ШАРТАЛТЫН ЗОВИУР ЭЛЭГНИЙХЭЭ 60%-ИЙГ ТАЙРУУЛСАН МЭС ЗАСЛЫН ДАРААХ ҮЕТЭЙ АДИЛХАН

Хавдрын эмнэлэг хүнээр хахжээ. Энэ бол монголчууд хавдарт “дарлуулж” буйн илрэл. Тэр дундаа элэгний хавдрын өвчлөлөөрөө манай улс дэлхийд дээгүүрт орж буй нь үнэхээр харамсалтай. Элэгний хавдраар өвчлөхгүй байхын тулд бид яах ёстой вэ? Ингээд ХСҮТ-ийн захирал, Францын мэс заслын академийн гишүүн, АУ-ны доктор Ж.Чинбүрэнтэй элэгний өвчлөлийн талаар ярилцсанаа хүргэж байна.

Монголчууд элэгний хорт хавдар өвчинд хамгийн их өртөж байгаа шалтгаан юу вэ?

Элэгний хорт хавдрын өвчлөл дэлхийн дунджаас 6 дахин их байна. Өвчлөл нас, баралтаараа дэлхийд нэгдүгээрт бичигдэж байна. Энэ өвчлөлийн үндсэн шалтгааны 80-аас багагүй хувь нь В, С вирусын гаралтай байгаа. Мөн архины хэрэглээ.

Элэгний өвчнийг эрт илрүүлснээр ямар боломжтой вэ?

Элэг эзэндээ маш их хайртай эрхтэн. Шанага шиг том хавдар ургасан ч эзнээ хайрлаад өвтгөж зовоохгүй олон жил сар явах нь бий. Гэтэл эсрэгээрээ аминдаа хайртай байж эрт оношлуулж чадвал 15 минутын ажилбараар шийдэх боломжтой. Энэ эмчилгээг бид 2008 онд Монголд нэвтрүүлсэн. Тухайн үед жилдээ 20-хон хүн олддог байлаа. Харин сүүлийн жилүүдэд эрс нэмэгдсэн, олон хүн хавдраа жижиг дээр нь эмчлүүлсэн. Хавдрыг бор толбо төдий байхад нь илрүүлж чадвал тусгай жижиг төхөөрөмжийг 120 градус хүртэл халааж түлээд сорви болгочихдог. Хагалгааны маргааш ажилдаа явах боломжтой.

Элэг хүний биед ямар үүрэг гүйцэтгэдэг вэ?

Элэг бол хүний биед оршдог хамгийн том булчирхайлаг эрхтэн. Лаборатори гэж үзвэл 100 гаруй үүрэгтэй. Биднийг хөдөлгөж байдаг булчингийн уургийг үйлдвэрлэдэг, хүний дархлааны системийг бүрдүүлнэ, идэж уусан зүйлсийг хоргүйжүүлж байдаг. Элэггүйгээр хүн орших аргагүй. Гэхдээ бурхан хүний биед нэг гайхалтай эрхтэн бүтээсэн нь элэг. Элэг нь нөхөн төлжих, сэргэх өндөр чадвартай. Эртний Грек домог байна л даа. Олимп гэж бурхан хүн төрөлхтөнд гал хулгайлж өгснийхөө шийтгэлд өндөр хадан хясаанд цовдлогддог. Гэтэл бүргэд ирээд түүний элэгнээс идээд л байж. Гэтэл Олимп амьд байсаар л байдаг гэж. Энэ юу хэлж байна вэ гэвэл элэгний төлжих чанарыг илэрхийлж байгаа юм. Элэг бол эзэн биендээ их хайртай эрхтэн.

Элгээ хайрлаж гамная гэвэл ямар алхам хийх ёстой вэ?

Элгээ хамгаалж, хайрлая гэж байгаа бол та өөртөө В, С вирус байгаа эсэхийг хамгийн түрүүнд мэдэх хэрэгтэй. Мөн 40-50 насныханд илүүдэл жин, таргалалт маш их байна. Энэ нь элэгний ачааллыг нэмэгдүүлж байдаг учраас жингээ хянаж, зохих хэмжээнд барих хэрэгтэй. Мөн эмэгтэйчүүдэд ихэвчлэн тохиолдоод байгаа өтгөн хаталтаас сэргийлэх нь зөв. Өдөр бүхэн өтгөнөө гаргаж байх нь элэг өвдөхгүй байх эхний алхам.

