ОРОСЫН БУРИАДУУД “БИД ХАЛХУУДААС ИЛҮҮ ДАРХЛАА САЙТАЙ БОЛОХООР БАРАГ ЭНЭ КОРОНА ТУСАХГҮЙ” ГЭЭД Л БАЙСАН Ч АМЫГ НЬ АСУУСАН МЭТ ХОЁР Ч ХАЛДВАР ЗЭРЭГ ИЛЭРЛЭЭ

ОХУ-д бараг сарын өмнө анхны корона вирусын халдвар илэрсэн боловч хэт их өргөн уудам нутагтай учраас зөвхөн Москва, Сант-Петербург хавь, Европын гэгдэх хэсгүүдэд нь л халдарын тархалт саяханыг хүртэл бага багаар дэлгэрч байсан билээ. 1-р сарын сүүлээр Хятадтай хиллэдэг боомтуудаа ОХУ маш хатуу сайн хааж чадсан нь бас нөлөөлсөн байх.
Гэхдээ өнөөдөрийн байдлаар ОХУ-д халдварын тоо 1000 хол даваад байгаа. Харин 3-р сарын 22-ны өдрийг хүртэл ОХУ-ын Буриадын өөртөө засах тойргуудад ковид-19 өвчний ганц ч тохиолдол орж ирээгүй ажээ. Энэ үед омголон бардам буриадуудын дунд ч гэсэн “Энэ өвчин буриад хүнд бараг халдахгүй. Бид халх монголчуудаас илүү өндөр дархлаатай, тэсвэртэй хүмүүс” гэсэн бас л өөрсдийгөө өндөрт өргөсөн үзэл санаа, үг яриа газар авч тэртээ тэргүй амны хаалт зүүх дургүй оросуудын хэнэггүй занг дуурайх явдлыг нь улам бүр газар авахуулсан ажээ.

Гэвч 3-р сарын 22-ны өдөр Москвагаас онгоцоор нисэж ирсэн Буриадын “Титан” группын эзэн Вадима Брэди, түүний эхнэр Райса Брэдний нараас титэм вирус илрээд зогсохгүй дараахан нь ахин рйхын хавьталтай хоёр ч хүний анхны шинжилгээ нь сөрөг гарсан мэдээлэл байна. “Титан” группын эзэн Вадим Брэднийгийн эхнэр Райса “ Өөртэйгээ уулзаж учирсан бүх найзуудыгаа шинжилгээ өгөөрэй“хэмэн зөвлөсөн нь Буриадын өөртөө засах орны иргэдийн дунд ихээхэн бухимдал бужигнаан үүсгэж зарим дэлгүүрүүдэд хүнсний бараа маш ихээр худалдан авах үйл явдлууд ч ажиглагдаж эхэлжээ.

Уг нь үнэхээр Оросын буриадууд дунд цар тахалын дэгдэлт гарахгүй байсан бол монголчууд маань харин ч тэднээр бахархаж “Манай буриадууд оросуудаас илүү ийм хатуу чанга биетэй“ хэмээн омогшин хөөрөх байсан билээ. Гэвч Монгол язгуурын хүмүүст халдахгүй гэсэн итгэл төгс бардамналыг өнөөдөр ОХУ-ын нутагт орших Ижил мөрний Халимагууд л ганцаар хадгалан үлдэж байх шиг байна. Өнөөдөр Халимагийн өөртөө засах мужид корона вирусын халдвар авсан нэг ч тохиолдол бүртгэгдээгүй байгаа юм.

КОВИД-19 НЬ ХҮН ТӨРӨЛХТӨНИЙГ УХААРУУЛАХ БУРХНЫ ЗАХИАЛГАТ ӨВЧИН ЮМ БИШ ҮҮ

Коронавирусын цар тахал дэлхий нийтийг хамарсанаар хүн төрөлхтний амьдралд цоо шинэ олон өөрчлөлт гарч ирж байна. Манай Монголоор жишээ авахад л хүмүүс гудамж тайлбайд цэр нус, тамхины шилбээ хүртэл хаа хамаагүй задгай хаяхаа больжээ. Тамхичин хүмүүс нь хамгийн түрүүнд үхдэг гэсэн сургаар олон мянган хүн ч тамхинаас гарч байгаа сайн мэдээ байна.

