадаг байх ёстой. Мөн “Хэл яриа бол хүн өөрөө юм” гэсэн үг байдаг. Хүнийг харилцаа болон ярианаас нь хэн бэ, хэр соёлтой вэ, ямар боловсролтой вэ, амжилттай яваа хүн мөн үү гэдгийг мэдэж болдог. Тиймээс хүн өөрөө хэл найруулгын хувьд нийгмийн сүлжээнд ч хичээх хэрэгтэй гэж бодож байна. Нэг өгүүлбэр бичээд л нэлээд хэдэн зөв бичих дүрмийн алдаа гаргачихдаг УИХ-ын гишүүн ч нийгмийн сүлжээнд харагддаг. Бусдад бүх талаар үлгэр болох ёстой хүн эх хэлний боловсролын хувьд ийм тааруу байгаа нь гайхмаар зүйл юм даа.

ӨӨРИЙН УУГУУЛ ҮГНЭЭС БҮРДСЭН ХЭЛ БАЙДАГГҮЙ

-Манай салбарын судлаачид сүүлийн үед нийтийн эх хэлний боловсролд чиглэсэн “Монгол хэлний их тайлбар толь” буюу www.mongoltoli.mn-ийг вэб сайтаар болон гар утасны апплейкшн үзэж болох хувилбарыг хөгжүүлж дууслаа. Үүнээс монгол хэлнийхээ үгийн тайлбар, зөв бичих дүрмийн эргэлзээтэй олон асуултад хаанаас ч, хэзээ ч хариулт авах боломж бүрдсэн. Мөн манай эрдэм шинжилгээний тэргүүлэх ажилтан, доктор Э.Пүрэвжав “Монгол хэлний хэм хэмжээ” хэмээх ганц сэдэвт бүтээлийг бичиж дуусгаад хэвлүүлэх гэж байна. Түүнчлэн манай судлаачид олон нийтийн эх хэлний боловсролд зориулсан сурах бичиг болох “Нийтээр эзэмших монгол хэл” бүтээлийг МУИС-ийн судлаачидтай хамтарч гаргасан. Энэ мэт дурдьвал олон ажил бий. Дан өөрийн уугуул үгнээс бүрдсэн хэл байдаггүй гэж би дээр хэлсэн. Ертөнцийн хязгаарт байдаг гадаад ертөнцөөс тусгаарлагдсан омог биш л бол тийм боломж ч байхгүй. Тэгэхээр гадаад хэлнээс үг хянасан ч орж ирнэ, хянаагүй ч орж ирнэ. Энэ нь буруу биш. Монгол хэл гадаад үгээр баяжиж бас хөгжинө. Миний бие судлаачийн хувьд яг одоогийн энэ цаг үед харь үгэнд монгол хэл тийм аюултай эзлэгдээд, дийлэгдээд байгаа зүйл байхгүй гэж боддог. Баримттай судалгаа л ярих нь зөв байх. Өнгөрсөн жил нэг жижиг судалгаа хийж үзлээ л дээ. Өдөр тутмын сонин ер нь хэдэн үгтэй байдаг юм бол. Харь үгийн хэрэглээ ямар төвшинд байгааг бодитоор харах зорилгоор. Гэтэл их өөр үр дүн харагдсан. 2017 оны “Өдрийн сонин”-ы нэг дугаарын үгийн давтамжийг тооцоолж үзэхэд нийт 5117 үгээс бүрдэх бөгөөд нийт үгийн 4.9 хувь нь харь үг байгаа үр дүн гарсан. Харин үүнийгээ харьцуулах зорилгоор 30 жилийн өмнөх 1987 оны “Үнэн” сонины нэг дугаарын үгийн давтамжийг тооцоолж үзэхэд бүх үгсийг  6.3 хувь нь харь үг байсан л даа. Энэ нь харь үгийн хэрэглээ өмнөхөөсөө ихэссэн биш харин ч багассан дүр зураг харагдаж байгаа юм.

