СОГТУУ ЭР ААВЫГАА ЗЭРЛЭГЭЭР ХӨНӨӨЖЭЭ

Сархад савнаасаа бусдыг дийлдэг гэдэг. Олон ч хүн согтуудаа гэмт хэрэг үйлдэж, “аавын” хаалга татсан нь бий. Өнгөрсөн ням гаригт л гэхэд хүн амины ноцтой хэрэг гарсан нь мөнөөх л бор дарснаас үүдэлтэй аж. Тодруулбал 47 настай Г гэгч эр согтуудаа аавыгаа олонтаа хутгалж хөнөөжээ.Талийгаач 74 настай бөгөөд дал, мөр, гар, цээжиндээ олонтаа хутгалуулсны улмаас их хэмжээний цус алдаж,хорвоог орхисон аж. Хэргийн газраас олдсон архины шилийг эд мөрийн баримтаар хурааж авсан ба хэргийг Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн хэлтэст шалгаж байна.

А.ПИРЛО ХАМГИЙН БОХИР ТОГЛОДОГ ХӨЛБӨМБӨГЧ

“FourFourTwo” сэтгүүл бүх цаг үеийн хамгийн бохир тоглолттой хөлбөмбөгчдийг шалгаруулжээ. Жагсаалтыг Италийн шигшээ багийн хагас хамгаалагч асан Андреа Пирло тэргүүллээ. Бразилд 2006 онд болсон дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд түрүүлсэн түүний удаад Английн Дэвид Бекхэм, Голландын Йохан Круифф нар оров.Мөн Жорж Бест (Умард Ирланд),Жей-Жей Окоча(Нигери), Дэвид Жинола,Эрик Кантона (хоёул Франц), Димитар Бербатов(Болгар),Ференц Пушкаш(Унгар), Роналдинью (Бразил), Хаби Алонсо (Испани), Сократес(Бразил), Рууд Гуллит, Эдгар Давидс(хоёул Голланд)нар багтсан байна. Харин ЗХУ-ын домогт хаалгач Лев Ящинийг эл сэтгүүл 15-рт оруулжээ.

ХЭРЭЭ ЭМЭГТЭЙЧҮҮД РҮҮ ДАЙРЧЭЭ

Таван эмэгтэй Гүржийн Костава хотын төв гудамжинд хэрээнд ойртосныхоо дараа нийслэлийн эмнэлэгт хандав.Тус эмнэлэгт ажилладаг эмч “Бага зэргийн гэмтэл авсан тэдэнд эмнэлгийн зохих тусламж үзүүлсэн”гэж ярьсан байна. Харин Тбилиссийн амьтны хүрээлэнгийн захирал Зураб Гуриелизе “Үүрнээсээ унасан дэгдээхэйгээ бусдаас хамгаалсан “хэмээн” гэмт хэрэгтэн”хэрээг өмөөрсөн аж.

ТАЛИЙГААЧ ЖОРЖ ФЛОЙДЫН ГЭР БҮЛД 13 САЯ ДОЛЛАР ХАНДИВЛАВ

АНУ-ын Миннеаполис хотод цагдаа нарын гарт амь үрэгдсэн 46 настай африк гаралт америк эр Жорж Флойдын гэр бүлд үзүүлэх тусламжийн санд 13 сая орчим доллар цугласан байна. Энэ тухай TMZ мэдээний портал мэдээлэв.Түүний мэдээлснээр дэлхийн 125 орны хагас сая гаруй хүн хандив өргөжээ. Энэ нь хандивлагчдын тоон үзүүлэлтээр дээд амжилт тогтоосон аж.

АЛТ ба МОНГОЛ

Алт гэдэг нь Менделеевийн үелэх системийн 79 дэх элемент. 11000-т хайлдаг. Au гэсэн тэмдэглэгээ бүхий Aurum гэдэг үгний товчлол. Орчуулбал “Нарны туяа” гэсэн утгатай.