Архи элгийг яаж гэмтээдэг вэ?

Архи уусны дараа шартана гэдэг бол элгээ шууд хороор хордуулсны дараах илрэл. Элэгнийхээ 60 хувийг тайруулах хагалгаанд орсон хүн хагалгааны дараа шарталтын байдалтайгаар 2-3 хонодог. Үүгээр юу гэх гэсэн бэ гэвэл бид архи уухдаа элгээ тийм хэмжээгээр гэмтээж байдаг гэж ойлго. Нэг удаагийн архины дараах шарталт элэгнийхээ 60 хувийг тайруулсан мэс заслын дараах үетай адилхан байна гээд бодохоор аюултай байгаа биз.

Элэг нь өвдсөн хүний шинж тэмдэг яаж илэрдэг вэ?

Элэг их дүлий эрхтэн. Өвдөж байгаа нь төдийлөн эрт мэдэгдээд зовоогоод байдаггүй. Элэг их муудсан хүний царай нь барайгаад, турж эцээд, хэвлий нь устдаг.

Элэг шилжүүлэн суулгах хагалгааны донор хэн байх ёстой вэ?

Эрүүл хүн хагалгаа хийлгэдэг шалтгаан бол амьд донор болох. Төрөл төрөгсөд, ах дүүсийн хүн байх ёстой. Тиймгүй ядарсан хүнд тодорхой мөнгө өгөөд элгийг нь авна гэвэл хүний наймаа болно.

Нэг зүйлийг хамгийн сайн санаж явах хэрэгтэй. Мэс засал сайн хийх нэг асуудал. Үүнээс өмнө өвдөхгүй байх, урьдчилан сэргийлэх, үгүй ядаж эрт үед нь илрүүлэх хамгийн чухал. Жилд оношлогдож байгаа хавдруудын 80 хувь нь хожуу шатандаа илэрч байна. Энэ нь хагалгаа хэдий амжилттай боллоо ч хагалгааны дараах амьдралыг богинохон болгодог аюултай. Хавдрыг эрт үед оношилж чадвал заавал элэг тайрах, элэг шилжүүлэн суулгах хагалгаанд орох шаардлагагүй.

Эх сурвалжаас Н.Лхамсүрэн

УЛСЫН БАЯР НААДМЫГ ТЭМДЭГЛЭХ ӨДРИЙН ТОВ ГАРЛАА

Өчигдөр буюу 6-р сарын 10-нд УОК-оос коронавирусын халдвараас урьдчилан сэргийлэх зорилгоор Үндэсний Их баяр наадмыг зохион байгуулах журмыг олон нийтэд танилцууллаа.

Энэ удаа улс, аймаг, сумдуудын баяр наадмыг зөвхөн долдугаар сарын 11, 12-ны өдрүүдэд зэрэг тэмдэглэн өнгөрүүлэхээр болсон байна. Сумын наадам өөр өдөр болохгүй, аймгийн наадам өөр өдөр болохгүй ба улсын баяр наадамтай давхцаж болох юм.

Үндэсний бөхийн барилдаан, морь, сум харваа нь улсынх нь улсдаа, аймгийнх нь аймагтаа, сумынх нь сумандаа болох тул тус тусынхаа бэлтгэл сургуулилтаа базааж наадамлах нөхцөл байдал бий болоод байна. Суманд барилдаад, аймагт барилдаад, тэр оройноо нисэж ирээд улсад барилдана гэсэн ойлголт байхгүй. Өөрөөр хэлбэл, аймаг аймгийн наадам хэсээд түрүүг нь хамаад явдаг нөхцөл байдал үгүй болох нь дээ.

Ер нь бол ийм байдлаар наадмыг явуулах нь зөв санагдана. Шат шатандаа барилдаж, уралдан, харвадаг байвал замбараатай бөгөөд шударга наадам болж мэдэх.

Харин тухайн бөх, уяач, харваач нар л улсдаа юу, аймагтаа юу, сумандаа юу гэдгээ л сонгох хэрэгтэй болж дээ.

