УЛСЫН БАЯР НААДМЫГ ТЭМДЭГЛЭХ ӨДРИЙН ТОВ ГАРЛАА

Өчигдөр буюу 6-р сарын 10-нд УОК-оос коронавирусын халдвараас урьдчилан сэргийлэх зорилгоор Үндэсний Их баяр наадмыг зохион байгуулах журмыг олон нийтэд танилцууллаа.

Энэ удаа улс, аймаг, сумдуудын баяр наадмыг зөвхөн долдугаар сарын 11, 12-ны өдрүүдэд зэрэг тэмдэглэн өнгөрүүлэхээр болсон байна. Сумын наадам өөр өдөр болохгүй, аймгийн наадам өөр өдөр болохгүй ба улсын баяр наадамтай давхцаж болох юм.

Үндэсний бөхийн барилдаан, морь, сум харваа нь улсынх нь улсдаа, аймгийнх нь аймагтаа, сумынх нь сумандаа болох тул тус тусынхаа бэлтгэл сургуулилтаа базааж наадамлах нөхцөл байдал бий болоод байна. Суманд барилдаад, аймагт барилдаад, тэр оройноо нисэж ирээд улсад барилдана гэсэн ойлголт байхгүй. Өөрөөр хэлбэл, аймаг аймгийн наадам хэсээд түрүүг нь хамаад явдаг нөхцөл байдал үгүй болох нь дээ.

Ер нь бол ийм байдлаар наадмыг явуулах нь зөв санагдана. Шат шатандаа барилдаж, уралдан, харвадаг байвал замбараатай бөгөөд шударга наадам болж мэдэх.

Харин тухайн бөх, уяач, харваач нар л улсдаа юу, аймагтаа юу, сумандаа юу гэдгээ л сонгох хэрэгтэй болж дээ.

Дашрамд дурдахад, энэ жилийн баяр наадмыг Цэнгэлдэх хүрээлэнд хийхгүй ба хотоос гадагшаа Цончинболдогийн зүгт хийх сурагтай. Баяр наадмыг “Нero”-гийн Баатар найруулахаар болсон ба “XIII зуун” нэртэй наадам болох нь ээ.

Эх сурвалжаас Н.Лхамсүрэн

О.МАГНАЙГААС ЭРХ БАРИГЧИД АЙЖ, ХАЛЗ МЭТГЭЛЦЭЭНД ИРСЭНГҮЙ

Ардчилсан намын нарийн бичгийн дарга О.Магнай УИХ-ын 28 дугаар тойрогт буюу Сонгинохайрхан дүүрэгт нэр дэвшиж байгаа билээ.Тэрээр өнөөдөр 12 цагт “Хархорин”худалдааны төв дээр халз мэтгэлцэхээр МАН-аас нэр дэвшиж буй Уул уурхай,хүнд үйлдвэрийн сайд Д.Сумъяабазар, эрхэм гишүүн Н.Учрал, “Монгол тулгатны 100 эрхэм”-ийн хөтлөгчийн ажлаа УИХ-ын гишүүний сэнтийгээр сольж байна хэмээн зүүдлэх нь холгүй яваа хатагтай П.Анужин нарыг “дуэль”-д дуудсан ч цаадуул нь ирсэнгүй.Ингээд О.Магнайд “ШИНЭ” эвслээс нэр дэвшигчидтэй патиардуулсан зургаа цахим хуудсандаа нийтэлж,”Эрх баригчид ирсэнгүй”хэмээн бичихээс өөр ажил олдсонгүй.УИХ-ын 28-р тойрогт Ардчилсан намаас О.Магнай, Г.Очирбат, П.Цэцэгмаа нар, МАН-аас П.Анужин, Д.Сумъяабазар, Н.Учрал нар, “ШИНЭ”эвслээс Д.Батбаяр, Б.Цогтгэрэл, Д.Энхсайхан нар нэр дэвшиж байгаа юм.

ЯРУУ НАЙРАГЧ Ц.ХУЛАНГИЙН НЭРИЙГ ДЭВШҮҮЛЭХ НАМ ОЛДСОНГҮЙ

Удахгүй УИХ-ын ээлжит сонгууль болох гэж байгаа билээ. Энэ удаагийн сонгуульд яруу найрагч,зохиолчид нэлээн ач холбогдол өгч, нэр дэвшиж буй. Тухайлбал “Болор цом”-ын хошой тэргүүн шагналт Ц.Хулан, нэгэнтээ манлайлсан Г.Мөнхцэцэг, Ж.Мөнхбат болон СГЗ Н.Лутбаяр, модернист зохиолч Ч.Мөнхбаяр, зохиолч Б.Наминчимэд, Ч.Үл-Олдох нарыг нэрлэж болно. СГЗ, яруу найрагч Ц.Хуланг уул нь Ардчилсан намаас нэр дэвшинэ гэсэн цуу тун хүчтэй тарж байсан ч хэрэгжсэнгүй. Учир нь найрагч бүсгүйн их сургуулийн хуурамч дипломтой холбоотой мэдээлэл цахим ертөнцөд цацагдах болсон аж. Нэгэнт Ардчилсан намаас нэр дэвших эрхгүй болсон Ц.Хулан найрагч өөр бусад нам,эвслийн хаалгыг татсан ч удирдлагууд нь нүүр өгсөнгүй.Ингээд түүнд бие даан нэр дэвшихээс өөр арга үлдсэнгүй. Яруу найрагчийн өрсөлдөх Баянзүрх дүүргийн буюу 22-р тойрогт 22 хүн нэр дэвшиж байгаагаас найм нь бие дааж буй билээ.