Алтыг яагаад хүн төрөлхтөн дээдэлдэг вэ?

Мандан бадрахын бэлгэдэл, наран ургах гэх утга агуулгатай. Монголчуудын хувьд “галын дөл өөдөө” гэдэг утгаар галтай зүйрлэж үздэг. Хүний сэтгэл татахуйц нүд гялбам өнгөтэй. Сэтгэл судлалын үүднээс авч үзвэл, алт урам зоригийг бадраах, урагшлах эрч хүчийг өгдөг гэж үздэг.

Шижир алт гэж байдаг. Энэ нь 999.9 сорьцтой буюу 1 кг алтны 999.9 гр нь алт, үлдсэн 0.001 гр буюу маш бага хэмжээний өөр металл байна гэсэн үг. Ийм алтны нягт нь 20гр/см3. 1см3 гэдэг бол уртаараа 1, өргөнөөрөө 1, өндрөөрөө 1 гэсэн шоо, дотор нь 20 гр алт ордог гэсэн үг. Тэгвэл 1см3-д 20гр алт ордог бол 1м3-д 25гр алт орно.

Өнгөрсөн 2018 онд Монгол улс 20 тонн алт худалдлаа, энэ нь рекорд амжилт байлаа гэж ярьсан. Гэхдээ энэ нь цэвэр биш, бохир алт л даа. Өөрөөр хэлбэл сорьц нь янз бүр гэсэн үг. Энэ 20 тн бохир алтыг цэвэршүүлээд шижир алтан гулдмай болгох юм бол 20 тн-оос багасаад 16-18 орчим тонн болно. Энэ нь ойролцоогоор 700 сая орчим доллар болно гээд бодохоор алт гэдэг ямар үнэ цэнэтэй вэ гэдэг нь харагдаж байна.

Жишээ нь, алтыг нүүрстэй харьцуулж үзье. Нэг вагон нүүрс хэр том бэ гэдгийг бид мэднэ. Нэг вагон нүүрсийг дунджаар 60 тн гэж үзээд, үүнийгээ 100 доллараар зарчихлаа гэж бодъё. Нэг вагонд 60 тонн нүүрс багтлаа гэхэд 1 тн нүүрс 6000 доллар. Харин 1м3-д байгаа алт 600-700 сая доллар байх нь.

Эндээс харахад алт бол тээвэрлэхэд жижигхэн, овор хэмжээ багатай гэдэг утгаараа давуу талтай байдаг. Мөн дээрээс нь алт бол олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн хатуу валют. Төгрөг, доллар, евро… гээд бүгд цаасан эдийн засагт орно. Тэгэхээр энэ дэлхий дээр бүхэлдээ цаасан эдийн засаг явагдаж байна гэсэн үг. Цаасан эдийн засгийг банкууд хүсвэл хэвлэж болно. Ийм эдийн засгийн орчинд маш хязгаарлагдмал шавхагддаг нөөц бүхий алт нөгөө талд нь байна. Тэгэхээр цаасан мөнгө хэвлэгдээд, цаасан мөнгө үнэгүй болох тусмаа алтны үнэ цэнэ өснө гэсэн үг. Энэ нь ч түүхээр харагддаг. 1975 онд 1 унц алт 30 доллар байсан (1 унц алт 31 гр). 2008 он (хямралын үе байсан) гэхэд 700 доллар болсон. Өнөөдөр буюу 2020 онд 1600 доллар болсон байна. Цаашдаа 2500 болно гэсэн таамаглал явж байна. Гэвч энэ мэдээлэл баталгаатай биш боловч үгүйсгэх аргагүй юм, учир нь байнга өсөлттэй явж байгаа билээ.

Алтаар юу хийж болох вэ?