Дашрамд дурдахад, энэ жилийн баяр наадмыг Цэнгэлдэх хүрээлэнд хийхгүй ба хотоос гадагшаа Цончинболдогийн зүгт хийх сурагтай. Баяр наадмыг “Нero”-гийн Баатар найруулахаар болсон ба “XIII зуун” нэртэй наадам болох нь ээ.

Эх сурвалжаас Н.Лхамсүрэн

МАХНЫ ҮНИЙН ХУУРАМЧ МЭДЭЭЛЛИЙГ ТОГТООВ

“Үхрийн нуруу, сээр, хаа, гуяны цул мах 20.000 төгрөг” гэсэн махны үнийн зураг сошиал орчинд тархаад байсан билээ. Харин тэрхүү зураг нь бодит биш бөгөөд фотошопоор засварласан хуурамч мэдээлэл болохыг Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн Яамнаас мэдэгдлээ.

Махны үнийг хуурамчаар засаж бичсэн дээрх худал мэдээлэл нь өндөржүүлсэн бэлэн байдал зарласан энэ үед олон нийтийг төөрөгдүүлэн, ихээр бухимдуулж, үнэ хөөрөгдөх нөхцөлийг бүрдүүлжээ.

Иймд худал мэдээлэл түгээсэн иргэнийг олж тогтоон, холбогдох хуулийн хариуцлага хүлээлгэхээр Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам болон Эрүүгийн цагдаагийн албаны Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх газар хамтран ажиллаж байна.

Эх сурвалжаас Н.Лхамаа

МАХ МАГНАГ БОЛЖ, МОНГОЛЧУУД ӨЛСӨЖ БАЙНА

80 сая малтай монголчууд бид сүүлийн үед мах бараг идэж чадах үгүйдээ тулаад байгаа гэхэд хилсдэхгүй. Өчигдөр буюу зургадугаар сарын 9-ний байдлаар бидний Дэнжийн 1000 гэж нэрлэж заншсан “Хүчит шонхор”худалдааны төвд хонины ястай мах кг нь 10 мянга,цул мах кг нь 11 мянган төгрөгний үнэтэй байна. Харин гадаах чингэлэгүүдэд гулууз мах кг нь 8800-9200 төгрөг аж .”Бөмбөгөр” худалдааны төвд ястай нь 12 мянга, цул нь 12500, “Номин” супермаркетэд ястай нь 12 мянга, цул нь 13500, “Меркури” худалдааны төвд ястай,ясгүй ижилхэн 13500 төгрөгийн үнэтэй байна.

БАГА АНГИЙН 35 СУРАХ БИЧИГТ ЗАСВАР ХИЙНЭ

ЕБС-ийн бага ангийн сурагчдын сурах бичигт нэмэлт засвар хийгдэж байна. Энэхүү засваглагдсан сурах бичгүүд нь сургуулиудын номын сангийн элэгдэл хоргодлыг нөхөх зориулалттай юм.

ЕБС-ийн сурагчдад 150 гаруй төрлийн сурах бичиг хэрэглэгдэж байна. Бага ангид хүүхэд нь суралцдаг эцэг эхчүүдийн хувьд сурах бичгийн агуулгад ихээхэн шүүмжлэлтэй ханддаг. Энэ үүднээсээ ирэх хичээлийн жилд ЕБС-ийн бага ангийн 35 сурах бичигт нэмэлт засвар хийхээр болжээ.

Боловсролын хүрээлэнгийн эрдэм шинжилгээний ажилтан Ж.Дэнсмаа хэлэхдээ “Өнөөдрийн байдлаар бага ангийн 1-5-р ангийн сурагчид 35 орчим нэрийн сурах бичгийг хэрэглэдэг. 2019 онд сургалтын хөтөлбөрийн сайжруулалт хийгдсэнтэй холбоотойгоор бид хичээлийн жилийн нөхөн хангалтын хэрэгцээнд бага ангийн сурах бичгийн засварыг хийж эхлээд байна. Сурах бичгийн 70-80 орчим хувьд нь засвар хийнэ. Гэхдээ энэ бол бүтэн агуулгаараа өөрчлөгдөж байгаа хэрэг биш, сургалтын хөтөлбөрийнхөө агуулга болон судлаач, багш нарын санал, судалгаан дээр үндэслэн сурах бичгийн агуулга, арга зүй, дасгал, даалгаврыг сайжруулах ажиллагаа хийгдэнэ” гэв.