АЛТ ба МОНГОЛ

Алт гэдэг нь Менделеевийн үелэх системийн 79 дэх элемент. 11000-т хайлдаг. Au гэсэн тэмдэглэгээ бүхий Aurum гэдэг үгний товчлол. Орчуулбал “Нарны туяа” гэсэн утгатай.

Алтыг яагаад хүн төрөлхтөн дээдэлдэг вэ?

Мандан бадрахын бэлгэдэл, наран ургах гэх утга агуулгатай. Монголчуудын хувьд “галын дөл өөдөө” гэдэг утгаар галтай зүйрлэж үздэг. Хүний сэтгэл татахуйц нүд гялбам өнгөтэй. Сэтгэл судлалын үүднээс авч үзвэл, алт урам зоригийг бадраах, урагшлах эрч хүчийг өгдөг гэж үздэг.

Шижир алт гэж байдаг. Энэ нь 999.9 сорьцтой буюу 1 кг алтны 999.9 гр нь алт, үлдсэн 0.001 гр буюу маш бага хэмжээний өөр металл байна гэсэн үг. Ийм алтны нягт нь 20гр/см3. 1см3 гэдэг бол уртаараа 1, өргөнөөрөө 1, өндрөөрөө 1 гэсэн шоо, дотор нь 20 гр алт ордог гэсэн үг. Тэгвэл 1см3-д 20гр алт ордог бол 1м3-д 25гр алт орно.

Өнгөрсөн 2018 онд Монгол улс 20 тонн алт худалдлаа, энэ нь рекорд амжилт байлаа гэж ярьсан. Гэхдээ энэ нь цэвэр биш, бохир алт л даа. Өөрөөр хэлбэл сорьц нь янз бүр гэсэн үг. Энэ 20 тн бохир алтыг цэвэршүүлээд шижир алтан гулдмай болгох юм бол 20 тн-оос багасаад 16-18 орчим тонн болно. Энэ нь ойролцоогоор 700 сая орчим доллар болно гээд бодохоор алт гэдэг ямар үнэ цэнэтэй вэ гэдэг нь харагдаж байна.

Жишээ нь, алтыг нүүрстэй харьцуулж үзье. Нэг вагон нүүрс хэр том бэ гэдгийг бид мэднэ. Нэг вагон нүүрсийг дунджаар 60 тн гэж үзээд, үүнийгээ 100 доллараар зарчихлаа гэж бодъё. Нэг вагонд 60 тонн нүүрс багтлаа гэхэд 1 тн нүүрс 6000 доллар. Харин 1м3-д байгаа алт 600-700 сая доллар байх нь.

Эндээс харахад алт бол тээвэрлэхэд жижигхэн, овор хэмжээ багатай гэдэг утгаараа давуу талтай байдаг. Мөн дээрээс нь алт бол олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн хатуу валют. Төгрөг, доллар, евро… гээд бүгд цаасан эдийн засагт орно. Тэгэхээр энэ дэлхий дээр бүхэлдээ цаасан эдийн засаг явагдаж байна гэсэн үг. Цаасан эдийн засгийг банкууд хүсвэл хэвлэж болно. Ийм эдийн засгийн орчинд маш хязгаарлагдмал шавхагддаг нөөц бүхий алт нөгөө талд нь байна. Тэгэхээр цаасан мөнгө хэвлэгдээд, цаасан мөнгө үнэгүй болох тусмаа алтны үнэ цэнэ өснө гэсэн үг. Энэ нь ч түүхээр харагддаг. 1975 онд 1 унц алт 30 доллар байсан (1 унц алт 31 гр). 2008 он (хямралын үе байсан) гэхэд 700 доллар болсон. Өнөөдөр буюу 2020 онд 1600 доллар болсон байна. Цаашдаа 2500 болно гэсэн таамаглал явж байна. Гэвч энэ мэдээлэл баталгаатай биш боловч үгүйсгэх аргагүй юм, учир нь байнга өсөлттэй явж байгаа билээ.

Алтаар юу хийж болох вэ?

  • Алт бол их уян хатан, зөөлөн. 1 унц алтаар 80 км утас хийж болно (нарийхан).
  • Хавтгайлж нимгэлээд 9м2 талбай бүхий хавтан хийж болно (3м, 3м-ийн талбайг бүрхэх).
  • Хоолонд хийж болно (Азийн орнууд шингэн уух зүйлдээ хийж хэрэглэдэг. Ходоод гэдсэнд их сайн гэж ярьдаг).
  • Алт бол маш сайн дамжуулагч гэдэг утгаараа электрон бараа, анагаах ухааны тоног төхөөрөмжинд байнга орж байдаг орц материал болдог.

