Хийлч Ч.Дэлгэрцэцэгийн ШҮТЭН БИШРЭГЧ ОХИН Б.БҮЖИНЛХАМ: НАДАД ДЭЭГИЙ ЭГЧ МАШ ИХ НӨЛӨӨЛСӨН

Хөл хориотой энэ үед монголчуудыг цэнхэр дэлгэцийн өмнө уяж буй хоёр нэвтрүүлгийн нэг нь “Монгол” телевизийн “The voice of Mongolia”, нөгөө нь “25-р суваг “телевизийн “21000” гэхэд хилсдэхгүй. “21000”шоу нэвтрүүлэгт УГЖ Л.Баттулга, СТА, хийлч Ч.Дэлгэрцэцэг нар оролцож байгаа билээ. Ингээд хийлч бүсгүйн шүтэн бишрэгч нэгэн охинтой хийсэн ярилцлагыг та бүхэнд хүргэе.

-Юуны өмнө манай уншигчдад өөрийгөө танилцуулаач…

-Сайн байна уу? Бүгдэд нь энэ өдрийн мэнд хүргэе. Намайг Бүжинлхам гэдэг. Удахгүй ирэх сард 15 нас хүрнэ. Хийлч Дэлгэрцэцэг буюу Дээгийгийн улаан, ногоон, цагаан фэн нь (инээв).

-Сүүлийн үед “25-р суваг”телевизийн “21000”шоу нэвтрүүлэг үзэгчдийг цэнхэр дэлгэцийн өмнө уяж байгаа гэхэд болно.Чи мэдээж хийлч бүсгүйг дэмжиж байгаа байх…

-Хоёр оролцогч маань хоёулаа миний хүндэлдэг,маш мундаг улс.Гэхдээ фэн нь болохоор Дээгий эгчийгээ чин сэтгэлээсээ дэмжиж байгаа.Хоёр жилийн өмнө “Хийлч Дээгийг “21000”шоунд оролцуулж болох уу?” гэж “25-р суваг” телевизэд захидал бичиж байсан маань одоо биеллээ олчихсон байна. Тиймээс үдэш бүр цэнхэр дэлгэцийнхээ өмнө тухлан сууж,шоугаа үзэж байгаа.Хэн нь ч ялсан, миний хувьд Дээгий эгч маань ялагч байх болно.

-Яагаад хийлч Дэлгэрцэцэгийн фэн болов?Хэр удаж байна вэ?

-Фэн нь болоод 4-5 жил өнгөрчээ.”Авьяаслаг монголчууд”шоу гарч эхэлснээс хойш Дээгий эгчийг мэддэг болсон.Тэр үеэс фэн нь болсон гэхэд хилсдэхгүй. Би өмнө нь их ааштай,бусадтай таардаггүй,сөрөг хандлагатай хүүхэд байсан юм.Тиймээс жил ирэх тусам найзуудын тоо цөөрч,зургадугаар ангид буюу өсвөр нас эхэлж байхад маш их ганцаардан,сэтгэл зүйн хувьд хэцүү байсан.Хүүхдүүд намайг үзэхгүй,гадуурхана.Яг тэр үед “Би ер нь яачихсан юм бэ?Яагаад бүгдээрээ надад дургүй байдаг юм бэ?” гэж өөрөөсөө бурууг хайж,их бодсон.Тэгээд “Би болохгүй байгаа юм байна.Энэ муухай зан ааш,харьцаа хандлагаа өөрчлөх ёстой”гэж ойлгосон.Нэг удаа оройн хоол хийж байхдаа яагаад ч юм бэ Дээгий эгчийн ярилцлагыг олоод үзчихсэн юм.Тэр цагаас хойш “Хийлч Дэлгэрцэцэг эгч маш мундаг,ухаалаг,төлөв даруу,эелдэг,хамгийн гол нь их өөрийнхөөрөө хүн”гэж боддог болсон.Тэгээд л “Би яг энэ хүн шиг ийм энгийн,төлөв даруу,эелдэг бас ухаалаг байх ёстой юм байна.Юм бүхнийг сөргөөр бодож,бусдад муухай хандаж болохгүй юм байна”гэдгийг маш сайн ойлгосон.Сэтгэлийн хаттай ч болсон.Ерөнхийдөө тэр хүний байгаа байдал,зан чанар,хувь хүн нь намайг фэн нь болоход маш их нөлөөлсөн.Гэхдээ фэн нь байлаа гээд бүх зүйлийг даган дуурайх хаашаа ч юм бэ.Хүн болгоноос сайныг нь харж,суралцах нь хамгийн зөв гэж боддог.