Бага ангийн сурах бичгийн хувьд зарим хичээлийн агуулгыг илүү ойлгомжтой байлгах үүднээс тайлбар, жишээ, бодлого зэргийг нэмэлтээр оруулж өгөх шаардлага гардаг юм байна. Нөгөө талаар бага ангийн сурах бичгийн элэгдэл, хоргодол их байдгийг хэлж байна. Сурах бичгийн агуулгыг сайтар боловсруулж, жишээ бодлогыг нь ойлгомжтой болгосноор олон дахин хэвлэлийн зардал гаргахгүй гэдгийг салбарын Яамны бодлого тодорхойлогчид анхаарах шаардлагатай байна.

Эх сурвалжаас Н.Лхамсүрэн

АМЕРИКЧУУД 156 МОНГОЛ ХҮҮХЭД ҮРЧИЛЖЭЭ

2001 оноос өнөөг хүртэл буюу 20 жилийн хугацаанд 17 орны гэр бүл монгол хүүхэд үрчлэн аваад байна. Уг жагсаалтыг тэргүүлж буй америкчууд 156 хүүхдийг хилийн чанад руу авч оджээ. Түүнчлэн “айргийн тав”-д Герман 35, Франц 22, Итали 20, Голланд долоон хүүхэд үрчилснээр орсон аж. Харин сүүлийн үед нутаг нэгтнүүд маань олноороо хөдөлмөрлөх болсон Солонгос улсын иргэд зургаа, оросууд хоёр хүүхэд өргөж авсан байна. Эдгээр хүүхдийг асрах төвөөс авдаг гэнэ. Дашрамд дурдахад олон улсад хүүхэд үрчлэл зуучлах эрхтэй дөрвөн төрийн бус байгууллага Монголд байдаг ажээ. Гэхдээ хүүхэд үрчилсэн хүмүүстэй цаашдаа холбоотой байдаг эсэх нь тодорхойгүй байна.

ТАЙЛАНД УЛСАД АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛ ЗОГССОНООР ЗААНУУД НЬ ӨЛСГӨЛӨНД ӨРТЛӨӨ

Тайланд улсын эдийн засгийн дийлэнх нь аялал жуулчлал дээр тогтдог. Коронавирусийн улмаас гадны жуулчдын өмнө Тайланд улс хилээ хааж, хөл хорио тогтоосноос болж аялал жуулчлалын салбар нь нэлээд хүнд байдалд ороод байна. Иймээс бараг жуулчингүй, аялал жуулчлал зогссон энэ цаг үед Тайланд улсын заанууд нь идэх хоолгүй бараг л өлсгөлөндөө тулаад байна. Заан бол өдөртөө 200 кг орчим хоол хүнс иддэг. Заануудын асран хамгаалагчид бараг 4000 орчим заануудыг тэжээх, хоол хүнсээр хангахын төлөө зүтгэж байгаагаа хэлжээ. Заан хамгаалах сангийн тэргүүн “Хэрвээ эдгээр заануудыг аюулгүй байлгах дэмжлэг байхгүй бол хээлтэй заанууд нь турж үхэх эрсдэл өндөр байна. Тиймээс тэднийг аврахын тулд гадаа гаргаж гудамжинд тавьж болох юм. Нөгөө талаар зарим заануудыг амьтны хүрээлэнгүүдэд зарж борлуулахаас аргагүйд хүрнэ” гэж нөхцөл байдлынхаа талаар тайлбарлан ярьжээ.

Тэгэхээр заануудыг хооллох нь хамгийн чухал ч гэсэн тэдгээрийг хооллохын тулд тавих ой мод Тайланд улсад хангалттай биш байгааг албаныхны зүгээс хэлж байна.

Заануудын хувьд хоол идээд гэдэс нь цадаад баярлахаараа сүүлээ хөдөлгөж, чихээ сэгсэрдэг гэнэ. Цар тахлын улмаас заанууд маш өлсгөлөн байгаа учраас сүүлийн өдрүүдэд ийм баярласан үйлдлүүдийг огт гаргасангүй гэж асран хамгаалагчид нь хэлж байна.