Гэх мэтээр алт гэдэг бол ийм сонин өвөрмөц шинж чанартай үнэт металл байх нь. Нэг талаасаа үнэт металл, нөгөө талаасаа валют. Доллараас ч хатуу валют. Учир нь доллар хэвлэгдээд байхад л алтны үнэ өсөөд байдаг.

Дэлхий дээр жил бүр ямар хэмжээний алтны эрэлт, нийлүүлэлт байдаг вэ?

  • Алтны 50 гаруй хувь нь үнэт эдлэлийн эрэлт (алтан зүүлт, хэрэгсэл),
  • Нийт эрэлтийн 8% нь технологийн эрэлт (электрон бараа, тоног төхөөрөмжийн хэрэгсэл),
  • 28% нь инвенсмент буюу биет алтан гулдмай хэлбэрээр (биетээр хөрөнгө оруулалт хийгээд байна гэсэн үг),
  • 10% нь Централ банк, алтаар баталгаажсан сангууд (энэ бол санхүүгийн таталцах талаасаа валютын хэлбэрээр, хөрөнгө оруулалтын хэлбэрээр ашиглаад байна гэсэн үг). Энэ мэтээр дэлхийд жилдээ 4500 орчим тонн алтыг хэрэглэдэг гэсэн тооцоо гардаг.

Хамгийн их алтны нөөцтэй орон бол Америк, Герман… гэх мэтээр явдаг. Манай улсын хувьд алтаа гадагш нь гаргаад, зараад байдаггүй бол боломжийн нөөцтэй байх бололцоотой улс. Азидаа үйлдвэрлэлээрээ эхний 5-д ордог үйлдвэрлэгч улс билээ.

Дашрамд дурдахад, Монгол Улс алтыг маш ихээр олборлож байна. Алтаа олборлоод арилжааны банкуудад худалддаг. Арилжааны банкууд нь Монгол банк руугаа зардаг. Монгол банк нь цаашаа экспортонд гаргаад доллар болгодог. Ийм л процесс Монголд явж байна.

Харамсалтай нь, өнгөрсөн 30 жилийн хугацаанд маш их алт олборлоод бүгдийг нь л гадагшаа зараад байна. Энэ цаг хугацааны явцад алтны нөөц мэдээж дуусна. Нөөц дууссан үе буюу 30, 40 жилийн дараа алт гэдэг зүйл Монголд байхгүй болно. Энэ үед хүмүүс “Монголд алт байсан юм гэнэ лээ” гэж ярина. Өөрөөр хэлбэл, хойч үед маань алт байхгүй болно. Энэ бол маш гунигтай зүйл.

Ийм учраас Монгол банк өнгөрсөн жилээс эхлэн 1 унц буюу 999 сорьцтой алтан гулдмай гаргасан. Энэ нь хүмүүсийн таашаалд их хүрч байгаа. Ерөнхийдөө энэ бүтээгдэхүүний гол утга агуулга, консевц нь юу вэ гэхээр, энэ алтан гулдмайг авсан хүн насан туршдаа хадгалж, үе дамжиж үлдээдэг байвал энэ нь Монголд алт байсны гэрч болох юм л даа.

Олон улсад бол олборлосон алтаа гаргахгүйгээр дотроо хөрөнгө оруулагчид, иргэд, аж ахуйн нэгжүүд нь алтыг биет бусаар хоорондоо арилжаалж, олон улсын алтны ханшийг өсгөөд, тэндээсээ өөрсдөө ашиг хийдэг ийм системтэй байдаг. Өөрөөр хэлбэл, хоёрдогч зах зээл гэсэн үг. Манай улсын хувьд, компаниуд олборлоод арилжааны банкинд авчирч өгнө, арилжааны банк нь Монгол банкинд өгч, Монгол банк цааш нь экспортонд гаргана гэх маягаар нэг шугамаар явсаар байгаад Монголын алт гадагшаа гараад явчихаж байгаа юм. Үүнийг Анхдагч зах зээл гээд бодоход Хоёрдогч зах зээлийг бий болгохын тулд Арилжааны банкууд алтаа авсан бол түүнийгээ буцаагаад алтанд хөрөнгө оруулах сонирхолтой хүмүүст (ийм монголчууд олон болж байгаа) худалддаг ийм хоёрдогч зах зээлийн боломжийг нээгээд өгөх хэрэгтэй. Ингэж алтыг дотроо эргэлдүүлээд байвал үр ашиг нь их болж эхэлнэ.