Дэлхий нийтэд дайн тулаан, аллага түрэмгийлэл хүртэл зогсон саарч “Исламын улс“ бүлэглэл хүртэл дайчдаа Европ руу явахыг хоригложээ. Өмнө нь энд тэндгүй хавтгай болдог байсан нүсэр зардалтай том баярууд хүмүүст бараг хэрэггүй зүйл гэдгийг ойлгуулж эхэлж байна. Элдэв дээдийн тансаглал, хуурамч хээнцэрлэл ч мөн адил ямар ч хэрэггүй зүйл гэдгийг ч хүмүүс ойлгооод эхэлжээ. Эцэст нь эрүүл зөв энгийн даруу амьдрал л хүнийг оршиход гол нөлөө үзүүлдэг гэсэн бодол олон хүмүүст төржээ. Машин тэрэг, нисэх онгоцны хөдөлгөөн сийрч агаарын бохирдол, хог новш энд тэндгүй овоорох явдал ч эрс буурлаа. Эмнэлэг эрүүл мэндийн байгууллагуудын хахууль авдаг явдал огцом буурч энэ газар хүмүүсийн төлөө зүтгэдэг гэсэн сэтгэл зүйн үнэлэмж ч ажиличдын дунд нэмэгджээ.

Эдгээрээс гадна хүмүүсийг хуучны шал дэмий наргиан цэнгээн, шоу зугаа, хар тамхи, завхайрал зэрэг олон бусармаг зүйлээс салган холдуулж байгааг нь дурдвал урт жагсаалт гарна. Тэгэхээр корона вирус чинь хүн төрөлхтнийг бага ч гэсэн сэхээ орооч ээ хэмээн бурхнаас илгээсэн сануулга бүхий өвчин тахал юм биш үү.

Мөн шашны элдэв дээдийн гаж урсгал, хэт мухар сүсэг ямаршуухан хор хөнөөлтэйг ч давхар харуулаад байгаа. Бүтэн нэг хоёр жил ч бай хичнээн удаан хугацаагаар үргэлжилж хичнээн хүний аминд хүрэх нь ч хамаагүй энэ тахал намжихад дэлхий дахинд цоо шинэ сэтгэлгээ, цоо шинэ амьдрах төсөөлөл, ирээдүй бий болж мэдэх дүр зураг ч харагдаж байна.

Тэрхүү цоо шинэ ирээдүй маань хүнийг арай л хүн төрхтэй болгон харагдуулж мэдэх арга замуудыг ч энэ өвчнөөр сүрдүүлэн бидэнд санал болгож байгаа юм биш үү. Хэрвээ тийм бол бурханд бас дахин нэг иймэрхүү төрлийн тэгэхдээ оюуны хомсдолгүй, цагаан цайлган, элдэв шуналын хар хор, атаа жөтөөгүй, оюунлаг, бүтээлч хүмүүст огт халддаггүй бусад хүмүүст нь халдан үхүүлдэг илүү цэвэрлэгээний талын өөр нэг өвчин ч захиалмаар санагдаж байгаа юм даа.

Ш.ГАНТУЛГА: ХӨЛ ХОРИОНЫ ДЭГЛЭМИЙГ ЧАНД ХЭРЭГЖҮҮЛЭХ ХЭРЭГТЭЙ

Коронавирус дэлгэрч,  хорио цээр тогтоосон 2020 оны 1-р сарын 23-ны өдрөөс хойш өнөөдрийг хүртэл хоёр сарын хугацаа өнгөрлөө. Энэ хугацаанд монголчуудын амьдрал, эдийн засагт хэрхэн нөлөөлж байгаа талаар Олон улсын тоймч Ш.Гантулга ийн ярьж байна.

– Дэлхийн улс орнуудад хөл хориог жинхэнэ утгаар нь хэрэгжүүлж байна. Гэтэл Монгол улсад дотроосоо гадагшаа чиглэсэн ‘хачин’ хөл хориог тогтоогоод байна. Юу вэ гэвэл, монголчууд дотроо маск зүүж, өөр хоорондоо харилцахгүй байж сурсны дараагаар гадаад хилээ хаасан. Харин гадны улс орнуудад эхлээд гаднах хилээ хааж байгаад дараа нь хотууд болон иргэдийн хооронд хөл хориог тогтоож байна. Тэгэхээр гадна талын хөл хориог хийгээгүй цагт дотор талдаа иргэд хэчнээн амны хаалт зүүж, хэчнээн сэрэмжлээд үнэндээ ямар ч хэрэггүй гэдэг нь энэ хугацаанд харагдлаа.

Монголын ‘хөл хорих’ үйл ажиллагаа өнөөдөр дуусаж байх ёстой байтал коронавирус өвчин өнөөдрийн гол асуудал хэвээр л байна.  Яагаад гэвэл, Монгол улсын нийгэм, эдийн засаг болон хувь хүмүүсийн амьдралын хэв маяг алдагдаад, бүхий л үйл ажиллагаа нь энэхүү өвчнийг хурдан өнгөрүүлэхэд зориулагдаж байна. Хятад улсын хувьд энэ өвчин аль хэдийнэ үеэ өнгөрөөгөөд, хөл хорио нь тавигдаад байна.