Тайланд улсад өнөөдрийн байдлаар коронавирусийн нийт тохиолдлын тоо 1651-д хүрсэн. Үүнээс 10 хүн нас барсан гэсэн мэдээлэлтэй байна.

Эх сурвалжаас Н.Лхамаа

БНАСАУ “АВАРГА ТОМ” ПУУЖИН ХӨӨРГӨГЧ ТУРШЖЭЭ

Умард Солонгос (БНАСАУ) өчигдөр улсынхаа зүүн Вонсан боомтын бүсээс ойрын тусгалтай хоёр пуужинг харваж туршсан байна. Энэ хоёр пуужин нь 50 км-ын өндөрт, 410 км замыг туулж Японы тэнгист унажээ. Умард Солонгосын орон нутгийн цагаар Даваа гаригт супер том пуужин хөөргөгчүүдийг туршсан гэж албаны эх сурвалжууд мэдээлжээ.

Өмнөд Солонгосын (БНСУ) тал үүнийг зэмлэн буруутгаж “Дэлхийн хэмжээнд коронавирусийн халдвар тархаад байгаа энэ хүнд цаг мөчид пуужингийн туршилт хийх нь маш зохисгүй үйлдэл байна. Цаашдаа энэ үйлдлээ зогсоогооч!” гэсэн мэдэгдлийг хийсэн байна.

БНАСАУ-ын тал “коронавирусийн нэг ч тохиолдол бүртгэгдээгүй” гэж байгаа боловч үүнд нь экспертүүд эргэлзэж байгаа тухай гадны эх сурвалжууд онцолжээ.

Энэ удаагийн туршилт нь Умард Солонгосын энэ сард хийсэн найм, ес дэх туршилт болж байгаа ба ганцхан сарын дотор хамгийн олон пуужин туршсан тохиолдол болж байна гэж Өмнөд Солонгосын эх сурвалжууд бичжээ. Мөн энэ пуужингууд урьд өмнө харж байгаагүй шинэ пуужингууд байсан талаар ч албаныхан мэдээлсэн байна.

Энэ оны эхээр БНАСАУ-ын удирдагч Ким Чен Ун “Цөмийн болоод холын тусгалтай пуужингийн туршилтаа зогсоож байна” гэдгээ мэдэгдсэн. Тэрээр “Дэлхий ойрын ирээдүйд шинэ стратегийн зэвсгийн гэрч болно” гэсэн заналхийллийг дэлхий нийтэд хандан хэлжээ.

Тус улс хамгийн сүүлд 2019 оны 11-р сард “супер хүчтэй” баллистик пуужингийн туршилт хийсэн гэдгээ мэдэгдсэн ба өнгөрсөн 5-р сараас хойш ойрын тусгалтай баллистик болон бусад пуужингийн хэд хэдэн туршилтыг хийжээ. Мөн өнгөрсөн оны 12-р сарын эхээр “супер хүчтэй” калибрын пуужингийн туршилт хийж, түүнийгээ амжилттай болсон гэж тухайн үед зарлаж байв.

Харин АНУ-ын хувьд БНАСАУ-ыг цөмийн хөтөлбөрөөсөө бүрэн ангижирсан нөхцөлд л тус улсыг хориг арга хэмжээнээс гаргана гэсэн байр сууриа илэрхийлсээр байгаа юм байна.

Эх сурвалжаас Н.Лхамсүрэн

ГАРААД ЗУГТААХ ГАДААД НЬ ХИЛЭЭ ХААЧИХСАН ТУЛ МОНГОЛЫН ТОМЧУУД САНДРАЛДАН ЭМНЭЛГИЙН ДАРГА НАРЫН УТСЫГ НЬ УЛАЙСТАЛ ЗАЛГАДАГ БОЛЖЭЭ