Өнгөрсөн 30 жилийн хугацаанд маш цөөхөн оролцогч энэ Алтны зах зээлээс ашиг хүртэж байна. Алтанд хөрөнгө оруулалт хийхийг сонирхож байгаа хувь хүмүүс, аж ахуйн нэгжүүд, ихэнх масс бол тоглоомын гадна үлдчихээд байгаа юм. Хэрвээ үүнийг дотроо эргүүлээд эхлэх юм бол жинхэнэ утгаараа баялгаасаа үр шимийг хүртэнэ. Өөрөөр хэлбэл, Үндсэн хуулинд заасанчлан Монголын баялаг бол ард түмний өмч, иргэн бүр баялгийн эзэн гэсэн санаа жинхэнэ утгаараа хэрэгжинэ гэсэн үг.

Манай улс бол Азидаа эхний 5-д ордог олборлогч улс гэж дээр дурдсан. 1999 оноос 2019 оны хооронд 246 тонн алтыг олборлон Монгол банкинд худалдаж, Монгол банк цааш нь олон улсын зах зээл дээр зарсан байгаа. Өнөөдрийн байдлаар Монгол улсын хувьд алт нь валютын нөөц бүрдүүлдэг томоохон хэрэгсэл байдлаар ашиглагдаж байна. 2019 оны Монгол улсын гадаад худалдааны статистикийг харвал 418 сая долларын алтыг экспортложээ. Энэ утгаараа алтыг валютын нөөц болгож ашиглаж байна.

Хэрвээ хоёрдогч зах зээлээ хөгжүүлэх юм бол долларыг орлохуйц хэмжээний хөрөнгө оруулалтын хэрэгсэл болох юм. Өөрөөр хэлбэл, “доллар өслөө” гэж сандрахын оронд алтаа худалдаж аваад, алтны ханшийн өсөлтөөр доллараасаа илүү их ашиг хийх боломжтой гэсэн үг.

Бэлтгэсэн Н.Лхамсүрэн

БНАСАУ “АВАРГА ТОМ” ПУУЖИН ХӨӨРГӨГЧ ТУРШЖЭЭ

Умард Солонгос (БНАСАУ) өчигдөр улсынхаа зүүн Вонсан боомтын бүсээс ойрын тусгалтай хоёр пуужинг харваж туршсан байна. Энэ хоёр пуужин нь 50 км-ын өндөрт, 410 км замыг туулж Японы тэнгист унажээ. Умард Солонгосын орон нутгийн цагаар Даваа гаригт супер том пуужин хөөргөгчүүдийг туршсан гэж албаны эх сурвалжууд мэдээлжээ.

Өмнөд Солонгосын (БНСУ) тал үүнийг зэмлэн буруутгаж “Дэлхийн хэмжээнд коронавирусийн халдвар тархаад байгаа энэ хүнд цаг мөчид пуужингийн туршилт хийх нь маш зохисгүй үйлдэл байна. Цаашдаа энэ үйлдлээ зогсоогооч!” гэсэн мэдэгдлийг хийсэн байна.

БНАСАУ-ын тал “коронавирусийн нэг ч тохиолдол бүртгэгдээгүй” гэж байгаа боловч үүнд нь экспертүүд эргэлзэж байгаа тухай гадны эх сурвалжууд онцолжээ.

Энэ удаагийн туршилт нь Умард Солонгосын энэ сард хийсэн найм, ес дэх туршилт болж байгаа ба ганцхан сарын дотор хамгийн олон пуужин туршсан тохиолдол болж байна гэж Өмнөд Солонгосын эх сурвалжууд бичжээ. Мөн энэ пуужингууд урьд өмнө харж байгаагүй шинэ пуужингууд байсан талаар ч албаныхан мэдээлсэн байна.

Энэ оны эхээр БНАСАУ-ын удирдагч Ким Чен Ун “Цөмийн болоод холын тусгалтай пуужингийн туршилтаа зогсоож байна” гэдгээ мэдэгдсэн. Тэрээр “Дэлхий ойрын ирээдүйд шинэ стратегийн зэвсгийн гэрч болно” гэсэн заналхийллийг дэлхий нийтэд хандан хэлжээ.

Тус улс хамгийн сүүлд 2019 оны 11-р сард “супер хүчтэй” баллистик пуужингийн туршилт хийсэн гэдгээ мэдэгдсэн ба өнгөрсөн 5-р сараас хойш ойрын тусгалтай баллистик болон бусад пуужингийн хэд хэдэн туршилтыг хийжээ. Мөн өнгөрсөн оны 12-р сарын эхээр “супер хүчтэй” калибрын пуужингийн туршилт хийж, түүнийгээ амжилттай болсон гэж тухайн үед зарлаж байв.

Харин АНУ-ын хувьд БНАСАУ-ыг цөмийн хөтөлбөрөөсөө бүрэн ангижирсан нөхцөлд л тус улсыг хориг арга хэмжээнээс гаргана гэсэн байр сууриа илэрхийлсээр байгаа юм байна.