Эрүүл саруул ухаантай ямар ч хүн аюулт өвчнөөс зайлсхийнэ. Эрүүл саруул ухаантай ямар ч Засгийн газар ард түмнээ өвчнөөс хамгаалахыг хичээнэ. Гэтэл одоо бид энэ өвчинтэйгээ зууралдсаар л… Нэг л юмыг сайн ойлгох хэрэгтэй. Коронавирус бол маш аюултай өвчин. Энэ өвчнийг яасан ч Монгол улсад оруулж ирж болохгүй гэдэг дээр ард түмэн ба ЗГ-ын тархи толгой нэг зүйлд ажиллах ёстой. Ийм дүгнэлтэд ард түмэн болон ЗГ хүрээгүй цагт ‘хөл хорих’ дэглэм ч юмуу, ЗГ-аас янз бүрийн авч хэрэгжүүлж байгаа үйл хэрэг, хүмүүсийн бүсээ чангалж байгаа болон хүмүүст өдөр тутамд тулгарч байгаа асуудлууд эцэс төгсгөлгүй үргэлжилсээр л байх болно.

Хөл хорио, цээр гэдэг бол ганц ч хүн нааш цаашаа, хаашаа ч явахгүй байхыг хэлнэ. Хэрвээ нэг хүн, тэр байтугай Ерөнхийлөгч ч гэсэн хамаагүй энэхүү хөл хориог зөрчөөд гадаад улс оронд яваад өгсөн байх юм бол тэр нь ‘хөл хорио’ биш болно. Мөн Монгол улсад гаднын өвчтэй иргэнийг оруулаад ирсэн нь хөл хорионы дэглэм үйлчлэхгүй байгаатай холбоотой. Жишээ нь, францын иргэнийг ороод ирсний дараа Монголд хэрэгжүүлсэн хөл хорио, авч хэрэгжүүлсэн бүх л арга хэмжээ, түүнд зарцуулсан бүхий л хөрөнгө мөнгө 0-тэй тэнцэнэ гэсэн үг. Өөрөөр хэлбэл, ямар ч үр дүнгүй салхинд хийссэнтэй адил.

Манай улсад авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээ, гадаад улс орнуудад авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээнүүд өдөр шөнө шиг ялгаатай байна. Хөл хорио тогтоочихсон байгаа дэлхийн зарим орнууд ард түмэндээ эдийн засгийн дэмжлэг үзүүлж байна. Канад улс 82 тэрбум канад долларын тусгай төсөв баталж, хөл хорионд байгаа иргэн бүртээ 2 долоо хоногийн турш бэлэн мөнгө өгч эхэлсэн. Франц улсын ЗГ-ын зүгээс иргэдийн халуун ус, байр орон сууцны түрээсийн төлбөр гэх мэт яг хэрэгтэй байгаа зүйлүүд дээр түрээсийг нь 0-лэсэн. Сингапур улсад өнгөрсөн жилийн өдийд тухайн аж ахуйн нэгж ямар орлоготой байсан түүнтэй нь харьцуулаад энэ жилд нь тэр хэмжээний мөнгийг тараах жишээтэй. Энэ мэтчилэн эдийн засгийн ийм арга хэмжээнүүдийг авч болоод байхад манай улсад зөвхөн зээл төлөх хэмжээний хугацааг нь хойшлуулж байна.

Монголын ЗГ энэхүү өвчнийг жинхэнэ аюултай бөгөөд ард түмэн, эдийн засагт хор хөнөөл учруулж байгааг ойлгохгүй байгаад хэргийн учир байгаа юм. ‘Хөл хорио’ гэдэг бол тодорхой бүсээс хүмүүсийг гарч явахыг хориглосон зүйл. Ард иргэд гэр бүлээ тэжээхийн тулд, гэдсээ тэжээхийн тулд ажил хийх аргагүй болж байна. Хөл хориотой дэглэмийн үед ямар ч худалдаа хийх боломжгүй. Хэрвээ худалдаа байхгүй бол зах зээлийн эдийн засаг байтугай социалист эдийн засаг ч тэсэхгүй гэсэн үг л дээ. Энэ учраас ийм арга хэмжээнүүдийг гадаад улс орнууд авч хэрэгжүүлээд байгаа юм. Гадаад улсын ЗГ-т мөнгө нь илүүдчихсэндээ хүмүүст бэлэн мөнгө тараагаад байгаа хэрэг биш л дээ. Яагаад гэвэл, ажил хийж чадахгүй хүн бол ямар ч албан татварыг төлж чадахгүй, тэр байтугай өдрийнхөө хоолны мөнгийг ч олж чадахгүй учраас тэр хүнд түр хугацаанд амиа авч явахад нь зориулж бэлэн мөнгийг өгч байгаа гэсэн үг. Манайд үүнийг сайн ойлгохгүй байгаа учраас энэ өвчнөөс салахын тулд оновчтой арга хэмжээг ерөөсөө авч хэрэгжүүлж чадахгүй байна.