  • Алт бол их уян хатан, зөөлөн. 1 унц алтаар 80 км утас хийж болно (нарийхан).
  • Хавтгайлж нимгэлээд 9м2 талбай бүхий хавтан хийж болно (3м, 3м-ийн талбайг бүрхэх).
  • Хоолонд хийж болно (Азийн орнууд шингэн уух зүйлдээ хийж хэрэглэдэг. Ходоод гэдсэнд их сайн гэж ярьдаг).
  • Алт бол маш сайн дамжуулагч гэдэг утгаараа электрон бараа, анагаах ухааны тоног төхөөрөмжинд байнга орж байдаг орц материал болдог.

Гэх мэтээр алт гэдэг бол ийм сонин өвөрмөц шинж чанартай үнэт металл байх нь. Нэг талаасаа үнэт металл, нөгөө талаасаа валют. Доллараас ч хатуу валют. Учир нь доллар хэвлэгдээд байхад л алтны үнэ өсөөд байдаг.

Дэлхий дээр жил бүр ямар хэмжээний алтны эрэлт, нийлүүлэлт байдаг вэ?

  • Алтны 50 гаруй хувь нь үнэт эдлэлийн эрэлт (алтан зүүлт, хэрэгсэл),
  • Нийт эрэлтийн 8% нь технологийн эрэлт (электрон бараа, тоног төхөөрөмжийн хэрэгсэл),
  • 28% нь инвенсмент буюу биет алтан гулдмай хэлбэрээр (биетээр хөрөнгө оруулалт хийгээд байна гэсэн үг),
  • 10% нь Централ банк, алтаар баталгаажсан сангууд (энэ бол санхүүгийн таталцах талаасаа валютын хэлбэрээр, хөрөнгө оруулалтын хэлбэрээр ашиглаад байна гэсэн үг). Энэ мэтээр дэлхийд жилдээ 4500 орчим тонн алтыг хэрэглэдэг гэсэн тооцоо гардаг.

Хамгийн их алтны нөөцтэй орон бол Америк, Герман… гэх мэтээр явдаг. Манай улсын хувьд алтаа гадагш нь гаргаад, зараад байдаггүй бол боломжийн нөөцтэй байх бололцоотой улс. Азидаа үйлдвэрлэлээрээ эхний 5-д ордог үйлдвэрлэгч улс билээ.

Дашрамд дурдахад, Монгол Улс алтыг маш ихээр олборлож байна. Алтаа олборлоод арилжааны банкуудад худалддаг. Арилжааны банкууд нь Монгол банк руугаа зардаг. Монгол банк нь цаашаа экспортонд гаргаад доллар болгодог. Ийм л процесс Монголд явж байна.

Харамсалтай нь, өнгөрсөн 30 жилийн хугацаанд маш их алт олборлоод бүгдийг нь л гадагшаа зараад байна. Энэ цаг хугацааны явцад алтны нөөц мэдээж дуусна. Нөөц дууссан үе буюу 30, 40 жилийн дараа алт гэдэг зүйл Монголд байхгүй болно. Энэ үед хүмүүс “Монголд алт байсан юм гэнэ лээ” гэж ярина. Өөрөөр хэлбэл, хойч үед маань алт байхгүй болно. Энэ бол маш гунигтай зүйл.

Ийм учраас Монгол банк өнгөрсөн жилээс эхлэн 1 унц буюу 999 сорьцтой алтан гулдмай гаргасан. Энэ нь хүмүүсийн таашаалд их хүрч байгаа. Ерөнхийдөө энэ бүтээгдэхүүний гол утга агуулга, консевц нь юу вэ гэхээр, энэ алтан гулдмайг авсан хүн насан туршдаа хадгалж, үе дамжиж үлдээдэг байвал энэ нь Монголд алт байсны гэрч болох юм л даа.

