УЛСЫН БАЯР НААДМЫГ ТЭМДЭГЛЭХ ӨДРИЙН ТОВ ГАРЛАА

Өчигдөр буюу 6-р сарын 10-нд УОК-оос коронавирусын халдвараас урьдчилан сэргийлэх зорилгоор Үндэсний Их баяр наадмыг зохион байгуулах журмыг олон нийтэд танилцууллаа.

Энэ удаа улс, аймаг, сумдуудын баяр наадмыг зөвхөн долдугаар сарын 11, 12-ны өдрүүдэд зэрэг тэмдэглэн өнгөрүүлэхээр болсон байна. Сумын наадам өөр өдөр болохгүй, аймгийн наадам өөр өдөр болохгүй ба улсын баяр наадамтай давхцаж болох юм.

Үндэсний бөхийн барилдаан, морь, сум харваа нь улсынх нь улсдаа, аймгийнх нь аймагтаа, сумынх нь сумандаа болох тул тус тусынхаа бэлтгэл сургуулилтаа базааж наадамлах нөхцөл байдал бий болоод байна. Суманд барилдаад, аймагт барилдаад, тэр оройноо нисэж ирээд улсад барилдана гэсэн ойлголт байхгүй. Өөрөөр хэлбэл, аймаг аймгийн наадам хэсээд түрүүг нь хамаад явдаг нөхцөл байдал үгүй болох нь дээ.

Ер нь бол ийм байдлаар наадмыг явуулах нь зөв санагдана. Шат шатандаа барилдаж, уралдан, харвадаг байвал замбараатай бөгөөд шударга наадам болж мэдэх.

Харин тухайн бөх, уяач, харваач нар л улсдаа юу, аймагтаа юу, сумандаа юу гэдгээ л сонгох хэрэгтэй болж дээ.

Дашрамд дурдахад, энэ жилийн баяр наадмыг Цэнгэлдэх хүрээлэнд хийхгүй ба хотоос гадагшаа Цончинболдогийн зүгт хийх сурагтай. Баяр наадмыг “Нero”-гийн Баатар найруулахаар болсон ба “XIII зуун” нэртэй наадам болох нь ээ.

Эх сурвалжаас Н.Лхамсүрэн

Хийлч Ч.Дэлгэрцэцэгийн ШҮТЭН БИШРЭГЧ ОХИН Б.БҮЖИНЛХАМ: НАДАД ДЭЭГИЙ ЭГЧ МАШ ИХ НӨЛӨӨЛСӨН

Хөл хориотой энэ үед монголчуудыг цэнхэр дэлгэцийн өмнө уяж буй хоёр нэвтрүүлгийн нэг нь “Монгол” телевизийн “The voice of Mongolia”, нөгөө нь “25-р суваг “телевизийн “21000” гэхэд хилсдэхгүй. “21000”шоу нэвтрүүлэгт УГЖ Л.Баттулга, СТА, хийлч Ч.Дэлгэрцэцэг нар оролцож байгаа билээ. Ингээд хийлч бүсгүйн шүтэн бишрэгч нэгэн охинтой хийсэн ярилцлагыг та бүхэнд хүргэе.

-Юуны өмнө манай уншигчдад өөрийгөө танилцуулаач…

-Сайн байна уу? Бүгдэд нь энэ өдрийн мэнд хүргэе. Намайг Бүжинлхам гэдэг. Удахгүй ирэх сард 15 нас хүрнэ. Хийлч Дэлгэрцэцэг буюу Дээгийгийн улаан, ногоон, цагаан фэн нь (инээв).

-Сүүлийн үед “25-р суваг”телевизийн “21000”шоу нэвтрүүлэг үзэгчдийг цэнхэр дэлгэцийн өмнө уяж байгаа гэхэд болно.Чи мэдээж хийлч бүсгүйг дэмжиж байгаа байх…

-Хоёр оролцогч маань хоёулаа миний хүндэлдэг,маш мундаг улс.Гэхдээ фэн нь болохоор Дээгий эгчийгээ чин сэтгэлээсээ дэмжиж байгаа.Хоёр жилийн өмнө “Хийлч Дээгийг “21000”шоунд оролцуулж болох уу?” гэж “25-р суваг” телевизэд захидал бичиж байсан маань одоо биеллээ олчихсон байна. Тиймээс үдэш бүр цэнхэр дэлгэцийнхээ өмнө тухлан сууж,шоугаа үзэж байгаа.Хэн нь ч ялсан, миний хувьд Дээгий эгч маань ялагч байх болно.

-Яагаад хийлч Дэлгэрцэцэгийн фэн болов?Хэр удаж байна вэ?