ХЭЛ БОЛ АРД ТҮМНИЙ ӨМЧ

-Цахим орчинг хянах боломжтой бол хянахсан. Даанч тийм боломж байхгүй. Басхүү хянаад ч яахсан билээ. Хэл бол ард түмний л өмч шүү дээ. Тэгэхээр судлаачид тусалж л болох юм. Харь үгийн хэрэглээний хувьд хяналт, зохицуулалтыг ямар нэг судалгааны газрыг төрөөс нэхэхээсээ өмнө бид өөрсдөө хариуцлагатай хандмаар санагддаг. Хамгийн энгийн жишээ хэлье. Манай барилгын компаниуд орон сууцны хорооллууддаа монгол нэр өгч чадахаа байжээ. “Bella vista”, “Asem villa”, “River garden”, “Time square”, “Encanto town”, “Buddha vista”, “Viva city”, “X apartment” гэх мэт. Хэдий “Нарны хороолол”, “Энхжин хотхон”, “Ургах наран”, “Хүннү хороолол”, “Соёмбо хотхон”, “Саруул хороолол” гэсэн монгол нэртэй нь байх ч харь үгээр нэрлэсэн нь хавьгүй их. Уг нь гадаад хүнд зориулаагүй, монгол нутагтаа байх монгол хүндээ л зориулсан биз дээ. Энэ нь бид өөрийнхөө хэл соёлыг гадны хэн нэгэн биш монгол хүн өөрсдөө л доош хийж байгаагийн наад захын жишээ. Гадаад нэртэй л бол тансаг сайхан, монгол нэртэй бол муухай гэсэн санаа яваад байх шиг. Бүх нийтийн хэлний боловсролд хамгийн их нөлөөтэй хүмүүс бол сэтгүүлчид та нар. Хэвлэл мэдээлэл үнэхээр хүчирхэг. Тэгэхээр сэтгүүлчид өөрсдөө цахим орчинд хичээж, олон түмэнд зөв үлгэр дуурайл болоосой гэж боддог. Өнөөгийн залуусын зөв бичгийн дүрмээ ч мэдэхгүй байгаад дунд сургуулийн монгол хэлний сургалт их нөлөөтэй гэдэгт санал нэгдэж байна. Монгол хэлний хичээлийн цагийг нэмэхээс гадна сурах бичгийн чанарыг сайжруулах шаардлага тулгарчээ. Түүнчлэн нөгөө л олон нийтийн шүүмжлээд байдаг дунд сургуулийн сургалтад монгол хэл, уран зохиолын цагийг багасгаснаас ч бас шалтгаалсан биз. “Word” дээр зөв бичгийн дүрмийн алдаа засдаг “Болор дуран” гээд программыг нэгэн хувийн компани хийсэн. Хүмүүс хэрэглэж байгаа харагддаг. Цаашдаа нийгмийн сүлжээний харилцаанд ч зөв бичгийн дүрмийн алдааг нь засдаг, үг товчилж бичихэд оновчтой хувилбарыг нь санал болгож тусладаг программ зохиох боломж байгаа байх аа.

МОНГОЛ ХЭЛ ХЭДЭН ҮГТЭЙ ВЭ ГЭДГИЙГ СУДЛААЧИД Ч ХЭЛЖ ЧАДАХГҮЙ БАЙНА

-Залуучуудын хэл яриаг их шүүмжилдэг л дээ. Аль ч цаг үед залуучуудын өөрийн онцлогтой, этгээд хэлийг өмнөх нь үе нь шүүмжилсээр л ирсэн байх. Манайхны үндэсний үзэл сэргэж буй нь сүүлийн үед улам ч их анзаарагдах боллоо. Энэ хандлага залуучуудын эх хэлээрээ зөв сайхан ярих хандлагыг ч “сэрээх” байх гэж боддог. Монголчууд шиг 10 гаруй бичиг үсгийг өөрсдөө зохион хэрэглэж, түүгээрээ түүх, соёл, хэл бичгийн арвин баялаг өв үлдээсэн ард түмэн бараг л байхгүй. “Монгол бичиг номын өв” хэмээх бүтээлд монгол, соёмбо, тод, дөрвөлжин, вагиндра үсгээс авахуулаад хожим хэрэглэх болсон латин, крил бичгээр монголчууд ямар, ямар оюуны их өв, хамгийн гол нь ямар агуулгатай түүх соёлын үнэ цэнтэй зүйл үлдсэн бэ гэдгийг гэрэл зургаар ойлгомжтой харуулж, сонирхолтой мэдээллээр баяжуулан ойлгуулахыг хичээсэн. Одоо бид Хэл зохиолын хүрээлэн дээрээ “Монгол хэлний үгийн давтамжийн толь” хийж байна. Энэ яриа, албан бичгийн, уран зохиолын, шинжлэх ухааны, сонин нийтлэлийн гэх мэт найруулгын төрлүүдээр хэдэн сая үгтэй сан бүрдүүлээд түүнийхээ давтамжийг тооцоолон гаргаж хийх юм. Монгол хэл яг хэдэн үгтэй вэ гэдэг тодорхой тоог энгийн хүмүүс байтугай судлаачид нь ч сайн хэлж чадахгүй байна. Академич Б.Ринчен гуай л монгол хэлний үгийг “бараг сая гаруй үгтэй”, “гурван сая шахам үг бий”, “долоон буман үг бий” гэх мэт нэлээд олон өөр тоо хэлсэн байдаг. “Монгол хэлний үгийн давтамжийн толь” хэвлэгдснээр ядаж л монгол хэл маань өнөөгийн байдлаар хэдэн үгтэйг мэдэж авах боломжтой болох юм. Мөн хүүхдэд зориулсан сурах бичгийг хамгийн идэвхтэй энгийн ойлгомжтой үгээр бичих, толь бичгийн тайлбарыг хамгийн ойлгомжтой үгээр хийх, улс төрчид хууль боловсруулахдаа хамгийн идэвхтэй эдгээр үгсийг ашиглах, хүүхдүүд болон монгол хэл сурч байгаа гадаад хүмүүст зориулсан уран зохиолын хялбаршуулсан ном бүтээх зэрэг олон ажлын суурь болж өгөх юм.