Хийлч бүсгүйтэй танилцах гэж уйгагүй хөөцөлджээ дээ…

-Тийм.Танилцах гэхээсээ илүү бусдаас ялгарч,өөрийгөө таниулах гэж их хичээсэн.”Би яаж бусдаас ялгарч,энэ хүнд өөрийгөө таниулах вэ?Яаж улаан фэн нь гэдгээ илэрхийлэх вэ?”гэж маш их бодсон.Мөрөөдөлдөө хүрэхийн тулд заавал нэг зүйл хий гэдэг дээ.Тиймээс гурван жилийн өмнө фэн фэйсбүүк хаяг нээгээд,тэндээсээ чат бичиж эхэлсэн.Эхэндээ Дээгий эгч мессежийг минь харчхаад,хариу бичдэггүй байв.Гэхдээ нэг л өдөр маш сайхан хариу бичнэ гэж үргэлж итгэдэг байсан учраас уйгагүй бичээд л байлаа.Тэгсэн төд удалгүй “Хөөрхөн дүүдээ баярлалаа.Ийм хөөрхөн фэнтэйдээ би маш их баярладаг”гээд л бичиж эхэлсэн дээ.Одоо чатлаад хоёр жил гаран болчихсон байна.Дээгий эгч их эелдэг,бусдад чин сэтгэлээсээ ханддаг учраас намайг маш сайхнаар хүлээж авсан.

-Та хоёр их дотно харьцаатай бололтой…

-Дээгий эгч ээж,эгч,найз шиг минь байдаг.Үргэлж надад зөвийг хэлж,урам зоригоор тэтгэхийн сацуу намайг маш сайн сонсдог.Цуг байхад дулаахан,хайр дүүрэн мэдрэмж төрдөг шүү.Цаанаа л нэг тийм эерэг,дулаахан энергитэй хүн.Анх тэгж боддоггүй байлаа.Харин харьцаад,тулаад,илүү сайн мэддэг болоод ирсэн чинь миний төсөөлж бодсоноос ч илүү сайхан хүн байсан.

-Та хоёр багш шавийн барилдлагатай юу?

-Би хөгжмийн сургуульд нь сурдаг л даа.Намайг хариуцагч багш маань улсын филармонийн Хулан гэж мундаг хийлч бий.Хүмүүс хөгжмийн зохиолч,төгөлдөр хуурч Чинбаттай хамтарч тоглодгоор нь сайн мэдэх байх.Дээгий эгч намайг ерөнхийд нь шалгаад явдаг.Өөрөө их завгүй болохоор надад хийл заах цаг жаахан хомс байдаг гэх үү дээ.

-Яагаад хийл сурах болов?

-Би урлагт их дуртай.Бага байхаас маань л ээж “Bond”хамтлаг болон Lindsey Stirling,David Garett,Vanessa Mae нарын алдартай хийлчийн тоглосон аялгууг сонсгодог байсан юм.Магадгүй тэр нь хийл сурахад маань нөлөөлөө биз.Тавдугаар ангидаа би хийлд маш ихээр дурласан.”Энэ хөгжмийг би заавал сурна”гэж дөрвөн жил бодож мөрөөдсөөр жилийн өмнөөс сурч эхэлсэн дээ.

-Энэ хугацаанд ямар нэг уралдаан тэмцээнд оролцов уу?

-Хичээллэж эхлээд 5-6 сар орчим болж байхдаа сургуулийн урлагийн үзлэг дээр тоглосон.Уралдаан тэмцээнд орж амжаагүй ээ.