-Фэн нь болоод 4-5 жил өнгөрчээ.”Авьяаслаг монголчууд”шоу гарч эхэлснээс хойш Дээгий эгчийг мэддэг болсон.Тэр үеэс фэн нь болсон гэхэд хилсдэхгүй. Би өмнө нь их ааштай,бусадтай таардаггүй,сөрөг хандлагатай хүүхэд байсан юм.Тиймээс жил ирэх тусам найзуудын тоо цөөрч,зургадугаар ангид буюу өсвөр нас эхэлж байхад маш их ганцаардан,сэтгэл зүйн хувьд хэцүү байсан.Хүүхдүүд намайг үзэхгүй,гадуурхана.Яг тэр үед “Би ер нь яачихсан юм бэ?Яагаад бүгдээрээ надад дургүй байдаг юм бэ?” гэж өөрөөсөө бурууг хайж,их бодсон.Тэгээд “Би болохгүй байгаа юм байна.Энэ муухай зан ааш,харьцаа хандлагаа өөрчлөх ёстой”гэж ойлгосон.Нэг удаа оройн хоол хийж байхдаа яагаад ч юм бэ Дээгий эгчийн ярилцлагыг олоод үзчихсэн юм.Тэр цагаас хойш “Хийлч Дэлгэрцэцэг эгч маш мундаг,ухаалаг,төлөв даруу,эелдэг,хамгийн гол нь их өөрийнхөөрөө хүн”гэж боддог болсон.Тэгээд л “Би яг энэ хүн шиг ийм энгийн,төлөв даруу,эелдэг бас ухаалаг байх ёстой юм байна.Юм бүхнийг сөргөөр бодож,бусдад муухай хандаж болохгүй юм байна”гэдгийг маш сайн ойлгосон.Сэтгэлийн хаттай ч болсон.Ерөнхийдөө тэр хүний байгаа байдал,зан чанар,хувь хүн нь намайг фэн нь болоход маш их нөлөөлсөн.Гэхдээ фэн нь байлаа гээд бүх зүйлийг даган дуурайх хаашаа ч юм бэ.Хүн болгоноос сайныг нь харж,суралцах нь хамгийн зөв гэж боддог.

Хийлч бүсгүйтэй танилцах гэж уйгагүй хөөцөлджээ дээ…

-Тийм.Танилцах гэхээсээ илүү бусдаас ялгарч,өөрийгөө таниулах гэж их хичээсэн.”Би яаж бусдаас ялгарч,энэ хүнд өөрийгөө таниулах вэ?Яаж улаан фэн нь гэдгээ илэрхийлэх вэ?”гэж маш их бодсон.Мөрөөдөлдөө хүрэхийн тулд заавал нэг зүйл хий гэдэг дээ.Тиймээс гурван жилийн өмнө фэн фэйсбүүк хаяг нээгээд,тэндээсээ чат бичиж эхэлсэн.Эхэндээ Дээгий эгч мессежийг минь харчхаад,хариу бичдэггүй байв.Гэхдээ нэг л өдөр маш сайхан хариу бичнэ гэж үргэлж итгэдэг байсан учраас уйгагүй бичээд л байлаа.Тэгсэн төд удалгүй “Хөөрхөн дүүдээ баярлалаа.Ийм хөөрхөн фэнтэйдээ би маш их баярладаг”гээд л бичиж эхэлсэн дээ.Одоо чатлаад хоёр жил гаран болчихсон байна.Дээгий эгч их эелдэг,бусдад чин сэтгэлээсээ ханддаг учраас намайг маш сайхнаар хүлээж авсан.

-Та хоёр их дотно харьцаатай бололтой…

-Дээгий эгч ээж,эгч,найз шиг минь байдаг.Үргэлж надад зөвийг хэлж,урам зоригоор тэтгэхийн сацуу намайг маш сайн сонсдог.Цуг байхад дулаахан,хайр дүүрэн мэдрэмж төрдөг шүү.Цаанаа л нэг тийм эерэг,дулаахан энергитэй хүн.Анх тэгж боддоггүй байлаа.Харин харьцаад,тулаад,илүү сайн мэддэг болоод ирсэн чинь миний төсөөлж бодсоноос ч илүү сайхан хүн байсан.

-Та хоёр багш шавийн барилдлагатай юу?

-Би хөгжмийн сургуульд нь сурдаг л даа.Намайг хариуцагч багш маань улсын филармонийн Хулан гэж мундаг хийлч бий.Хүмүүс хөгжмийн зохиолч,төгөлдөр хуурч Чинбаттай хамтарч тоглодгоор нь сайн мэдэх байх.Дээгий эгч намайг ерөнхийд нь шалгаад явдаг.Өөрөө их завгүй болохоор надад хийл заах цаг жаахан хомс байдаг гэх үү дээ.

-Яагаад хийл сурах болов?

-Би урлагт их дуртай.Бага байхаас маань л ээж “Bond”хамтлаг болон Lindsey Stirling,David Garett,Vanessa Mae нарын алдартай хийлчийн тоглосон аялгууг сонсгодог байсан юм.Магадгүй тэр нь хийл сурахад маань нөлөөлөө биз.Тавдугаар ангидаа би хийлд маш ихээр дурласан.”Энэ хөгжмийг би заавал сурна”гэж дөрвөн жил бодож мөрөөдсөөр жилийн өмнөөс сурч эхэлсэн дээ.

-Энэ хугацаанд ямар нэг уралдаан тэмцээнд оролцов уу?

-Хичээллэж эхлээд 5-6 сар орчим болж байхдаа сургуулийн урлагийн үзлэг дээр тоглосон.Уралдаан тэмцээнд орж амжаагүй ээ.

-Сурдаг хөгжмийн сургуулийнхаа талаар яриач…

-Дээгий эгч хувийн хөгжмийн сургуультай болохыг олон жил хүсэж мөрөөдсөөр 2015 онд Дээгийгийн хөгжмийн сургууль буюу Degi’s music school-ыг үүсгэн байгуулсан юм билээ.Өмнө нь сургалт явуулдаг байсан.Degi’s music school нь Баянзүрх дүүргийн 26-р хороонд байрлах Энканто хотхоны 305-р байрны 1 тоотод үйл ажиллагаагаа явуулдаг бөгөөд олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн Сүзүки сургалтын албан ёсны эрхтэй.Энэ сургалт нь дэлхийн олон улс оронд танигдсан,тусгай ном,заах арга барилтай япон сургалт л даа.Мөн хийл,төгөлдөр хуур,гитарын ганцаарчилсан сургалттай,багш нар нь бүгдээрээ мэргэжлийн сургууль төгссөн,чадварлаг хүмүүс.Сургалт маань долоо хоногт 40 минутаар хоёр удаа хичээллэдэг.Сонирхсон хүн байвал Degi’s music school фэйсбүүк хаяг болон 91117971 дугаарын утсаар холбогдож болно.