Монголын томчууд томчууд гэж бид хөөргөдөг хэдий ч тэд үнэндээ нийслэл хотын 40 мянгат тойрсон хэдхэн орон сууцны иргэд болон төрд гайгүйхэн шиг алба хашиж байсан сэхээтэн болон хурган дарга нарын үр хойчис гэдгийг бүгд мэднэ. 1990 оноос хойш танил нэгнээ болон ах дүүсээ өөд нь татаж эзгүйрсэн төрийн өмчөөс хөнгөн үнэгүй завших замаар л томорсон тэдгээр нөхдүүд хадгаламжиндаа тэрбумаас дээш төгрөгтэй болмогцоо л Монгол улсын эмнэлэг гэдгийг бүрмөсөн мартаж байнга л гадагшаа нисэж очин эмчлүүлдэг болсон аж.
Тэдний байнгын очиж эмчлүүлдэг улсуудын тоонд Өмнөд Солонгос, Япон, Сингапур, Тайвань мөн Европоос Герман, Франц, Италийн өндөр хөгжсөн эмнэлгүүд багтдаг бөгөөд жаахан л эвгүйцвэл тэднийг зорин очиж шүдээ авахуулж, халуунаа үзүүлж, ханиадны эм, аптекаас нь худалдан авч, гэдэс нь гүйлгэхэд хүртэл Шведийн Стокольмийн эмийн сангаас л очиж эм авахгүй бол намжихгүй юм шиг бодогдоод санаа нь амрахаа больцгоосон улс гэдэг.
Гэвч эх орноо голж хаясан хүмүүсийг “Ковид-19” цар тахал ёстой нөгөө номонд нь оруулна гэдэг шиг л төрөлх эх орноос нь ондоо гадаадын ямар ч улс орнууд тэдэнд нүүр өгөх нь бүү хэл бөгс ч хавчуулах зав чөлөөгүй болцгоосон билээ. Ийнхүү хүссэн ч хүсээгүй ч бие хаа нь өвдвөл Монголынхоо муу сайн эмнэлэгт хэвтэж л эмчлүүлэхээс ондоо аргагүй болсонд ихэд балмагдаж тэвдсэн монголын толгой баячууд маань сүүлийн үед томоохон эмнэлгийн дарга захирлууд руу ээлж чөлөөгүй залгаж хэд хэдэн өрөөтэй томоохон тохилог үйлчилгээ сайтай өрөө байна уу хэмээн асууж сураглаж, мөнгө төгрөг амлан хэрэндээ л балмагдаж байгаа сурагтай.
Гэвч эмнэлгийн салбарууд онц байдлын үед ажиллаж байгаа болохоор тэднийг гэр бүлээр нь үр хүүхэдтэй нь хамт гадаадын өндөр үнэтэй сувилалд байгаа юм шиг жаргаах эмнэлэг хаанаас олдох билээ. Хувийн эмнэлгүүдэд л тийм боломж байж болох ч гарын арван хуруунд багтах гайгүй гэсэн хувийн эмнэлгийн хэдхээн өрөөг нь бүүр ч ланжгар долларын тэрбумтанууд нь аль хэдийнээ давхар давхараар нь худалдаад авчихсан ажээ. Ийнхүү өвдөж хавдвал жирийн ард иргэдтэйгээ л хамт ядуухан эмнэлгийн хонгилд дугаарлан шахалдаж эмчлүүлнэ гэхээс л зүрх нь үхсэн шинэ монголын цээж баячууд эмнэлгийн дарга удирдлагуудын утсыг нь улайсаж халтал нь залгаж яридаг болсон гэнэ. Хөөрхийс минь цагийн самууныг далимдуулж л задарсанаас биш жирийн л нэг ядарсан хүмүүсийн хоосон толгойтой үр сад гэдгээ одоо л яс махаараа мэдрэх цаг нь тэдэнд ирж дээ.

