БАГА АНГИЙН 35 СУРАХ БИЧИГТ ЗАСВАР ХИЙНЭ

ЕБС-ийн бага ангийн сурагчдын сурах бичигт нэмэлт засвар хийгдэж байна. Энэхүү засваглагдсан сурах бичгүүд нь сургуулиудын номын сангийн элэгдэл хоргодлыг нөхөх зориулалттай юм.

ЕБС-ийн сурагчдад 150 гаруй төрлийн сурах бичиг хэрэглэгдэж байна. Бага ангид хүүхэд нь суралцдаг эцэг эхчүүдийн хувьд сурах бичгийн агуулгад ихээхэн шүүмжлэлтэй ханддаг. Энэ үүднээсээ ирэх хичээлийн жилд ЕБС-ийн бага ангийн 35 сурах бичигт нэмэлт засвар хийхээр болжээ.

Боловсролын хүрээлэнгийн эрдэм шинжилгээний ажилтан Ж.Дэнсмаа хэлэхдээ “Өнөөдрийн байдлаар бага ангийн 1-5-р ангийн сурагчид 35 орчим нэрийн сурах бичгийг хэрэглэдэг. 2019 онд сургалтын хөтөлбөрийн сайжруулалт хийгдсэнтэй холбоотойгоор бид хичээлийн жилийн нөхөн хангалтын хэрэгцээнд бага ангийн сурах бичгийн засварыг хийж эхлээд байна. Сурах бичгийн 70-80 орчим хувьд нь засвар хийнэ. Гэхдээ энэ бол бүтэн агуулгаараа өөрчлөгдөж байгаа хэрэг биш, сургалтын хөтөлбөрийнхөө агуулга болон судлаач, багш нарын санал, судалгаан дээр үндэслэн сурах бичгийн агуулга, арга зүй, дасгал, даалгаврыг сайжруулах ажиллагаа хийгдэнэ” гэв.

Бага ангийн сурах бичгийн хувьд зарим хичээлийн агуулгыг илүү ойлгомжтой байлгах үүднээс тайлбар, жишээ, бодлого зэргийг нэмэлтээр оруулж өгөх шаардлага гардаг юм байна. Нөгөө талаар бага ангийн сурах бичгийн элэгдэл, хоргодол их байдгийг хэлж байна. Сурах бичгийн агуулгыг сайтар боловсруулж, жишээ бодлогыг нь ойлгомжтой болгосноор олон дахин хэвлэлийн зардал гаргахгүй гэдгийг салбарын Яамны бодлого тодорхойлогчид анхаарах шаардлагатай байна.

Эх сурвалжаас Н.Лхамсүрэн