-Хөл хориотой энэ үеийг хэрхэн өнгөрүүлж байна вэ?

-Би айлын том хүүхэд,хоёр дүүтэй.Ихэнхдээ гэртээ дүү нараа харж байна даа.Амралтын өдрүүдэд эмээ,өвөөгийндөө очиж,агаар салхинд гарна.Хэдийгээр хөл хориотой,сургууль цэцэрлэг хаагдсан нь муухай ч гэлээ хэзээ ч амждаггүй байсан зүйлээ хийж үзэх,шинийг сурах маш их цаг хугацааг гаргаж өгсөн.Тэр талаараа хөл хорио надад маш их үр өгөөжтэй,ашигтай санагдаж байгаа.Эхний 2-3 сар урсгалааараа,тааваараа гэдэг шиг л байсан шүү.Өдөр шөнөгүй гадаадын олон ангит кино үзэж,үеэлүүдтэйгээ онлайнаар тоглон,хүссэн үедээ хүссэн хугацаагаараа хөгжмөө давтаад,ер нь л юу дуртайгаа хийсэн.Удалгүй тоглож ханаад,кино үзэхээсээ ч залхаж,уйдахаараа хичээл хийж,шинэ хэл сурмаар санагдаад, солонгос хэл бие даан сурч эхэлсэн.Хөгжмөө илүү сайн давтаж,калимба гэдэг хөгжим сурч байна.Мөн хоолны шинэ жоруудыг гэртээ туршиж үзсэн.Удахгүй найзуудтайгаа бассейнд явах гэж байгаа.

-Чөлөөт цагаараа юу хийдэг вэ?

-Голдуу хөгжмөө давтдаг.Бусад үед бичлэг үзнэ,подкаст,аудио ном сонсч,уншина.Найзуудтайгаа ярьдаг,тэмдэглэл хөтөлж,солонгос хэлээ давтана.

-Одооны хүүхдүүд ном бага уншдаг болсон юм шиг надад санагддаг…

-Санал нэг байна.Би ч гэсэн ном их уншдаг хүүхэд биш.Урьд нь ээж,аав хоёр “Унш”гээд зөндөө ном авч өгөн шахдаг байлаа.Харин надад улам л уншмааргүй санагдана.Би хувь хүний хөгжил болон түүхэн романууд унших дуртай.Заримдаа ном уншиж үнэхээр амждаггүй.Хааяа залхуурвал гэр цэвэрлэх юм уу ийш тийш явахдаа аудио хэлбэрээр нь сонсчихно.Харин уншихаар бол ихэнхдээ шөнө эсвэл чимээ аниргүй орчинд.Тийм үед надад саад болох юу ч байхгүй,анхаарал маш сайн төвлөрдөг.Миний бодлоор яг юунд дуртайгаа олж мэдээд,ном унших тогтсон цаг,чимээгүй орчинг бүрдүүлэх хэрэгтэй.

-Хөл хорионы үед ямар ном уншив?

-Хэктор Гарсиа,Францез Мораллес нарын “Икигай”гэдэг ном уншсан.Япончуудын урт наслалт,эрүүл зөв амьдрал,хоол ундны тухай ном л доо.Амьдралын зөв хэмнэлтэй байвал 100-гаас илүү ч насалж болно гэдгийг ойлгосон,тэр номыг уншаад.Бас зохиолч Сарантуяагийн “Яг л ээж,эгч,найз шиг”гэдэг ном уншсан.Эмэгтэйчүүдийн амьдралын тухай өгүүлсэн энэ номноос ирээдүйд яаж мундаг эмэгтэй,хань,ээж,эгч,найз байх вэ гэдгийг ойлгож авсан.Одоо Америкийн тэргүүн хатагтай асан Мишель Обамагийн “Миний түүх”номыг аудио хэлбэрээр сонсч байна. -Тэгвэл хамгийн таалагдсан ном гэвэл… -Женнифер Скотт гэдэг америк зохиолчийн “Шин хатагтайн зөвлөгөө”номыг онцолмоор байна.Франц эмэгтэйчүүдийн амьдралын хэв маяг,яаж энгийн мөртөө үзэсгэлэнтэй,ухаалаг гэрийн эзэгтэй байх,мөн эмэгтэй хүн ямар байх хэрэгтэйг маш сайн тусгаж өгсөн.Би Европод их дуртай.Тэр тусмаа Итали,Францад.Тэндхийн эмэгтэйчүүдийн амьдралын хэв маягийг их сонирхдог.Тиймээс энэ ном надад маш их таалагдсан.Эмэгтэй хүн бүхэн энэ номыг уншаасай.

-Өдөрт хэдэн цаг хийлээ давтдаг вэ?