Олон улсад бол олборлосон алтаа гаргахгүйгээр дотроо хөрөнгө оруулагчид, иргэд, аж ахуйн нэгжүүд нь алтыг биет бусаар хоорондоо арилжаалж, олон улсын алтны ханшийг өсгөөд, тэндээсээ өөрсдөө ашиг хийдэг ийм системтэй байдаг. Өөрөөр хэлбэл, хоёрдогч зах зээл гэсэн үг. Манай улсын хувьд, компаниуд олборлоод арилжааны банкинд авчирч өгнө, арилжааны банк нь Монгол банкинд өгч, Монгол банк цааш нь экспортонд гаргана гэх маягаар нэг шугамаар явсаар байгаад Монголын алт гадагшаа гараад явчихаж байгаа юм. Үүнийг Анхдагч зах зээл гээд бодоход Хоёрдогч зах зээлийг бий болгохын тулд Арилжааны банкууд алтаа авсан бол түүнийгээ буцаагаад алтанд хөрөнгө оруулах сонирхолтой хүмүүст (ийм монголчууд олон болж байгаа) худалддаг ийм хоёрдогч зах зээлийн боломжийг нээгээд өгөх хэрэгтэй. Ингэж алтыг дотроо эргэлдүүлээд байвал үр ашиг нь их болж эхэлнэ.

Өнгөрсөн 30 жилийн хугацаанд маш цөөхөн оролцогч энэ Алтны зах зээлээс ашиг хүртэж байна. Алтанд хөрөнгө оруулалт хийхийг сонирхож байгаа хувь хүмүүс, аж ахуйн нэгжүүд, ихэнх масс бол тоглоомын гадна үлдчихээд байгаа юм. Хэрвээ үүнийг дотроо эргүүлээд эхлэх юм бол жинхэнэ утгаараа баялгаасаа үр шимийг хүртэнэ. Өөрөөр хэлбэл, Үндсэн хуулинд заасанчлан Монголын баялаг бол ард түмний өмч, иргэн бүр баялгийн эзэн гэсэн санаа жинхэнэ утгаараа хэрэгжинэ гэсэн үг.

Манай улс бол Азидаа эхний 5-д ордог олборлогч улс гэж дээр дурдсан. 1999 оноос 2019 оны хооронд 246 тонн алтыг олборлон Монгол банкинд худалдаж, Монгол банк цааш нь олон улсын зах зээл дээр зарсан байгаа. Өнөөдрийн байдлаар Монгол улсын хувьд алт нь валютын нөөц бүрдүүлдэг томоохон хэрэгсэл байдлаар ашиглагдаж байна. 2019 оны Монгол улсын гадаад худалдааны статистикийг харвал 418 сая долларын алтыг экспортложээ. Энэ утгаараа алтыг валютын нөөц болгож ашиглаж байна.

Хэрвээ хоёрдогч зах зээлээ хөгжүүлэх юм бол долларыг орлохуйц хэмжээний хөрөнгө оруулалтын хэрэгсэл болох юм. Өөрөөр хэлбэл, “доллар өслөө” гэж сандрахын оронд алтаа худалдаж аваад, алтны ханшийн өсөлтөөр доллараасаа илүү их ашиг хийх боломжтой гэсэн үг.

Бэлтгэсэн Н.Лхамсүрэн

ТАЙЛАНД УЛСАД АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛ ЗОГССОНООР ЗААНУУД НЬ ӨЛСГӨЛӨНД ӨРТЛӨӨ

Тайланд улсын эдийн засгийн дийлэнх нь аялал жуулчлал дээр тогтдог. Коронавирусийн улмаас гадны жуулчдын өмнө Тайланд улс хилээ хааж, хөл хорио тогтоосноос болж аялал жуулчлалын салбар нь нэлээд хүнд байдалд ороод байна. Иймээс бараг жуулчингүй, аялал жуулчлал зогссон энэ цаг үед Тайланд улсын заанууд нь идэх хоолгүй бараг л өлсгөлөндөө тулаад байна. Заан бол өдөртөө 200 кг орчим хоол хүнс иддэг. Заануудын асран хамгаалагчид бараг 4000 орчим заануудыг тэжээх, хоол хүнсээр хангахын төлөө зүтгэж байгаагаа хэлжээ. Заан хамгаалах сангийн тэргүүн “Хэрвээ эдгээр заануудыг аюулгүй байлгах дэмжлэг байхгүй бол хээлтэй заанууд нь турж үхэх эрсдэл өндөр байна. Тиймээс тэднийг аврахын тулд гадаа гаргаж гудамжинд тавьж болох юм. Нөгөө талаар зарим заануудыг амьтны хүрээлэнгүүдэд зарж борлуулахаас аргагүйд хүрнэ” гэж нөхцөл байдлынхаа талаар тайлбарлан ярьжээ.