Эх сурвалжаас Н.Лхамсүрэн

ДЭЛХИЙН ЭДИЙН ЗАСАГ СЭХЭЭНД ОРЧИХСОН БАЙХАД Л МАНАЙХАН 14 М ӨНДӨРТ ХӨГЖМИЙН АЯАР ЦАЦАРДАГ УСАН ОРГИЛУУР БАРИНА ГЭСЭЭР СУУЖ БАЙХ ЮМ

“Ковид-19” дэлхийн эдийн засгийн бүхий л чөлөөтэй урсгалыг царцаан зогсоож нэг үгээр хэлбэл бүрэн сэхээнд оруулсан ажээ. Америкт л гэхэд ганц өдрийн дотор биржийн үнийн эрс уналтаас болоод 500 мянган хүн долларын саятны эгнээнээс хасагдсан байна.
Дэлхий даяар зогсож царцсан эдийн засгийн хямралаа эрсдэл багатай давж, бүрмөсөн хөшөөж орхихгүйн тулд цусны эргэлтийг нь сайжруулах зорилгоор бэлэн мөнгө тараах үйлдэл хийж эхлээд байгаа. Мөн хүн бүрийн халаас мөнгөтэй байгаагаас шалтгаалан эдийн засаг нь байга эргэлттэй байх учир нөөц хөрөнгөнүүдээ 2021 онтой золготол бага багаар тараан хувиарлах замаар гараасаа алдчихгүй байх бодлого барьж байгаа ажээ.Мөн илүү дутуу хэрэггүй дэмий тансаг гэх мэтийн зарлагуудаа хасаж танан, хүнд нөхцөлд гаргаж хэрэглэх нөөц хуримтлуулж байна.
Дэлхийн эдийн засаг ийнхүү сэхээнд орж бараг л амьсгалын аппарат залгуулчихаад бачимдаж байхад харин манайхан төсвөө ч тодотгохгүй, харин ч бүүр төрийн ордоны өмнөх төв талбай дээр 14 метр өндөрт хөгжмийн аялгуунд оргилон цацардаг асар том усан оргилуурыг хэдэн арван тэрбумаар барина гэсэн төлөвлөгөө яриад л сууцгааж байна даа. Хоёр сарын дараа дэлхийн эдийн засаг бүрмөсөн захаасаа нурж эхэлбэл тэр өндөрт хөгжмийн аяаар оргилдог усан оргилуурынхаа дэргэд шанаагаа тулаад л гэгүүрсэн хүмүүс яахаа мэдэхгүй сууж байх юм биш биз дээ.

АН-ЫН ДАРГА С.ЭРДЭНИЙН ОЮУН САНАА НЬ ЗҮГЭЭР БАЙГАА

Хэрвээ УИХ-ын ээлжит сонгууль ирэх зургаан сард явагдвал МАН-ын цорын ганц сөрөг хүчин болох АН ёстой л цунамид өртсөн юм шиг навс ялагдах нөхцөл бүрдээд байх шиг. Энэ нөхцлийг хамгийн гол нь АН-ын дарга С.Эрдэнэ гэдэг хүн голлон тавиад байгаа нь сонирхолтой. Намын дарга хүн зориуд намаа хорлоно гэж байх уу. Хүүк-д ямар нэг зүйлээр барьцаалагдан тохироо хийсэн байж болох уу гэж хүртэл асуумаар.
Тэрээр хэдхэн хоногийн өмнө гадаад дахь монголчуудаа нулимсан үгээр намынхаа рейтэнгийг навс унагаасан бол саяхан АН-аас УИХ-ын сонгуульд нэр дэвшихээр горилогсодоос хурааж авах босго мөнгөө 100 сая байсныг 300 сая төгрөгөөр огцом нэмэгдүүлж 400 сая төгрөг болгосон гэх мэдээлэл дуулдав. Яаж байгаа нь энэ юм бол, титэм вирусын хорионы улмаас намын санхүү илүү хүндэрлээ гэсэн үг үү.
Тэгсэн атлаа ерөнхийлөгчийн сонгуул хойшлуулах саналыг дэмжиж байгаагаа АН саяхан илэрхийлсэн. Нэгэнт сонгуулийг хойшлуулая гэж байгаа юм бол босго мөнгөө 400 сая болгох хэрэг байсан юм уу. Баахан хүнээс ахиухан мөнгө хурааж аваад бушуухан шиг гадаад руу гаргаад зугтаачихая гэж арай ийм улс орнууд хилээ бүрэн хаасан үед бодоогүй л баймаар юм.
Ер нь С.Эрдэнэ даргын ухаан санаа хэвийн л байдаг байгаа. Жирийн хүмүүсийн дунд коронаг тасралтгүй байнга бодсоор байгаад сэтгэцэд нь өөрчлөлт орж, гар хуруугаа гэхэд л бүтэн хоёр цаг савандаж угаадаг, халуунаа минут тутамд шалгадаг, ганц найтаахад л санаа зовнин ХӨСҮТ рүү “Туслаач” хэмээн залгадаг “юмтай” хүмүүс олшроод байна гэсэн. Арай тэдний тоонд орчихсон цохиж яваа биш байгаа даа.