-Өдөр бүр давтаж чаддаггүй ч нэг давтахаараа хамгийн бага нь хоёр цаг.Эхлээд гараа халаагаад,дараа нь сурах зохиолдоо орно.Тэгээд нэг л мэдэхэд бүтэн өдөр өнгөрчихсөн байдаг юм.Анхаарлаа сайн төвлөрүүлээд,яг тэр мөчид бүх зүйлээ хийлээ давтахад зориулж,сурах зохиолдоо бүрэн орж чадвал хугацаа хамаагүй юм шиг санагддаг.Бүрэн төвлөрсөн хүн л цаг анзааралгүй үр дүнтэй,чанартай,сайн давтаж чаддаг. -Хэдэн хийлтэй вэ? -Одоохондоо сургалтын ганцхан хийлтэй.Удахгүй бүр мундаг тоглодог болчхоод гоё хийл авна гэж боддог.Би бас үкүлэлэ гэдэг хөгжим тоглодог юм.Энэ нь гитар шиг хэрнээ хөг,дуугаралт болон хэмжээгээрээ гитараас өөр.Хөл хорионы энэ үед төгөлдөр хуур болон калимба хөгжмийг бие даан сурч байгаа.Төгөлдөр хуурыг бүгд мэднэ.Харин калимба нь Африкаас гаралтай,даралтат хөгжмийн төрлийн,зөөлхөн дуугаралттай,алганы хэмжээтэй авсаархан,жижигхэн хөгжим.Эрхий хурууны төгөлдөр хуур ч гэж нэрлэдэг.Хоёр октав,17 даралттай,хоёр эрхий хуруугаараа дарж тоглодог юм.

-Тоглох дуртай бүтээл чинь…

-Мэдээж зөндөө бий.Тэр дундаа монгол ая тоглох маш их дуртай.Учир нь монгол аялгуунууд цаанаа л нэг уянгалаг,сэтгэл татам байдаг юм.Ардын жүжигчин,төрийн шагнал,хөгжмийн зохиолч Чулууны “Уран хас”хэмээх сайхан аялгууг тоглохоор яагаад ч юм бэ баяр хөөрөөр дүүрдэг.Бас Ардын жүжигчин,төрийн соёрхолт Дамдинсүрэнгийн алдарт “Хэнтийн өндөр ууланд”хийлийн гоцлол болон хөдөлмөрийн баатар,төрийн шагналт,УГЗ Шаравын “Сэтгэлийн эгшиг”-ийг тоглох дуртай.Мөн дэлхийн сонгодгуудыг.

-Гэрийнхэн тань хэр дэмждэг вэ?

-Ер нь дэмжинэ шүү.Ялангуяа ээж,эмээ хоёр маань.Намайг дэмждэг гэр бүл,найз нөхөд болон таньдаг хүмүүстээ “Маш их баярладаг шүү”гэж хэлье.Гэхдээ урлагийн амьдрал хэцүү гэдэг шүү дээ.Ээж,аав хоёр маань бүх амьдралаа урлагт зориулаад явна гэхээр жаахан дургүй байдаг.

-Хийлч Дэлгэрцэцэгтэй хамт бүтээсэн хамгийн гоё дурсамжаасаа хуваалцаач…

-Уулзсан өдөр,хамтдаа өнгөрөөсөн цаг,хором мөч бүхэн дурсамжтай,нандин байдаг.Тэр тусмаа анх уулзсан өдөр сэтгэлд маш тод үлджээ.Тэр өдөр 2018 оны аравдугаар сарын 27 байсан юм.Маш их сандарч,баярлаж байсан дурсамжтай тэр өдрөө би влог бичлэг болгож хадгалаад,юүтүүб суваг болох “Bujinlham’s Channel”-дээ оруулсан.Хааяа бичлэгээ үзээд,тэр өдрийг эргэн дурсах ямар сайхан гээч. Жилийн өмнө хийл сурч эхлээд удаагүй байхдаа Degi’s music school-ын дөрвөн жилийн ойн хүндэтгэлийн тоглолтыг улсын филармонийн тайзнаа жүжигчин Ууганбаяртай хөтөлсөн маань миний амьдралын хэзээ ч мартагдашгүй бас маш их сандарсан,хариуцлагатай өдөр байлаа.Тайзан дээр зогсож байхад Дээгий эгч үзэгчдийн суудлаас над руу хараад,инээмсэглээд л суусан.Тэр хөөрхөн харцыг хэзээ ч мартдаггүй. Ноднин долдугаар сард би 14 нас хүрсэн юм.Дээгий эгч намайг өдрийн зоогонд урьсан.Тэгэхэд бид хоёр ижил брэндийн ганган дээлээр хосолсон.14 насны төрсөн өдөр маань онцгой,мартагдашгүй болж өнгөрсөн.

-Ингэхэд ямар хичээлд дуртай бас дургүй вэ?

-Бараг бүх хичээлдээ дуртай.Гэхдээ хамгийн дуртай нь англи хэл.Цэцэрлэгт байхын л англи хэл маш сайн сурч,гадаадад сурахыг мөрөөддөг байлаа.Тиймээс мөрөөдлөө биелүүлэх гээд хичээж явна.Харин биеийн тамирт жаахан дургүй.

-Ямар мэргэжил сонгохоо шийдчихсэн үү?

-Тийм ээ.Би бүтээлч байх дуртай,ер нь олон зүйл сонирхдог л доо.Урлаг соёл,сэтгэл судлал,хэвлэл мэдээлэл,хувцас загвар,интерьер дизайн гээд л.Гэхдээ бизнес маркетингэд илүү сонирхолтой.Гадаадад маркетингийн чиглэлээр сургууль төгсөөд,Монголдоо ажиллана гэж боддог.Дараа нь сэтгүүлч юм уу сэтгэл зүйчээр сурна.Ер нь болж л өгвөл бүгдийг сурахыг хүсдэг(инээв).Боломж гарвал урлагаар бас явна гэж боддог.Төлөвлөсөн зүйл их бий.

-Манай уншигчдад хандаж юу гэж хэлэх вэ?

