ШАРТАЛТЫН ЗОВИУР ЭЛЭГНИЙХЭЭ 60%-ИЙГ ТАЙРУУЛСАН МЭС ЗАСЛЫН ДАРААХ ҮЕТЭЙ АДИЛХАН

Хавдрын эмнэлэг хүнээр хахжээ. Энэ бол монголчууд хавдарт “дарлуулж” буйн илрэл. Тэр дундаа элэгний хавдрын өвчлөлөөрөө манай улс дэлхийд дээгүүрт орж буй нь үнэхээр харамсалтай. Элэгний хавдраар өвчлөхгүй байхын тулд бид яах ёстой вэ? Ингээд ХСҮТ-ийн захирал, Францын мэс заслын академийн гишүүн, АУ-ны доктор Ж.Чинбүрэнтэй элэгний өвчлөлийн талаар ярилцсанаа хүргэж байна.

Монголчууд элэгний хорт хавдар өвчинд хамгийн их өртөж байгаа шалтгаан юу вэ?

Элэгний хорт хавдрын өвчлөл дэлхийн дунджаас 6 дахин их байна. Өвчлөл нас, баралтаараа дэлхийд нэгдүгээрт бичигдэж байна. Энэ өвчлөлийн үндсэн шалтгааны 80-аас багагүй хувь нь В, С вирусын гаралтай байгаа. Мөн архины хэрэглээ.

Элэгний өвчнийг эрт илрүүлснээр ямар боломжтой вэ?

Элэг эзэндээ маш их хайртай эрхтэн. Шанага шиг том хавдар ургасан ч эзнээ хайрлаад өвтгөж зовоохгүй олон жил сар явах нь бий. Гэтэл эсрэгээрээ аминдаа хайртай байж эрт оношлуулж чадвал 15 минутын ажилбараар шийдэх боломжтой. Энэ эмчилгээг бид 2008 онд Монголд нэвтрүүлсэн. Тухайн үед жилдээ 20-хон хүн олддог байлаа. Харин сүүлийн жилүүдэд эрс нэмэгдсэн, олон хүн хавдраа жижиг дээр нь эмчлүүлсэн. Хавдрыг бор толбо төдий байхад нь илрүүлж чадвал тусгай жижиг төхөөрөмжийг 120 градус хүртэл халааж түлээд сорви болгочихдог. Хагалгааны маргааш ажилдаа явах боломжтой.

Элэг хүний биед ямар үүрэг гүйцэтгэдэг вэ?

Элэг бол хүний биед оршдог хамгийн том булчирхайлаг эрхтэн. Лаборатори гэж үзвэл 100 гаруй үүрэгтэй. Биднийг хөдөлгөж байдаг булчингийн уургийг үйлдвэрлэдэг, хүний дархлааны системийг бүрдүүлнэ, идэж уусан зүйлсийг хоргүйжүүлж байдаг. Элэггүйгээр хүн орших аргагүй. Гэхдээ бурхан хүний биед нэг гайхалтай эрхтэн бүтээсэн нь элэг. Элэг нь нөхөн төлжих, сэргэх өндөр чадвартай. Эртний Грек домог байна л даа. Олимп гэж бурхан хүн төрөлхтөнд гал хулгайлж өгснийхөө шийтгэлд өндөр хадан хясаанд цовдлогддог. Гэтэл бүргэд ирээд түүний элэгнээс идээд л байж. Гэтэл Олимп амьд байсаар л байдаг гэж. Энэ юу хэлж байна вэ гэвэл элэгний төлжих чанарыг илэрхийлж байгаа юм. Элэг бол эзэн биендээ их хайртай эрхтэн.

Элгээ хайрлаж гамная гэвэл ямар алхам хийх ёстой вэ?

Элгээ хамгаалж, хайрлая гэж байгаа бол та өөртөө В, С вирус байгаа эсэхийг хамгийн түрүүнд мэдэх хэрэгтэй. Мөн 40-50 насныханд илүүдэл жин, таргалалт маш их байна. Энэ нь элэгний ачааллыг нэмэгдүүлж байдаг учраас жингээ хянаж, зохих хэмжээнд барих хэрэгтэй. Мөн эмэгтэйчүүдэд ихэвчлэн тохиолдоод байгаа өтгөн хаталтаас сэргийлэх нь зөв. Өдөр бүхэн өтгөнөө гаргаж байх нь элэг өвдөхгүй байх эхний алхам.

Архи элгийг яаж гэмтээдэг вэ?

Архи уусны дараа шартана гэдэг бол элгээ шууд хороор хордуулсны дараах илрэл. Элэгнийхээ 60 хувийг тайруулах хагалгаанд орсон хүн хагалгааны дараа шарталтын байдалтайгаар 2-3 хонодог. Үүгээр юу гэх гэсэн бэ гэвэл бид архи уухдаа элгээ тийм хэмжээгээр гэмтээж байдаг гэж ойлго. Нэг удаагийн архины дараах шарталт элэгнийхээ 60 хувийг тайруулсан мэс заслын дараах үетай адилхан байна гээд бодохоор аюултай байгаа биз.

Элэг нь өвдсөн хүний шинж тэмдэг яаж илэрдэг вэ?

Элэг их дүлий эрхтэн. Өвдөж байгаа нь төдийлөн эрт мэдэгдээд зовоогоод байдаггүй. Элэг их муудсан хүний царай нь барайгаад, турж эцээд, хэвлий нь устдаг.

Элэг шилжүүлэн суулгах хагалгааны донор хэн байх ёстой вэ?

Эрүүл хүн хагалгаа хийлгэдэг шалтгаан бол амьд донор болох. Төрөл төрөгсөд, ах дүүсийн хүн байх ёстой. Тиймгүй ядарсан хүнд тодорхой мөнгө өгөөд элгийг нь авна гэвэл хүний наймаа болно.

Нэг зүйлийг хамгийн сайн санаж явах хэрэгтэй. Мэс засал сайн хийх нэг асуудал. Үүнээс өмнө өвдөхгүй байх, урьдчилан сэргийлэх, үгүй ядаж эрт үед нь илрүүлэх хамгийн чухал. Жилд оношлогдож байгаа хавдруудын 80 хувь нь хожуу шатандаа илэрч байна. Энэ нь хагалгаа хэдий амжилттай боллоо ч хагалгааны дараах амьдралыг богинохон болгодог аюултай. Хавдрыг эрт үед оношилж чадвал заавал элэг тайрах, элэг шилжүүлэн суулгах хагалгаанд орох шаардлагагүй.

Эх сурвалжаас Н.Лхамсүрэн