“ПЕТРОЧАЙНА ДАЧИН ТАМСАГ” ХХК ХИЛЭЭ НЭЭХ ХҮСЭЛТ ТАВИЛАА

Монгол Улсын шадар сайд Ө.Энхтүвшин БНХАУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт элчин сайд ноён Цай Вэньруй, Петрочайна Дачин тамсаг ХХК-ийн ерөнхийлөгч Жян Хунфу болон холбогдох хүмүүсийг хүлээн авч уулзлаа.

Уулзалтын үеэр ноён элчин сайд “Коронавируст халдвар намжина. Харин эдийн засгийг эрчимжүүлэх ёстой. Тиймээс эдийн засгийн харилцаагаа сэргээхэд бидний зүгээс бэлэн байна. Коронавируст халдвараас үүдэлтэй эдийн засгийн хүндрэл бэрхшээлийг хамтын хүчээр даван туулж чадна гэдэгтээ итгэлтэй байна” гэсэн юм. Тэрээр Дэлхийд коронавируст халдварын тархалт дотроосоо тархаагүй гарын таван хуруунд багтах цөөн улсын нэг нь Монгол улс байгаад баяр хүргэлээ.

Уулзалтад Петрочайна Дачин тамсаг компанийн ерөнхийлөгч Жян Хунфу тус компанийн газрын тосны тээвэрлэлтийг эхлүүлэх хүсэлтийг Монгол Улсын шадар сайдад уламжиллаа. Мөн уулзалтын үеэр компанийн хятад ажилчдын зүгээс нийгмийн хариуцлагынхаа хүрээнд Улсын онцгой комисст 174 сая төгрөгийг хандивласан юм.

– Өнөөдөр Монгол Улсын шадар сайд, Улсын онцгой комиссын дарга Ө.Энхтүвшинтэй хийсэн уулзалт амжилттай болж өнгөрлөө. Манай компани нийгмийн хариуцлагынхаа хүрээнд коронавирусийн халдварыг ялан дийлэхэд дэмжлэг болох үүднээс энэхүү хандивыг үзүүлж байна. Хоёр улс маргаашийн сайн сайхны төлөө нэгэн зүгт тэмүүлэх ёстой. Бид сүүлийн нэг сарын хугацаанд Баянхошуу бичил боомтод халдвараас сэргийлэх хүчин чадал бүхий ариутгалын цэгийн бүтээн байгуулалтыг хийх ажлыг амжилттай хийж дуусгасан. Иймд Монголын Засгийн газрын зүгээс аль болох хурдан шуурхай шийдвэр гаргаж, хилийн боомтын үйл ажиллагааг сэргээн, бидний энэ тээвэрлэлтийн ажлыг эхлүүлээсэй гэж хүсэж байна. Тээвэрлэлт хэвийн явагдаж эхлэх нь манай хоёр улсын хамтын бүтээн байгуулалтад ач тустай юм. Сүүлийн хоёр сарын хугацаанд бидний ажил бүрэн зогссон. Манай компанийн 1000 гаруй ажилчид бүгдээрээ гэр гэртээ ажил эхлэхийг хүлээж суугаа. Тиймээс бидний зүгээс Монгол Улсын талаас хилээ нээх асуудлыг эргэн харж, яаралтай шийдэж, тээвэрлэлтийн үйл ажиллагааг хэвийн явуулахад дэмжлэг үзүүлнэ гэдэгт итгэж байна. Бид бүхэн нийгмийн хариуцлагын хүрээнд өөрсдийн өгсөн амлалтаа хэрэгжүүлэн ажиллаж, маргаашийн сайн сайхныг төлөө хичээн ажиллах болно гэж ноён Жян Хунфу хэллээ.

Манай улсаас газрын тос тээвэрлэх автомашинууд хил нэвтрэн орж ирэхдээ халдвар тархах эрсдэлтэй гэж үзэн тээвэрлэлтийг түр зогсоогоод байгаа билээ. Дорнод аймгийн Онцгой комиссоос Петрочайна Дачин Тамсаг компанид шаардлага хангахуйц ариутгалын пункт барих үүрэг өгөөд байсан юм. Өнөөдрийн уулзалтаар ариутгал, халдваргүйтгэл хийх хоёр пункт барин ашиглалтанд ороход бэлэн болсныг мэдээллээ.

Монгол Улсын шадар сайд Ө.Энхтүвшин коронавируст халдвараас урьдчилан сэргийлэх ариутгал, халдваргүйтгэл болон бусад бэлтгэл ажил бүрэн дууссан бол газрын тосны экспортыг эхлүүлэхэд татгалзах зүйл байхгүй гэдгийг онцлон тэмдэглэлээ.

Эх сурвалжаас Н.Лхамаа

СОНГУУЛИЙН АМЛАЛТ

УИХ-ын сонгуульд оролцох улс төрийн нам, эвслүүд мөрийн хөтөлбөрөө Үндэсний Аудитын газарт тайлагнаад байна. Үндэсний Аудитын газраас мөрийн хөтөлбөрийг нь хүлээн авч, сонгуульд өрсөлдөх боломжтой гэж үзэх юм бол дэлгэрэнгүй мэдээлэл өгнө гэсэн чиг хандлагатай байна.