-Юун түрүүнд надаас ярилцлага авсанд баярлалаа.Дуустал нь уншсан та бүхэнд мөн баярлалаа.Тууштай байвал мөрөөдөл,зорилго,хүссэн зүйлдээ хүн заавал хүрдэг юм шүү гэж ахин дахин хэлье.Тэр зүйлдээ хүрэхийн тулд жижигхэн ч хамаагүй ямар нэг үйлдэл заавал хийх ёстой шүү.Бүгдэд нь амжилт,сайн сайхныг хүсье.
Ярилцсан Ш.Эрдэнэтөр

А.ПИРЛО ХАМГИЙН БОХИР ТОГЛОДОГ ХӨЛБӨМБӨГЧ

“FourFourTwo” сэтгүүл бүх цаг үеийн хамгийн бохир тоглолттой хөлбөмбөгчдийг шалгаруулжээ. Жагсаалтыг Италийн шигшээ багийн хагас хамгаалагч асан Андреа Пирло тэргүүллээ. Бразилд 2006 онд болсон дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд түрүүлсэн түүний удаад Английн Дэвид Бекхэм, Голландын Йохан Круифф нар оров.Мөн Жорж Бест (Умард Ирланд),Жей-Жей Окоча(Нигери), Дэвид Жинола,Эрик Кантона (хоёул Франц), Димитар Бербатов(Болгар),Ференц Пушкаш(Унгар), Роналдинью (Бразил), Хаби Алонсо (Испани), Сократес(Бразил), Рууд Гуллит, Эдгар Давидс(хоёул Голланд)нар багтсан байна. Харин ЗХУ-ын домогт хаалгач Лев Ящинийг эл сэтгүүл 15-рт оруулжээ.

ХЭРЭЭ ЭМЭГТЭЙЧҮҮД РҮҮ ДАЙРЧЭЭ

Таван эмэгтэй Гүржийн Костава хотын төв гудамжинд хэрээнд ойртосныхоо дараа нийслэлийн эмнэлэгт хандав.Тус эмнэлэгт ажилладаг эмч “Бага зэргийн гэмтэл авсан тэдэнд эмнэлгийн зохих тусламж үзүүлсэн”гэж ярьсан байна. Харин Тбилиссийн амьтны хүрээлэнгийн захирал Зураб Гуриелизе “Үүрнээсээ унасан дэгдээхэйгээ бусдаас хамгаалсан “хэмээн” гэмт хэрэгтэн”хэрээг өмөөрсөн аж.

ТАЛИЙГААЧ ЖОРЖ ФЛОЙДЫН ГЭР БҮЛД 13 САЯ ДОЛЛАР ХАНДИВЛАВ

АНУ-ын Миннеаполис хотод цагдаа нарын гарт амь үрэгдсэн 46 настай африк гаралт америк эр Жорж Флойдын гэр бүлд үзүүлэх тусламжийн санд 13 сая орчим доллар цугласан байна. Энэ тухай TMZ мэдээний портал мэдээлэв.Түүний мэдээлснээр дэлхийн 125 орны хагас сая гаруй хүн хандив өргөжээ. Энэ нь хандивлагчдын тоон үзүүлэлтээр дээд амжилт тогтоосон аж.

ТОКИОГИЙН ОЛИМП ХОЙШЛОГДЛОО

Олон улсын нийгэмлэг, спорт сонирхогчдын анхаарлын төвд байсан Токиогийн олимпийг цуцлах эсэх тухай асуудал өчигдөр шийдэгджээ. Зохион байгуулагч улс болох Япон улсын Засгийн газар, японы ерөнхий сайд Абэ Шинзо, Олон улсын олимпийн хорооны ерөнхийлөгч Томас Бахтай зөвшилцсөнөөр Токиогийн олимпийг ирэх он хүртэл хойшлуулахаар болсон байна.

Токиогийн зуны олимпийн наадам 7-р сарын 24-нд эхлээд 8-р сарын 9-ний өдөр дуусах байсан. Мөн 8-р сард нь паралимпийн наадам зохион байгуулагдах ёстой байсан. “Коронавирусийн халдварын улмаас Дэлхийн 196 орчим улсад халдварын тохиолдол бүртгэгдсэн, яах аргагүй тамирчид, хөгжөөн дэмжигчид, иргэдийн амь нас, эрүүл мэндтэй холбоотой асуудал, онцгой нөхцөл байдал үүссэний улмаас бид Олимпийн наадмыг хойшлуулахаас өөр аргагүй” гэсэн тайлбар хийсэн байна.

Ерөнхий сайд Абэ Шинзогийн хувьд 2 долоо хоногийн өмнө Олимпийн наадмыг хойшлуулах эсэх тухай асуудлаар сэтгүүлчдэд мэдээлэл өгөхдөө “Япон улс Зуны олимпийг зохион байгуулахад бэлэн байна. Бэлтгэл бүрэн хангагдсан” гэж хэлжээ. Олон улсын олимпийн хорооны зөвлөл ч гэсэн энэ асуудлаар хуралдсан. Олимпийн наадмыг одоогоор хойшлуулах юмуу цуцлах тухай асуудал яригдаагүй гэж Томас Бах хэлж байжээ.

Дэлхийн хэмжээний цар тахал болсон, халдварын тохиолдол барууны өндөр хөгжилтэй орнуудад огцом эрчимтэй нэмэгдэж байгаа учраас ийнхүү Токиогийн Олимпийг ирэх он хүртэл хойшлуулахаар болсон байна. Зохион байгуулах хорооны мэдээллээр бол ирэх 2021 оны зунаас хэтрүүлэлгүйгээр олимпийн наадмыг зохион байгуулна. Харин нэрийг нь бол өөрчлөхгүй, “Токио-2020” гэдэг нэрийнхээ хүрээнд Зуны олимп болон Паралимпийн наадмыг зохион байгуулахаар болсон гэж мэдээлжээ.