Эх сурвалж: Зууны мэдээ сонин

Бодит амьдралаас сэдэвлэсэн “Уран хас” балет 45 нас хүрлээ

Ч.Гантулга

Төрийн шагналт, Ардын жүжигчин, Зууны манлай хөгжмийн зохиолч Ж.Чулууны мөнхийн бүтээл болох “Уран хас” балет 45 нас хүрлээ. Энэ бүтээл 1973 оны арванхоёрдугаар сарын 30-ны өдөр анх үзэгчдийн хүртээл болсон түүхтэй. Удирдаачаар Ч.Жамсранжав ажиллажээ. Бүжиг дэглээчээр Хөдөлмөрийн баатар, Ардын жүжигчин Б.Жамъяндагва, зураачаар Ардын зураач Ч.Гунгаасүх ажилласан түүхтэй. Харин Хасын дүрд Д.Батхүрэл, Хандармаад Ю.Цэрмаа бүжиглэжээ. Үүнээс хойш үе үеийн шилдэг уран бүтээлчид болох Э.Оюунбат, Ю.Оюун, Н.Эрдэнэцэцэг нарын авьяаслаг бүжигчид Хандармаа, Хасын дүрд гоцолсон байдаг. Ж.Чулуун гуай “Уран хас” балетаа бодилт амьдралаас сэдэвлэсэн гэдэг. Хөвсгөл аймгийн Жаргалант сумын иргэн Н.Гэлэнхүү тэнгэрт эрх дураараа дүүлэн нисэх шувуудын адил нисэхийг хүсдэг байжээ. Мөрөөдөлдөө хөтлөгдөн суманд нь байх 200 метрийн өндөртэй “Дүнтэр” цохион дээрээс үсэрчээ. Улмаар хоттой хонин дээр газардсан тулдаа амьд үлдсэн тухай яриаг Ж.Чулууэн гуай анх сонсоод “Уран хас” балетаа бичсэн аж. Балетад яг л тийм дэврүүн мөрөөдөлтэй нэгний тухай өгүүлдэг юм. тус балетыг 40 жилийн ойгоор нь нотыг нь дижитал хэлбэрт шилжүүлсэн аж.

ХОШУУ НОЁНЫ “ДИВААЖИН” УРЛАН

 

Хангай нутаг. Идэр мөрний хойд хөвөө, уулархаг хадан хясаагаар хучигджээ. Хясааны хажууханд ганц холтсон бор гэр байх агаад тэр гэрт уран Хас  ээжийн хамт амьдран суух  аж. Хас жигүүртэн мэт нисэн дүүлэх хүсэлдээ хөтлөгдөн шувууны далавч урлаж байтал түүний сэтгэлт  бүсгүй Хандармаа ирснээр үйл явдал эхэлдэг. Хас нутгийн гурван бүсгүйд далавчаа үзүүлж, өндөр хясаанаас үсэрч, шувуу мэт нисэх тухайгаа өгүүлсэн ч тэд итгэсэнгүй. Харин ч тоглоом тохуу хийцгээнэ. Энэ үед Хас хясааны орой дээр гарч үсрэхээр завдахад гурван хүүхэн ихэд айж сандарцгаав. Хас өндөр хадан хясаанаас үсэрч, энх тунх бууж ирэхэд Хасын төлөө айн сандарсан Хандармаа үнэн сэтгэлээсээ баярлан хөөрдөг. Бүрий болж нутгийн залуус тарцгаахад сэтгэлт хос хайр сэтгэлээ илэрхийлэн тоглон наадна. Ийнхүү дуурийн нэгдүгээр үзэгдэл өндөрлөдөг. Харин хоёрдугаар үзэгдэл эхлэхэд Хасын авьяасын тухай сонссон хошуу ноён түүнийг Хүрээ рүү дуудуулж буйгаа эхэлнэ. Ноёны “Диваажин” урлан. Хас ноёны даалгасан бүтээлийг хийж сууна. Хошуу ноён түүний хийсэн хүүхэлдэйнүүдийг үзэж нэгийг голж нөгөөг шилэн авав. Удалгүй Хас хүрээнээс зугтаж, нутагтаа ирдэг. Түүний урласан 12 жилээр хийсэн эрдэнийн цаг үнэхээр гайхамшигтай бүтээл болжээ. Нутгийн хүмүүс шагшин магтаснаар балет төгсдөг.