-Сурдаг хөгжмийн сургуулийнхаа талаар яриач…

-Дээгий эгч хувийн хөгжмийн сургуультай болохыг олон жил хүсэж мөрөөдсөөр 2015 онд Дээгийгийн хөгжмийн сургууль буюу Degi’s music school-ыг үүсгэн байгуулсан юм билээ.Өмнө нь сургалт явуулдаг байсан.Degi’s music school нь Баянзүрх дүүргийн 26-р хороонд байрлах Энканто хотхоны 305-р байрны 1 тоотод үйл ажиллагаагаа явуулдаг бөгөөд олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн Сүзүки сургалтын албан ёсны эрхтэй.Энэ сургалт нь дэлхийн олон улс оронд танигдсан,тусгай ном,заах арга барилтай япон сургалт л даа.Мөн хийл,төгөлдөр хуур,гитарын ганцаарчилсан сургалттай,багш нар нь бүгдээрээ мэргэжлийн сургууль төгссөн,чадварлаг хүмүүс.Сургалт маань долоо хоногт 40 минутаар хоёр удаа хичээллэдэг.Сонирхсон хүн байвал Degi’s music school фэйсбүүк хаяг болон 91117971 дугаарын утсаар холбогдож болно.

-Хөл хориотой энэ үеийг хэрхэн өнгөрүүлж байна вэ?

-Би айлын том хүүхэд,хоёр дүүтэй.Ихэнхдээ гэртээ дүү нараа харж байна даа.Амралтын өдрүүдэд эмээ,өвөөгийндөө очиж,агаар салхинд гарна.Хэдийгээр хөл хориотой,сургууль цэцэрлэг хаагдсан нь муухай ч гэлээ хэзээ ч амждаггүй байсан зүйлээ хийж үзэх,шинийг сурах маш их цаг хугацааг гаргаж өгсөн.Тэр талаараа хөл хорио надад маш их үр өгөөжтэй,ашигтай санагдаж байгаа.Эхний 2-3 сар урсгалааараа,тааваараа гэдэг шиг л байсан шүү.Өдөр шөнөгүй гадаадын олон ангит кино үзэж,үеэлүүдтэйгээ онлайнаар тоглон,хүссэн үедээ хүссэн хугацаагаараа хөгжмөө давтаад,ер нь л юу дуртайгаа хийсэн.Удалгүй тоглож ханаад,кино үзэхээсээ ч залхаж,уйдахаараа хичээл хийж,шинэ хэл сурмаар санагдаад, солонгос хэл бие даан сурч эхэлсэн.Хөгжмөө илүү сайн давтаж,калимба гэдэг хөгжим сурч байна.Мөн хоолны шинэ жоруудыг гэртээ туршиж үзсэн.Удахгүй найзуудтайгаа бассейнд явах гэж байгаа.

-Чөлөөт цагаараа юу хийдэг вэ?

-Голдуу хөгжмөө давтдаг.Бусад үед бичлэг үзнэ,подкаст,аудио ном сонсч,уншина.Найзуудтайгаа ярьдаг,тэмдэглэл хөтөлж,солонгос хэлээ давтана.

-Одооны хүүхдүүд ном бага уншдаг болсон юм шиг надад санагддаг…

-Санал нэг байна.Би ч гэсэн ном их уншдаг хүүхэд биш.Урьд нь ээж,аав хоёр “Унш”гээд зөндөө ном авч өгөн шахдаг байлаа.Харин надад улам л уншмааргүй санагдана.Би хувь хүний хөгжил болон түүхэн романууд унших дуртай.Заримдаа ном уншиж үнэхээр амждаггүй.Хааяа залхуурвал гэр цэвэрлэх юм уу ийш тийш явахдаа аудио хэлбэрээр нь сонсчихно.Харин уншихаар бол ихэнхдээ шөнө эсвэл чимээ аниргүй орчинд.Тийм үед надад саад болох юу ч байхгүй,анхаарал маш сайн төвлөрдөг.Миний бодлоор яг юунд дуртайгаа олж мэдээд,ном унших тогтсон цаг,чимээгүй орчинг бүрдүүлэх хэрэгтэй.

-Хөл хорионы үед ямар ном уншив?