Тэгэхээр заануудыг хооллох нь хамгийн чухал ч гэсэн тэдгээрийг хооллохын тулд тавих ой мод Тайланд улсад хангалттай биш байгааг албаныхны зүгээс хэлж байна.

Заануудын хувьд хоол идээд гэдэс нь цадаад баярлахаараа сүүлээ хөдөлгөж, чихээ сэгсэрдэг гэнэ. Цар тахлын улмаас заанууд маш өлсгөлөн байгаа учраас сүүлийн өдрүүдэд ийм баярласан үйлдлүүдийг огт гаргасангүй гэж асран хамгаалагчид нь хэлж байна.

Тайланд улсад өнөөдрийн байдлаар коронавирусийн нийт тохиолдлын тоо 1651-д хүрсэн. Үүнээс 10 хүн нас барсан гэсэн мэдээлэлтэй байна.

Эх сурвалжаас Н.Лхамаа

Азийн хөгжлийн банкнаас Монголд 1 сая ам.доллар хандивлана

Шинэ төрлийн коронавирусээр үүсгэгдсэн цар тахлын эсрэг хэрэгжүүлж байгаа Монгол улсын Засгийн газрын үйл ажиллагааг дэмжих зорилгоор Азийн хөгжлийн банк 1 сая ам.долларын буцалтгүй тусламж олгохоор өчигдөр шийдвэрлэлээ. Энэхүү буцалтгүй тусламжийг Ази, Номхон далайн Гамшгийн хор уршгийг арилгах сангаас олгох бөгөөд энэ хүрээнд өвчний оношлогоо, яаралтай тусламжийн тоног төхөөрөмж, хувийн хамгааллын хэрэгслүүд зэрэг эмнэлгийн чухал тоног төхөөрөмж, багаж хэрэгслийг нэн даруй худалдан  авах үйл ажиллагаанд зарцуулагдах юм байна.

“Азийн хөгжлийн банкнаас Covid-19 цар тахлын тархалтаас урьдчилан сэргийлэх Монгол улсын хүчин чармайлтыг тууштай дэмжих болно” гэж Азийн хөгжлийн банкны Зүүн Азийн газрын дарга Жеймс Линч хэлжээ. Тэрбээр “Энэхүү буцалтгүй тусламж нь нийгмийн эрүүл мэндийн салбарт учирч байгаа, харьцангуй удаан хугацаанд үргэлжилж болзошгүй эрсдэлийг бууруулах, урьдчилан сэргийлэхэд зайлшгүй шаардлагатай эмнэлгийн тоног төхөөрөмж, багаж хэрэгслийг худалдан авах чиглэлд Монгол улсын Засгийн газарт үзүүлж буй дэмжлэг юм” хэмээн онцлон тэмдэглэлээ.

Эх сурвалжаас Н.Лхамсүрэн

БНАСАУ “АВАРГА ТОМ” ПУУЖИН ХӨӨРГӨГЧ ТУРШЖЭЭ

Умард Солонгос (БНАСАУ) өчигдөр улсынхаа зүүн Вонсан боомтын бүсээс ойрын тусгалтай хоёр пуужинг харваж туршсан байна. Энэ хоёр пуужин нь 50 км-ын өндөрт, 410 км замыг туулж Японы тэнгист унажээ. Умард Солонгосын орон нутгийн цагаар Даваа гаригт супер том пуужин хөөргөгчүүдийг туршсан гэж албаны эх сурвалжууд мэдээлжээ.