Эх сурвалжаас Н.Лхамаа

ДЭЛХИЙ ДАЯАР ҮЗЭХ ЮМГҮЙ БОЛЖЭЭ

Коронавирусийн халдварын улмаас Дэлхийд мэргэжлийн спортын лигийн олон тоглолтууд цуцлагдаж, түр хугацаагаар хойшлогдоод байна. Интернетийн зарим вэб сайтууд дээр “Дэлхий даяар үзэх юмгүй болсон байна” гэж бичжээ. Хүмүүс гэрийн хорионд байгаа, дээр нь сагсан бөмбөг, хөл бөмбөг, мэргэжлийн теннис, гольф, Формула-1 автомашины уралдаан… гээд олон тэмцээнийг хориглочихсон байгаа юм байна. Токиогийн Олимп ч мөн адил хойшлогдсон байгаа.

Үүнтэй холбоотойгоор Беларусийн алдарт хөлбөмбөгчин Александр Глеб английн хэвлэлд ярилцлага өгөхдөө “Беларуссийн лиги-т дэлхийн хөлбөмбөгийн одууд яагаад тоглож болохгүй гэж” хэлжээ. Учир нь Беларусийн хөлбөмбөгийн лиги цуцлагдаагүй, улирлын тоглолтууд нь үргэлжилж байгаа юм байна. Ирэх амралтын өдрүүдэд ч гэсэн дараагийн тойргийн тоглолтууд болох гэнэ.

Александр Глеб бол тус улсын хөлбөмбөгийн алдартай тоглогчдын нэг. Арсенал, Барселона гээд томоохон хөлбөмбөгийн клубүүдэд тоглож байсан. Тэрээр “Кристиано Роналдо, Лионил Мисси зэрэг супер одууд манай лиги-т яагаад тоглож болохгүй юм бэ. Мэргэжлийн өндөр төвшний тамирчид удаан хугацаанд хорионд байх юм бол мэдээж бэлтгэл дутагдана, олон нийттэй харьцах боломжгүй байна. Ийм нөхцөлд одоо тоглож байгаа лиги-үүдэд ирж хүчээ сорих боломжтой” гэжээ. А.Глеб цааш нь “Хэрвээ та бүхэн спортоор цангаж байгаа бол зурагтаа асаагаад Беларусийн хөлбөмбөгийн лигийг үз” гэж зөвлөсөн байна.

Эх сурвалжаас Н.Лхамаа

АРХИНЫ ТУХАЙ ХУДАЛ ЗҮЙЛҮҮД

Оросын “Правда, RУ” сонинд хүмүүс архины төрлийн ундаануудыг тус гүрний ихэнх иргэд уудаг, тиймээс тэдгээрийн алийг нь, ямар тун хэмжээгээр хэрэглэхэд бие лагшинд сайн муу гэж ярьдаг, бичдэг, маргадаг тухай бичжээ. Үүнээс хамгийн худал зүйлүүдийн тухай өгүүлснийг уншигч танд танилцуулья.

АРХИ УУХАД ДУЛААЦАХ УУ?

Спиртийн ундаануудыг оросууд дулаацуулах, халууцуулах зүйлүүд гэж нэрлэдэг. Үүнд үнэний хувь байдаг ч зарим талаар худал ажээ. Ер нь даарсан хүн дулаацах гэж тавиад грамм цагаан архи эсвэл коньяк-шарз гэх мэт, өндөр хэмтэй ундаанууд уухад болно. Ингэснээр судасууд тэлж дотоод эрхтэнүүдийн цусны хангалтыг сайжруулна. Үүнээс илүү архи уухад цусны эргэлтийг ихэсгэнэ. Хүний арьс улайж, нэлээн дулаацуулах болно. Гэтэл энэ үед биенээс дулааныг алдах нь ихэсдэг. Тиймээс хүйтний улиралд ихээхэн архидсан хүн осгож үхэх нь олонтаа байдаг. Үүнийг архи уусан хүмүүс сайн ухаарч, амь насаа алдахаас сэргийлэх ёстой.

АРХИ ХООЛ ИДЭХ ДУРШИЛЫГ ИХЭСГЭДЭГ ҮҮ?

Зөвхөн 20-25 грамм 40 доошгүй градустай архи л уухад хоол идмээр хүсэл төрдөг. Гэвч өөр төрлийн спиртын ундаанууд хэрэглэхэд ингэхгүй. Ер нь хоол идэх дуршилыг ихэсгэх гэж тэдгээрийг уух нь буруу билээ. Ингэсэн хүний ходоодод архи маш хурдан шингэж түүнийг гэмтээнэ. Тиймээс архи хэрэглэхийн өмнө ядахдаа маслотой талх идэх хэрэгтэй. Ихээр архи уух болбол өмнө нь ихээхэн шөлтэй эсвэл хуурга-хоёрдугаар хоол, хачир закуска зооглох ёстой.

АРХИ СТРЕСС-ГУТРАЛЫГ ТАЙЛДАГ УУ?

