УЛСЫН БАЯР НААДМЫГ ТЭМДЭГЛЭХ ӨДРИЙН ТОВ ГАРЛАА

Өчигдөр буюу 6-р сарын 10-нд УОК-оос коронавирусын халдвараас урьдчилан сэргийлэх зорилгоор Үндэсний Их баяр наадмыг зохион байгуулах журмыг олон нийтэд танилцууллаа.

Энэ удаа улс, аймаг, сумдуудын баяр наадмыг зөвхөн долдугаар сарын 11, 12-ны өдрүүдэд зэрэг тэмдэглэн өнгөрүүлэхээр болсон байна. Сумын наадам өөр өдөр болохгүй, аймгийн наадам өөр өдөр болохгүй ба улсын баяр наадамтай давхцаж болох юм.

Үндэсний бөхийн барилдаан, морь, сум харваа нь улсынх нь улсдаа, аймгийнх нь аймагтаа, сумынх нь сумандаа болох тул тус тусынхаа бэлтгэл сургуулилтаа базааж наадамлах нөхцөл байдал бий болоод байна. Суманд барилдаад, аймагт барилдаад, тэр оройноо нисэж ирээд улсад барилдана гэсэн ойлголт байхгүй. Өөрөөр хэлбэл, аймаг аймгийн наадам хэсээд түрүүг нь хамаад явдаг нөхцөл байдал үгүй болох нь дээ.

Ер нь бол ийм байдлаар наадмыг явуулах нь зөв санагдана. Шат шатандаа барилдаж, уралдан, харвадаг байвал замбараатай бөгөөд шударга наадам болж мэдэх.

Харин тухайн бөх, уяач, харваач нар л улсдаа юу, аймагтаа юу, сумандаа юу гэдгээ л сонгох хэрэгтэй болж дээ.

Дашрамд дурдахад, энэ жилийн баяр наадмыг Цэнгэлдэх хүрээлэнд хийхгүй ба хотоос гадагшаа Цончинболдогийн зүгт хийх сурагтай. Баяр наадмыг “Нero”-гийн Баатар найруулахаар болсон ба “XIII зуун” нэртэй наадам болох нь ээ.

Эх сурвалжаас Н.Лхамсүрэн