Өмнөд Солонгосын (БНСУ) тал үүнийг зэмлэн буруутгаж “Дэлхийн хэмжээнд коронавирусийн халдвар тархаад байгаа энэ хүнд цаг мөчид пуужингийн туршилт хийх нь маш зохисгүй үйлдэл байна. Цаашдаа энэ үйлдлээ зогсоогооч!” гэсэн мэдэгдлийг хийсэн байна.

БНАСАУ-ын тал “коронавирусийн нэг ч тохиолдол бүртгэгдээгүй” гэж байгаа боловч үүнд нь экспертүүд эргэлзэж байгаа тухай гадны эх сурвалжууд онцолжээ.

Энэ удаагийн туршилт нь Умард Солонгосын энэ сард хийсэн найм, ес дэх туршилт болж байгаа ба ганцхан сарын дотор хамгийн олон пуужин туршсан тохиолдол болж байна гэж Өмнөд Солонгосын эх сурвалжууд бичжээ. Мөн энэ пуужингууд урьд өмнө харж байгаагүй шинэ пуужингууд байсан талаар ч албаныхан мэдээлсэн байна.

Энэ оны эхээр БНАСАУ-ын удирдагч Ким Чен Ун “Цөмийн болоод холын тусгалтай пуужингийн туршилтаа зогсоож байна” гэдгээ мэдэгдсэн. Тэрээр “Дэлхий ойрын ирээдүйд шинэ стратегийн зэвсгийн гэрч болно” гэсэн заналхийллийг дэлхий нийтэд хандан хэлжээ.

Тус улс хамгийн сүүлд 2019 оны 11-р сард “супер хүчтэй” баллистик пуужингийн туршилт хийсэн гэдгээ мэдэгдсэн ба өнгөрсөн 5-р сараас хойш ойрын тусгалтай баллистик болон бусад пуужингийн хэд хэдэн туршилтыг хийжээ. Мөн өнгөрсөн оны 12-р сарын эхээр “супер хүчтэй” калибрын пуужингийн туршилт хийж, түүнийгээ амжилттай болсон гэж тухайн үед зарлаж байв.

Харин АНУ-ын хувьд БНАСАУ-ыг цөмийн хөтөлбөрөөсөө бүрэн ангижирсан нөхцөлд л тус улсыг хориг арга хэмжээнээс гаргана гэсэн байр сууриа илэрхийлсээр байгаа юм байна.

Эх сурвалжаас Н.Лхамсүрэн

ДЭЛХИЙН ЭДИЙН ЗАСАГ СЭХЭЭНД ОРЧИХСОН БАЙХАД Л МАНАЙХАН 14 М ӨНДӨРТ ХӨГЖМИЙН АЯАР ЦАЦАРДАГ УСАН ОРГИЛУУР БАРИНА ГЭСЭЭР СУУЖ БАЙХ ЮМ