Бид нар гуниж гутрах, аж төрлийн хурц хүнд асуудлууд тулгарахад тэдгээрийг мартагнах, удаан ажиллаж ядраад алжаалаа тайлах гэх мэт үед архи уудаг. Энэ сэтгэл санаагаа баясгах гэсэн явдал ажээ. Үүний тулд аль болох бага архины зүйл уух ёстой. Жишээлбэл, зөвхөн 20-30 грамм цагаан архи эсвэл шарз, 40 грамм дарс, нэг-хоёр аяга пиво уухад хангалттай. Энэ стрессийг богино хугацаанд тайлдаг. Харин архийг их уухад бүр их гуниг гутралтай болдог бөгөөд бусад хүмүүс бид нарыг ойлгохгүй, бүр эсрэг байгаа мэт санагддаг. Үүнээс болж их согтсон хэн нэгэн агсам тавьдаг. Зарим хүмүүс их хөлчүүрэхдээ эхлээд нэлээн баяр баясгалантай болдог ч дараа нь маш их гансарч гутардаг ажээ.
АРХИ АЖИЛЛАХ ЧАДАВХИЙГ ДЭЭШЛҮҮЛДЭГ ҮҮ?
Олон хүмүүс архи уухад хөдөлмөрлөх чанар дээшилдэг, ихэсдэг гэж боддог . Австри улсын эрдэмтэд бага зэрэг архи хэрэглэхэд зарим хүмүүсийн бодох, сэтгэх болон хөдөлгөөн хурдасдаг, ихэсдэгийг тогтоожээ. Харин өөр хүмүүст энэ бол эсрэг байдаг. Ер нь бага уухад архи хүний анхаарлын төвлөрийг багасгадаг. Иймээс жолооч, нисгэгч, автомат тоног төхөөрөмжин дээр ажилладаг хүмүүс архи амсч ч болохгүй.

АРХИ СУДАСНЫ ДАРАЛТ БАГАСГАДАГ УУ?

Ийм даралттай олон хүмүүс архи түүнийг багасгадаг гэж боддог, итгэдэг. Энэ бол зөвхөн зуун грамм хуурай улаан дарс уухад болдог зүйл ажээ. Ер нь бол архи зүрхний цохилт лугшилтыг ихэсгэдэг учир хичнээн ихээр та түүнийг уувал даралт чинь тийм хэмжээгээр л ихэснэ.
ЧАНАРТАЙ АРХИ ХОРГҮЙ ЮУ?
Ямар ч архи хортой ажээ. Яагаад гэвэл архийг хийдэг этилийн спирт нь химийн урвалын үр дүнд цууны альдегид гэх хортой бодис ялгардаг. Гэхдээ чанар муутай архи бүр их хорт чанартай нь түүнд их хэмжээний байван агуулагддагтай холбоотой. Энэ бол маш их хортой бодис юм.

АРХИАР ХАНИАДЫГ ЭМЧИЛЖ БОЛОХ УУ?

Олон хүмүүс ханиад хүрч, хоолойн үрэвсэж өвдөхөд архинд алим, бал мэт зүйлүүд хийж хандалж уудаг. Олон иргэд үүнийг оросуудын эртний жор гэж боддог. Гэвч “Галт ус” хүний биеийн эсэргүүцлийн тогтолцоог сайжруулдаггүй, спиртлэг ундаа өрөвссөн хоолойд муу нөлөө үзүүлдэгийг санаарай.
Харин ханиадтай байхдаа бага зэрэг бүлээн улаан дарс уухад ач тустай билээ.

АРХИЙГ ЮУГААР ДАРУУЛЖ УУХ ВЭ?

Энэ бол даруулгын хачир нь хүйтэн эсвэл халуун байхаас нь шалтгаална. Хүйтнээр даруулахад архи хурдан цусанд шингэж, түүнийг саармагжуулахад муу, сул нөлөөтэй. Тиймээс жимс жимсгэнэ, ногооны хачир, жүүс гэх мэт хүйтэн зууш онцгүй ажээ. Харин халуун болон өөхтэй хоолоор архиа даруулж уухад нэн сайн. Яагаад гэвэл халуун шөлтэй юмуу хуурга этилийн спиртийн цусанд шингэхийг саармагжуулдаг учир согтохыг багасгадаг.
АРХИ ТАРГАЛУУЛДАГ УУ?
Энэ асуултанд яг тийм гэж хариулж болно. Хэр зэрэг градус ихтэй архи уувал тэр хэмжээгээр илүү таргалуулна. Харин дарсанд чихэр сахар, нүүрс усны бодис ихээр байдаг учир бас л таргалуулна.

ХӨСҮТ-Д ЭМЧЛҮҮЛЖ БУЙ САЙХАН СЭТГЭЛТ ФРАНЦ ИРГЭНД ИЛГЭЭХ ЗАХИДАЛ

Бараг 200 мянган хүн халдвар аваад тал нь эдгэрээд буй тахлын халуун голомт болох Хятадын зүг сэжиглэнгүй харж байсан монголчуудын маань огт санаандгүй зүгээс гэнэт санамсаргүй иж бүрэн корона өвөртлөн ирж биднийг бужигнуулсан эрхэм Ууганаа овогт Анх-Отгон таны амар мэндийг Францын элчин сайд Филипп Мэрлинээр дамжуулан эрж мэндчилэе ээ.

Эрхэм та бол монголчуудын өөртөө хэт итгэсэн, хөх толбот хүмүүс ямар ч корона тусахгүй гэсэн бардам дээрэнгүй үзлийг хэдхэн өдрийн хэнэггүй зугаалгаараа л нухчин дарж ухаан сэхээ оруулж, юмыг бодитой дүгнэн харах билгийн мэлмийг маань нээж өгсөн их ачтан билээ. Үнэхээр та бол тэр их хол газраас монголчуудыг ийнхүү эрдэж байгаад айхтар өвчин оруулчих вий, хэт назгайраад анхаарлаа сулруулах вий гэсэн агуу сайхан сэтгэлийн үүднээс анхааруулах зорилгоор өвчин тээж ирснийг тань одоо л бид ухаарч баярласан талархсанаа илэрхийлэх үг олдохгүй уймарч сууцгаана.