“КОВИД-19” ЦАР ТАХАЛ ХЯТАДААС АЛДАГДСАН БИОЛОГИЙН ЗЭВСЭГ МӨН БОЛ ДЭЛХИЙГ ЭЗЭГНЭХ ЗЭВСЭГТЭЙ БОЛЧИХСОН ЮМ БИШ ҮҮ

Бактерлогийн болон биологийн зэвсгийн үйлдвэрлэл өнгөрсөн 20-р зуунд маш эрчимтэй явагдсан. Япончууд гэхэд л дэлхийн 2-р дайны үед бүхэл бүтэн шинжилгээний анги ажиллуулж байсан ч гарах үр дагавраас нь эмээгээд хэрэглэж чадаагүй гэдэг.
Хүйтэн дайны үед ЗХУ болон АНУ түүний холбоотнууд мөн Хятад улс бие даан энэ чиглэлээр хөөцөлдөж эхэлсэн бөгөөд одоо ч ОХУ болон АНУ, Хятадад биологийн төрөл бүрийн туршилт хийх томоохон институтууд маш нууц туршилтуудыг хийсээр байгаа билээ. Цар тахал дарагдах нь бүү хэл мутацид орж хувиран дэлхийгээр нэг тархсан нь энэ чинь байгалиас гаралтай биш харин ухаалгаар боловсруулсан технологи юм биш үү гэсэн хар сэжгийг олон улс оронд төрүүлээд байгаа билээ. Гэвч хэрвээ цар тахал нь байгалиас үүссэн өвчин биш зориудаар гаргасан зэвсэг юм бол түүнийг анх бүтээсэн мөн гадагшаа алдсан улс орон бүхэл бүтэн хүн төрөлхтөний өмнө ял хариуцлага хүлээхээс өөр гарцгүй болчихоод байна.
Саяхан нэг хэсэг АНУ, Хятад хоёр энэ талаар “Чамаас болсон. Чамаас л болсон“ хэмээн бие биен рүүгээ нэг хэсэг бухаж байгаад нам жим болох шиг боллоо. Хэрвээ олон эрдэмтэдийн хардаж байгаагаар Уханийн ханиад нь тус хотод байрладаг аварга том химийн нууц үйлдврүүдээс алдагдсан бол өнөөдөр БНХАУ–ын хувьд дэлхийг гартаа оруулах айхтар хүчирхэг биологийн зэвсгийг гартаа оруулчихаад байна гэсэн үг юм.
Одоогоор Хятадад хяналтыг гартаа авч бага багаар хөл хорио тавигдан амьдрал сэргэж байгаа билээ. Хамгийн олон хүн амтай, битүү шигүү суурьшдаг энэ улс халдварын тархалтыг маш хурдан зогсоож хяналт тавьж чадсан нь гайхал төрүүлж байна. Үнэхээр БНХАУ хими биолигийн зэвсгийн туршилтанд алдаа гаргасан хэдий ч “Ковид-19” хэмээх ийм зэвсэгтэй болж чадсан нь үнэн бол одоо түүнийгээ эрс сайжруулаад л дэлхий нийтийг бүрэн эзлэх хүч чадалтай болно гэсэн үг юм.
Корона вирусын халдварын хурдыг улам нэмж, вирусын эд юмс дээр амьдрах хугацааг сунгаад саван болон усанд арилж устахгүй чанартай, мөн хэт хүйтэн, хэт халууныг тэсвэрлэх чадалтай болгоод зогсохгүй уг халдвараар өвчилсөн ямар ч насны хүмүүс 2-3 хоногийн дотор үхүүлдэг болгочих юм бол дэлхий нийтээрээ л Хятадын хөлд дагжин чичирнэ гэсэн үг. Тэгж сайжруулсан биологийн зэвсэгийг эсэргүүцэх вакцин үйлдвэрлэх гэсээр байтал дэлхийн улс орнууд тахлаар хиараад дуусах биз.
Хэрвээ үнэхээр Хятад улс химийн аргаар энэ вирусыг бүтээсэн бол дэлхийд ноёрхох хаан зэвсгийг гартаа атгаж байна гэсэн үг юм. Гэхдээ АНУ, Израйль, ОХУ, Япон зэрэг зэр зэвсгийн өндөр хөгжилтэй улс орнууд ч Хятадаас нэг их хоцролгүй “Ковид-19”-ийг цаашдаа лабораторийн нөхцөлд үржүүлэх, хувьсгах ажлыг хийж чадах учраас дэлхийн их гүрнүүд нэгэн зэрэг шахуу үй олноор нь өвчнөөр хиаруулах зэвсэгтэй болсноо зарлаж мэднэ.
Яваандаа дэлхийн хүн амыг зорилготойгоор цөөрүүлэх, шинэ газар нутаг бий болгох зэрэг хүмүүн бусын үйлсэд ч тэрхүү зэвсгээ хэрэглээд эхэлж мэдэх юм даа.