ЭНЭ ЖИЛИЙН “АВЬЯАСЛАГ МОНГОЛЧУУД” ШОУ ТИЙМ Ч СОНИРХОЛТОЙ БАЙЖ ЧАДСАНГҮЙ

“Монгол HD” телевиз “Авьяаслаг Монголчууд” шоуг 3 дахь жилдээ үзэгчдийн хүртээл болгож байгаа билээ. Телевизийн салбарын шоу нэвтрүүлгүүдээс хамгийн өндөр буюу 100 сая төгрөгийн шагналын сантай гэдгээрээ уг шоу онцлогтой юм. Энэ утгаараа шоуг зохион байгуулах зардал ч өндөр байгаа нь мэдээж.

Энэхүү шоуны хамгийн чухал хүмүүс бол яах аргагүй шоуны шүүгчид юм. Мөн үзэгчдийг баясгаж, үргэлж тэдний талд бат найдвартай зогсдог хөтлөгчгүйгээр энэ шоуг төсөөлөхийн аргагүй. Энэ жилийн шоуны хөтлөгч Б.Мандуул “ганц дайчин ганцаардахгүй” гэгчээр өөрийнхөөрөө, хөгжилтэй сайхан хөтөллөө. Ганцаараа үзэгчдийн сэтгэлд хүртэл шоуг хөтөлнө гэдэг тийм ч амар биш нь ойлгомжтой.

Харин шүүгчдийн хувьд Рокит Бэй шүүгчээс бусад нь сэтгэлд хүрсэнгүй, арай л дэндүү гэмээр “уйланхай” байлаа. Ариунбаатар шүүгч ч гэсэн эр хүн гэлтгүй хэд хэдэн удаа нулимс унагаж харагдсан. Гадаадын шоу нэвтрүүлгүүд дээр эмэгтэй шүүгчид ганц нэг нулимс унагаж л харагддаг. Тэглээ гээд гадаадын шүүгчдийг дуурайж байнга нулимс унагаад байх нь тийм ч сонин бус, худлаа харагдаж байлаа. Ялангуяа Анужин шүүгч 8 оролцогчийн, илбэчний шалгаруулалт дээр арай дэндүү “жүжиглэчихлээ”. Миний бодлоор тэр илбийн хөтөлбөр дээр уйлаад байх юм байхгүй л харагдсан, сайхан инээж байгаад л оролцож болохоор. Гэтэл Анужин шүүгч “монгол”, “ээж” гэдэг үг сонсохоороо л уйлаад байдаг хүн үү дээ. Дэндүү уйтгартай санагдсан, ямар “хүмүүнлэгийн шоу”-нд оролцож байгаа биш дээ. Ингэж хэтэрхий хэлбийлгээд байх нь шоугаа ч сонирхолгүй болгож байна.

Шоунд шалгарагсдаас илбэчин С.Билэгт, бөмбөрчин Б.Дуулал, хөгжмийн гайхамшгийг үзүүлсэн Б.Нарандэлгэр нараас бусад нь байнга л үзэж байдаг үзүүлбэрүүд байлаа. Шүүгчид тухайн үеийн сэтгэлийн хөөрлөөр үзүүлбэрүүдийг дүгнэх нь өрөөсгөл юм. Харин уг шоуг дэлхийн хэмжээний гэдэг утгаар нь “томоор сэтгэж” харьцуулалт хийж шүүсэн бол дээр байлаа. Байдаг л нэг номер дээр “юм үзээгүй юм шиг” хөөрөөд байх нь шоуг сонирхолгүй болгож байна.

Цаашдаа шүүгчдийн багийг олон талаас нь шүүж чадах чадварлаг шүүгчдээр бүрдүүлэх хэрэгтэй. Ингэж байж л жинхэнэ “авьяаслаг монгол” тодрох буй за.

Шүүгчдийн дургүйг хүргэсэн бол хүлцэл өчье.

Сэтгүүлч Н.Лхамсүрэн