Манай зарим албан газрууд таны энэ эрхэм сайхан хиргүй цагаан сэтгэлийг үнэлэн үзээд мөнгөн тусламж, шар тос тэргүүтнийг илгээснийг маань хүлээн авсан буй за. Цаашдаа ч монголчууд маань таны монголд корона тээн заларсан 3-р сарын 2-ны өдрийг нийтээр тэмдэглэх баярын өдөр болгох, таны хоносон Баянгол зочид буудлыг хааж, тэр чигээр нь музей болгох, таны хооллосон зоогийн газруудыг дурсгалт сүм болгох зэрэг олон чухал ажил хйихээр төлөвлөж байгааг дуулгахад таатай байна.

Хэрвээ та л анх ирж бидэнд түгшүүрийн харанга дэлдээгүй бол хэнэггүйтэж тайвширсан монголчууд Солонгос, Японоос татан авч байгаа иргэдээ ингэж айхтар тусгаарлалгүй, гэр гэртээ та нар 14 хоног гарахгүй шигдээрэй гэсэн зөвлөмж өгөөд л явуулж тахлын халдварыг нэгмөсөн задлах байсан нь лав. Иймээс та бол үнэлж баршгүй анхааруулга өгсөн их ачтан юм. Халуун тань буурч, хоол ундандаа сайжирч байгааг тань ЭМЯ-ны төлөөлөх хүний амнаас сонсоод олон зуун мянган монголчуудын нүднээс баярын нулимс бөмбөрсөн бөлгөө. Магад та эдгэрмэгцээ л эрүүл саруулаа үзүүлэхийн тулд эх нутаг, гэр орон луугаа яаран буцах буй за.Тэр цагт таныг Монголын нэрийг дэлхийд дуурсгасан 100 алдартаны эгнээнд орсоныг гэрчлэх бэлэг дурсгал, мөн Улаанбадрах суман дахь ураны хайгуулын уурхайн бүхий л чингэлэг, техник хэрэгсэл, багаж төхөөрөмж сэлтээр шагнан урамшуулж тэдгээрийг таны ачаа бараатай хамт баглан тусгай үүргийн онгоцоор хүргэж өгөх аян эхэлж байгаа сайхан мэдээг дуулгахад үнэхээр сэтгэл хөдөлж байна.

Ингээд л та санаанд ч оролгүй явж байгаад 21-р зууны Монголын 100 алдартай хүний тоонд ногоон гэрлээр яваад орчихлоо шүү дээ. Тахал намжсаны дараа Монголд буцаад ирэхэд чинь Улаанбадрах суманд ураны төрлийн нэг ч нүх сүв байхгүй болтол нь нөхөн сэргээлт хийж таны сэтгэлд үлдсэн хар толбыг бүрэн эдгээсэн байх болно гэдгээ бид амлаж байна.

Алс Францаас сайхан сэтгэл өвөртлөн Монголд ирж эмчлүүлсэн таныг гүнээ хүндэтгэж халзан цагаан хонь аваарай хэмээн ерөөсөн эгэл жирийн ард түмэн гэжээ.

ХАЛДВАРТАЙ ФРАНЦ ЭР Д.НЯМХҮҮ ЭМЧЭЭС БАРАГ Л “ХҮҮХЭН” СУРАХ НЬ ХОЛГҮЙ БИЕ НЬ МАШ ХУРДАН САЙЖИРЧ БАЙГАА АЖЭЭ

2020 оны 3-р сарын 2-ны өдөр Европ тивээс титэм вирусын халдвар авснаа үл анзаарсан “Арева“ компанийн нэгэн хурган захирал манай улсад бууж нийслэл хотод тав хоног дураараа зугаалаад Дорноговь аймаг дахь уурхайнхаа кемп дээр очингуутаа л өндөр халуурч улмаар ковид-19-ын халдвар тээсэн нь тогтоогдсон билээ. Түүнийг ийнхүү халдвар тээсэн атлаа 14 хоног гадагшаа гаралгүй өөрийгөө тусгаарлаарай гэсэн зөвлөгөөг үл тоомсорлон дураараа хотоор баахан явсан байна хэмээн ЭМЯ-ны сайд Д.Сарангэрэл хоолой нь зангиран гомдолтой өгүүлж байсан цаг саяхансан.
Монголчууд ч хоёр дахь удаагаа түгшүүр зарлан сандарч дэлгүүр хоршооны лангуу хоосолж эхэлсэн билээ. Харин түүнээс хойш долоо хонож байгаа бөгөөд өнөөдөр тэрхүү түгшүүрт үе улиран одож франц эрийн бие улам бүр дээрдэж огт ханиалгахгүй, халуурахгүй харин ч хоол ундандаа улам бүр орж бие нь өдрөөс өдөрт илааршин дээрдэж байгаа аж. Уйдаж гэгүүрсэн Франц эр бие нь сайжрахын хэрээр хэзээ намайг гаргах вэ хэмээн асууж бараг л ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү эмчээс уйдаа гаргах “хүүхэн байна уу” гэж сураглах нь холгүй л өрөөндөө тогтож ядаад эхэлсэн дуулдаж байна. Хэрвээ энэ Франц эрийг эдгээгээд гэр лүү нь нисгэчихвэл Монгол улс маань буцаад ковид-19-ын халдваргүй улс болох гээд байна.
Хамгийн гол нь өнөөдөр европоос болон гаднаас орж ирж байгаа монгол иргэдээ л маш сайн хянаж, хөл хорин тусгаарлахгүй бол энэ вирус эдүгээ дэлхийн улс орнуудын бараг 70 хувьд нь бүрэн тархаад байгаа билээ.