-Хэктор Гарсиа,Францез Мораллес нарын “Икигай”гэдэг ном уншсан.Япончуудын урт наслалт,эрүүл зөв амьдрал,хоол ундны тухай ном л доо.Амьдралын зөв хэмнэлтэй байвал 100-гаас илүү ч насалж болно гэдгийг ойлгосон,тэр номыг уншаад.Бас зохиолч Сарантуяагийн “Яг л ээж,эгч,найз шиг”гэдэг ном уншсан.Эмэгтэйчүүдийн амьдралын тухай өгүүлсэн энэ номноос ирээдүйд яаж мундаг эмэгтэй,хань,ээж,эгч,найз байх вэ гэдгийг ойлгож авсан.Одоо Америкийн тэргүүн хатагтай асан Мишель Обамагийн “Миний түүх”номыг аудио хэлбэрээр сонсч байна. -Тэгвэл хамгийн таалагдсан ном гэвэл… -Женнифер Скотт гэдэг америк зохиолчийн “Шин хатагтайн зөвлөгөө”номыг онцолмоор байна.Франц эмэгтэйчүүдийн амьдралын хэв маяг,яаж энгийн мөртөө үзэсгэлэнтэй,ухаалаг гэрийн эзэгтэй байх,мөн эмэгтэй хүн ямар байх хэрэгтэйг маш сайн тусгаж өгсөн.Би Европод их дуртай.Тэр тусмаа Итали,Францад.Тэндхийн эмэгтэйчүүдийн амьдралын хэв маягийг их сонирхдог.Тиймээс энэ ном надад маш их таалагдсан.Эмэгтэй хүн бүхэн энэ номыг уншаасай.

-Өдөрт хэдэн цаг хийлээ давтдаг вэ?

-Өдөр бүр давтаж чаддаггүй ч нэг давтахаараа хамгийн бага нь хоёр цаг.Эхлээд гараа халаагаад,дараа нь сурах зохиолдоо орно.Тэгээд нэг л мэдэхэд бүтэн өдөр өнгөрчихсөн байдаг юм.Анхаарлаа сайн төвлөрүүлээд,яг тэр мөчид бүх зүйлээ хийлээ давтахад зориулж,сурах зохиолдоо бүрэн орж чадвал хугацаа хамаагүй юм шиг санагддаг.Бүрэн төвлөрсөн хүн л цаг анзааралгүй үр дүнтэй,чанартай,сайн давтаж чаддаг. -Хэдэн хийлтэй вэ? -Одоохондоо сургалтын ганцхан хийлтэй.Удахгүй бүр мундаг тоглодог болчхоод гоё хийл авна гэж боддог.Би бас үкүлэлэ гэдэг хөгжим тоглодог юм.Энэ нь гитар шиг хэрнээ хөг,дуугаралт болон хэмжээгээрээ гитараас өөр.Хөл хорионы энэ үед төгөлдөр хуур болон калимба хөгжмийг бие даан сурч байгаа.Төгөлдөр хуурыг бүгд мэднэ.Харин калимба нь Африкаас гаралтай,даралтат хөгжмийн төрлийн,зөөлхөн дуугаралттай,алганы хэмжээтэй авсаархан,жижигхэн хөгжим.Эрхий хурууны төгөлдөр хуур ч гэж нэрлэдэг.Хоёр октав,17 даралттай,хоёр эрхий хуруугаараа дарж тоглодог юм.

-Тоглох дуртай бүтээл чинь…

-Мэдээж зөндөө бий.Тэр дундаа монгол ая тоглох маш их дуртай.Учир нь монгол аялгуунууд цаанаа л нэг уянгалаг,сэтгэл татам байдаг юм.Ардын жүжигчин,төрийн шагнал,хөгжмийн зохиолч Чулууны “Уран хас”хэмээх сайхан аялгууг тоглохоор яагаад ч юм бэ баяр хөөрөөр дүүрдэг.Бас Ардын жүжигчин,төрийн соёрхолт Дамдинсүрэнгийн алдарт “Хэнтийн өндөр ууланд”хийлийн гоцлол болон хөдөлмөрийн баатар,төрийн шагналт,УГЗ Шаравын “Сэтгэлийн эгшиг”-ийг тоглох дуртай.Мөн дэлхийн сонгодгуудыг.