Эрх баригч Монгол Ардын Намын хувьд энэ удаа УИХ-д оролцохдоо “дундаж давхаргыг дэмжсэн” мөрийн хөтөлбөрийг боловсруулсан гэсэн тайлбарыг өгч байна. Засгийн газрын Хэрэг эрхлэх газраас “Алсын хараа–2050” гэдэг урт хугацааны бодлогын баримт бичгээс эхний 4 жилд хэрэгжүүлэх бодлогын зорилтууд бол МАН-ын 2020 оны УИХ-ын сонгуулийн гол мөрийн хөтөлбөр болж тусгагдаж байгаа гэжээ. Мөн өмнөх УИХ-ын сонгуулийн үеэр амлаж байсан амлалтууд энэ удаа МАН-ын амлалт дээр давхардах магадлал өндөр байна. Жишээ нь, Мега төслүүдийг дэмжих, Монгол улс далайд гарцтай болох чиглэлд зорилтуудыг дэвшүүлсэн гэсэн тайлбарыг хийжээ.

Үндэсний Аудитын газарт нийт 12 нам, 4 эвсэл болон хуваагдаж байгаагийн нэг эвсэл бол “Шинэ эвсэл” байлаа. Шинэ эвсэл нь “Шинэ эргэлтийн бодлого” гэсэн мөрийн хөтөлбөрийг танилцуулжээ. Энэ мөрийн хөтөлбөрийн гол заалтуудаас дурдвал “Хөгжлийн хүрд” гэдэг хөтөлбөрийг байгуулж, 200 мянган шинэ ажлын байр бий болгоно гэдэг зүйлийг ярьсан байна. Цаашлаад Авилга, албан тушаалын гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацааг нь хэрэгсэхгүй болгох, мөн “Өргүй Монгол” хөтөлбөрийг хэрэгжүүлнэ гэжээ.

“Өргүй Монгол” хөтөлбөрийг хэрхэн хэрэгжүүлэх юм бол?

1990 оноос хойш бий болсон Монгол улсын нийт өр болох 30 тэрбум долларыг 30 гэр бүлээр төлүүлнэ гэх амлалт! 30 гэр бүл гэж хэн бэ? 30 гэр бүл яагаад энэ өрийг төлөх ёстой вэ? гэдэг асуудал нийгэмд анхаарал татаж байна. Октябрийн хувьсгал буюу 1917 онд хөрөнгөтнүүдийн хөрөнгийг хурааж, социалист-коммунист нийгмийг байгуулж байсан ийм түүх бий. Тэгэхээр 30 гэр бүлийн хөрөнгийг хурааж аваад өр төлүүлнэ гэдэг энэ заалт нь “хувьсгал хийх юм болов уу” гэх олон нийтийн анхаарлыг татсан асуулт болж байна.

Сөрөгч хүчин буюу Ардчилсан Намын хувьд цалингийн доод хэмжээг 3 саяд хүргэнэ гэлээ. Гэхдээ цаашлаад ямар сюрприз барихыг хэлээгүй байна. Цалинг 3-5 саяд хүргэнэ, байр орон сууцны хүүгүй зээлээр хангана гэх мэт амлалтууд.

Цалинг 3-5 саяд хүргэх амлалт эдийн засгийн хувьд биелэгдэх боломж хэр бол?

Дэлхийн улс орнуудын дундаж цалин 3.5-аас 5000 мянган доллар буюу монгол мөнгөөр 9 саяас 13 сая төгрөг юм байна. Ингэхээр монголчууд 3-5 сая төгрөгийн цалин авах ёстой юу гэвэл, ёстой. Тийм боломж бол монголчуудад байх ёстой. Ямар арга замаар 3-5 саяд хүргэж, дундаж цалинг нэмэх вэ?

Эдийн засагчдын хэлж байгаагаар, бид өөрсдөдөө байгаа боломж нөөцөө ашиглах хэрэгтэй. Ялангуяа хөдөө аж ахуй дээрээ суурилаад томоохон Мега төслүүдийг хөдөлгөөд явах юм бол бидний цалин нэмэгдэх боломж бий. Гэхдээ улс төрчид үүнийг хүсэж байна уу гэдэг нь тусдаа асуудал. Нөгөө талаас, одоогийн нөхцөл байдлаас ярих юм бол 2020-2024 оны хооронд эдийн засгаа тэлээд иргэдийн цалин 3-5 саяд хүрэх үү гэвэл боломжгүй. Яагаад гэвэл, 1-рт коронавирус нөлөөлнө. 2-рт цалин нэмэх асуудал бол урт хугацааны хөгжлийн бодлогоор л шийдэгдэх ёстой. Өөрөөр хэлбэл улс төрчид, ЗГ тогтвортой ажиллаж байж өмнөх ЗГ-ынхаа, өмнөх төрийнхөө бодлогыг үргэлжлүүлэн хэрэгжүүлж, залгамж чанарыг бий болгох хэрэгтэй. Ийм олон жилийн үйл ажиллагаагаар цалинг өндөрт өсгөх боломж бий болно. Улс орнуудын түүхийг авч үзэхэд, нэг нам 12-16 жил тасралтгүй Засгийн эрх барьж, дунд болоод урт хугацааны бодлогоо зөв, тууштай хэрэгжүүлж байж үр дүнд хүрч байсан. Гэтэл Монголд дөрөв дөрвөн жилийн хугацаатай намууд нь солигдоод байдаг. Учир нь ард түмнийхээ итгэлийг олж авч чаддаггүй.