“Ковид-19” дэлхийн эдийн засгийн бүхий л чөлөөтэй урсгалыг царцаан зогсоож нэг үгээр хэлбэл бүрэн сэхээнд оруулсан ажээ. Америкт л гэхэд ганц өдрийн дотор биржийн үнийн эрс уналтаас болоод 500 мянган хүн долларын саятны эгнээнээс хасагдсан байна.
Дэлхий даяар зогсож царцсан эдийн засгийн хямралаа эрсдэл багатай давж, бүрмөсөн хөшөөж орхихгүйн тулд цусны эргэлтийг нь сайжруулах зорилгоор бэлэн мөнгө тараах үйлдэл хийж эхлээд байгаа. Мөн хүн бүрийн халаас мөнгөтэй байгаагаас шалтгаалан эдийн засаг нь байга эргэлттэй байх учир нөөц хөрөнгөнүүдээ 2021 онтой золготол бага багаар тараан хувиарлах замаар гараасаа алдчихгүй байх бодлого барьж байгаа ажээ.Мөн илүү дутуу хэрэггүй дэмий тансаг гэх мэтийн зарлагуудаа хасаж танан, хүнд нөхцөлд гаргаж хэрэглэх нөөц хуримтлуулж байна.
Дэлхийн эдийн засаг ийнхүү сэхээнд орж бараг л амьсгалын аппарат залгуулчихаад бачимдаж байхад харин манайхан төсвөө ч тодотгохгүй, харин ч бүүр төрийн ордоны өмнөх төв талбай дээр 14 метр өндөрт хөгжмийн аялгуунд оргилон цацардаг асар том усан оргилуурыг хэдэн арван тэрбумаар барина гэсэн төлөвлөгөө яриад л сууцгааж байна даа. Хоёр сарын дараа дэлхийн эдийн засаг бүрмөсөн захаасаа нурж эхэлбэл тэр өндөрт хөгжмийн аяаар оргилдог усан оргилуурынхаа дэргэд шанаагаа тулаад л гэгүүрсэн хүмүүс яахаа мэдэхгүй сууж байх юм биш биз дээ.

АН-ЫН ДАРГА С.ЭРДЭНИЙН ОЮУН САНАА НЬ ЗҮГЭЭР БАЙГАА

Хэрвээ УИХ-ын ээлжит сонгууль ирэх зургаан сард явагдвал МАН-ын цорын ганц сөрөг хүчин болох АН ёстой л цунамид өртсөн юм шиг навс ялагдах нөхцөл бүрдээд байх шиг. Энэ нөхцлийг хамгийн гол нь АН-ын дарга С.Эрдэнэ гэдэг хүн голлон тавиад байгаа нь сонирхолтой. Намын дарга хүн зориуд намаа хорлоно гэж байх уу. Хүүк-д ямар нэг зүйлээр барьцаалагдан тохироо хийсэн байж болох уу гэж хүртэл асуумаар.
Тэрээр хэдхэн хоногийн өмнө гадаад дахь монголчуудаа нулимсан үгээр намынхаа рейтэнгийг навс унагаасан бол саяхан АН-аас УИХ-ын сонгуульд нэр дэвшихээр горилогсодоос хурааж авах босго мөнгөө 100 сая байсныг 300 сая төгрөгөөр огцом нэмэгдүүлж 400 сая төгрөг болгосон гэх мэдээлэл дуулдав. Яаж байгаа нь энэ юм бол, титэм вирусын хорионы улмаас намын санхүү илүү хүндэрлээ гэсэн үг үү.
Тэгсэн атлаа ерөнхийлөгчийн сонгуул хойшлуулах саналыг дэмжиж байгаагаа АН саяхан илэрхийлсэн. Нэгэнт сонгуулийг хойшлуулая гэж байгаа юм бол босго мөнгөө 400 сая болгох хэрэг байсан юм уу. Баахан хүнээс ахиухан мөнгө хурааж аваад бушуухан шиг гадаад руу гаргаад зугтаачихая гэж арай ийм улс орнууд хилээ бүрэн хаасан үед бодоогүй л баймаар юм.
Ер нь С.Эрдэнэ даргын ухаан санаа хэвийн л байдаг байгаа. Жирийн хүмүүсийн дунд коронаг тасралтгүй байнга бодсоор байгаад сэтгэцэд нь өөрчлөлт орж, гар хуруугаа гэхэд л бүтэн хоёр цаг савандаж угаадаг, халуунаа минут тутамд шалгадаг, ганц найтаахад л санаа зовнин ХӨСҮТ рүү “Туслаач” хэмээн залгадаг “юмтай” хүмүүс олшроод байна гэсэн. Арай тэдний тоонд орчихсон цохиж яваа биш байгаа даа.