-Гэрийнхэн тань хэр дэмждэг вэ?

-Ер нь дэмжинэ шүү.Ялангуяа ээж,эмээ хоёр маань.Намайг дэмждэг гэр бүл,найз нөхөд болон таньдаг хүмүүстээ “Маш их баярладаг шүү”гэж хэлье.Гэхдээ урлагийн амьдрал хэцүү гэдэг шүү дээ.Ээж,аав хоёр маань бүх амьдралаа урлагт зориулаад явна гэхээр жаахан дургүй байдаг.

-Хийлч Дэлгэрцэцэгтэй хамт бүтээсэн хамгийн гоё дурсамжаасаа хуваалцаач…

-Уулзсан өдөр,хамтдаа өнгөрөөсөн цаг,хором мөч бүхэн дурсамжтай,нандин байдаг.Тэр тусмаа анх уулзсан өдөр сэтгэлд маш тод үлджээ.Тэр өдөр 2018 оны аравдугаар сарын 27 байсан юм.Маш их сандарч,баярлаж байсан дурсамжтай тэр өдрөө би влог бичлэг болгож хадгалаад,юүтүүб суваг болох “Bujinlham’s Channel”-дээ оруулсан.Хааяа бичлэгээ үзээд,тэр өдрийг эргэн дурсах ямар сайхан гээч. Жилийн өмнө хийл сурч эхлээд удаагүй байхдаа Degi’s music school-ын дөрвөн жилийн ойн хүндэтгэлийн тоглолтыг улсын филармонийн тайзнаа жүжигчин Ууганбаяртай хөтөлсөн маань миний амьдралын хэзээ ч мартагдашгүй бас маш их сандарсан,хариуцлагатай өдөр байлаа.Тайзан дээр зогсож байхад Дээгий эгч үзэгчдийн суудлаас над руу хараад,инээмсэглээд л суусан.Тэр хөөрхөн харцыг хэзээ ч мартдаггүй. Ноднин долдугаар сард би 14 нас хүрсэн юм.Дээгий эгч намайг өдрийн зоогонд урьсан.Тэгэхэд бид хоёр ижил брэндийн ганган дээлээр хосолсон.14 насны төрсөн өдөр маань онцгой,мартагдашгүй болж өнгөрсөн.

-Ингэхэд ямар хичээлд дуртай бас дургүй вэ?

-Бараг бүх хичээлдээ дуртай.Гэхдээ хамгийн дуртай нь англи хэл.Цэцэрлэгт байхын л англи хэл маш сайн сурч,гадаадад сурахыг мөрөөддөг байлаа.Тиймээс мөрөөдлөө биелүүлэх гээд хичээж явна.Харин биеийн тамирт жаахан дургүй.

-Ямар мэргэжил сонгохоо шийдчихсэн үү?

-Тийм ээ.Би бүтээлч байх дуртай,ер нь олон зүйл сонирхдог л доо.Урлаг соёл,сэтгэл судлал,хэвлэл мэдээлэл,хувцас загвар,интерьер дизайн гээд л.Гэхдээ бизнес маркетингэд илүү сонирхолтой.Гадаадад маркетингийн чиглэлээр сургууль төгсөөд,Монголдоо ажиллана гэж боддог.Дараа нь сэтгүүлч юм уу сэтгэл зүйчээр сурна.Ер нь болж л өгвөл бүгдийг сурахыг хүсдэг(инээв).Боломж гарвал урлагаар бас явна гэж боддог.Төлөвлөсөн зүйл их бий.

-Манай уншигчдад хандаж юу гэж хэлэх вэ?

-Юун түрүүнд надаас ярилцлага авсанд баярлалаа.Дуустал нь уншсан та бүхэнд мөн баярлалаа.Тууштай байвал мөрөөдөл,зорилго,хүссэн зүйлдээ хүн заавал хүрдэг юм шүү гэж ахин дахин хэлье.Тэр зүйлдээ хүрэхийн тулд жижигхэн ч хамаагүй ямар нэг үйлдэл заавал хийх ёстой шүү.Бүгдэд нь амжилт,сайн сайхныг хүсье.
Ярилцсан Ш.Эрдэнэтөр