Эндээс дүгнэхэд, сонгуулийн амлалт гэдэг бол 4 жилийн хугацаанд биелэгдэх зүйл биш нь ойлгомжтой. Ялангуяа 2004 оноос эхлэлтэй мөнгөний амлалтууд ард түмнийг хууран мэхэлж, төөрөгдөлд оруулж, талцуулан хэрэлдүүлж, санал авахын тулд мөнгө хаядаг ийм тогтолцоо руу шилжсэнээс хойш ард түмэн улс төрийн хүчнүүдээс одоо ямар сюрприз, ямар гэнэтийн бэлэг барих бол гэж хүлээдэг, шүүмжилдэг болжээ.

Сэтгүүлч Н.Лхамсүрэн

НҮҮРСТЭЙ МАШИНУУД ХИЛЭЭР ГАРААД ЭХЭЛСЭН ЧИНЬ Л АЛТ ТУШААЛТ БУУРААД ЭХЭЛСЭН ГЭНЭ ҮҮ

Ухань хотод анх дэгдсэн титэм вирусын дуулиан өндөрсөх үед буюу 2020 оны 1-р сарын 10-наас эхлээд л Монгол улс хилээр орох гарах бүх хөдөлгөөнийг хатуу хянаж зарим боомтуудыг бүрмөсөн хааж эхэлсэн билээ. Яг тэр мөчөөс эхлэн Монгол банкинд тушаах алтны хэмжээ ч эрс хурдтай нэмэгдээд эхэлсэн ажээ.

Дэлхийн зах зээлд алт, үнэт металлын үнэ ч дээшээ цойлоод эхэлсэн бөгөөд өмнө нь улсын хилээр алтны нэмэлт татвараас зайлхийн урагшаа нууцаар гаргадаг байсан хүмүүс Монгол банкинд тушаахаас өөр аргагүй болсон нь ч гарцаагүй юм. Ингээд алт тушаалт санаанд оромгүй хурдтай нэмэгдэж эхэлсэн ажээ. 2019 онд буюу нэг жилийн өмнө Монгол банкинд 597 кг 100 грамм алт тушаагдаж байсан бол өнөө жил 3 тонн,557 кг,600 грамм алт тушаасан дүн гарчээ.

Тэгвэл 2019 оны 2-р сард 95-хан кг алт тушаагдаж байсан бол өнөө жилийн хоёрдугаар сард 952 кг, 500 грамм болон нэмэгдэж алт тушаалт арав дахин өссөн дүн гарчээ. Тэгэхээр өмнө нь улсын хилээр гаргадаг бүхий л эд зүйлсийг хянаж цагдан “Буяныг үл гарган тогтоож, бузарыг цөм цохин буцаах“ тангарагтай Хилийн цэрэг, Мэргэжлийн хяналт, Гаалийн албан хаагчид маань алт зөөдөг далд сүлжээнд орчихоод байсан юм биш үү гэсэн хардлага төрүүлж байна.

Харин өнгөрсөн 3-р сарын 6-нээс эхлэн Замын-Үүдээс вагоны чингэлгээр нүүрс зөөвөрлөж эхэлсэн бөгөөд мөн 3-р сарын 23-ны өдрөөс эхлэн Гашуун сухайтын боомтоор ачааны машинаар нүүрс зөөвөрлөх зам тээвэрийн ажил эхэлсэн билээ. Тэгвэл эдгээр хилийн хөдөлгөөн эхэлсэн цагаас хойш Монгол банкинд тушаах алтны хэмжээ буурч, сулраад эхэлсэн сураг ч дуулдах болов.

Ингэхлээр улсын хилээр татвараас зайлсхийсэн буюу алтыг нууцаар гаргадаг далд сүлжээ ч бас сэмхэн ажиллаад эхэлсэн байж магадгүй гэсэн хардлага төрүүлж байна. Хориод хоногийн өмнө гаальд ажилладаг нэгэн нөхөр “Гааль ёстой ямар ч ашиггүй, амьдралгүй газар болчихлоо. Ажлаасаа гардаг ч юм бил үү. Цалингаараа яаж амьдрах юм“ хэмээн халамцуу явж байсан сураг дуулдсан. Нүүрсний тээвэр эхэлсэнээр нэг тиймэрхүү хүмүүсийн нар нь мандан сэтгэл нь уужран цээж нь тэнийж байж мэдэх л юм даа.