Дахин хэлэхэд, одоогоос яг хоёр сарын өмнө Монгол улстай яг хил нийлдэг Хятад улсын Ухань хотод хөл хориог зарласан. Жинхэнэ ёсоор бүх газруудад зам тээврийн хэрэгслийн үйл ажиллагааг зогсоосон. Ухань хот бол Хятад улсын зам тээврийн сүлжээний гол төв. Өөрөөр хэлбэл, ОХУ-д Москва хот ямар үүрэгтэй билээ, Ухань хот бол Хятад улсын хувьд гол үүрэгтэй хот. Ийм ч учраас Хятад улсад 1-р сарын 23-нд хөл хорио эхэлсэн. Үүнтэй зэрэгцээд Монгол улсад хөл хорио яг энэ өдөр эхэлсэн. Гэтэл энэ хоёр сарын хугацаанд Хятадын ЗГ энэхүү аюулт өвчний тархалтыг нь зогсоогоод, улс орон даяараа өвчнийг аюулгүй болгосон. Хятад улсад орж ирж байгаа хүмүүс л өвчилж байгаа болохоос биш дотооддоо өвчин тарааж байгаа ганц ч тохиолдол байхгүй байна.

Монголчууд өдөр бүр амны хаалтаа зүүсэн ч бизнес эрхлэх боломж нь хумигдаж байна. Гэтэл энэ бүхэн зогсолтгүй үргэлжлээд байх юм бол ямар ч улсын эдийн засаг тэсэхгүй. Тэр байтугай АНУ-ын хувьд ч байдал хэцүү байгаа. Америкийн Конгресст 2 триллион долларыг зөвхөн эдийн засгаа сэргээхэд зарцуулах гэж байна. Ийм учраас Монгол улсын цорын ганц зөв зам бол чухам л ‘хөл хорио’ гэдгийг ЗГ-ын хамгийн том түшмэлээс авахуулаад гудамжны цэвэрлэгч хүртэл ойлгох ёстой юм. Үүний тулд монголчууд бид гадны орнуудаас хүмүүсийг оруулж ирэх тухай ‘тэнэг’ санаанаасаа бүрмөсөн татгалзах хэрэгтэй.

‘Ийгл’ ТВ-ээр монголын ард түмний хүнлэг энэрэнгүй сэтгэлтэй нэг хэсэг “Солонгост байгаа хүмүүсээ оруулж ирнэ” гээд байна, хүнлэг энэрэнгүй сэтгэлгүй нь “хүмүүсийг оруулж ирэх нь аюултай” гэж үзэж байна гэх мэтээр сурталчилж байсан. Ингэж дүгнэж болохгүй. Яагаад гэвэл эмчилж болохгүй аюултай өвчин гэж байдаг. Хүн төрөлхтөн түүхийнхээ туршид ийм аймшигтай өвчинтэй үргэлж тулгарч байсан. Дундад зууны Европын хүн амын 3/4-ыг нь тарваган тахал аваад явчихсан. Тэр үед хүн төрөлхтөн яаж үлдэж хоцорсон юм бэ гэвэл “хөл хорио” гэдэг цорын ганц аргыг хэрэглэсэн. Хүнлэг сэтгэл бол хөл хорионд ямар ч хамаагүй, энэ бол эмнэлгийн л асуудал, арга хэмжээ.

Монгол улс цар тахлын голомтын яг хил залгадаг улс. Итали зэрэг барууны улс орнууд асар хол зайд оршиж байгаа. Иймээс Итали улсад өвчин нэлээд хожуу тархсан. Манай улсын хувьд эртхэн арга хэмжээ авч, энэхүү өвчнөөс салангид байх боломж байсан. Гэтэл энэ хоёр сарын хугацааг хэтэрхий хариуцлагагүй өнгөрөөлөө гэж үзэхээс өөр аргагүй юм. Жишээ нь, ЭМЯ-ны сайд цар тахал гарсан эхний өдрүүдэд хүн ардыг юу гэж тайвшруулж байсан бэ гэвэл ‘Япон улсаас энэ өвчнийг оношилж чадах 200 ширхэг ид шидтэй багаж оруулаад ирчихсэн, айж сандрах зүйл байхгүй’ гэсэн. Тун удалгүй Японы Йокогама хотын боомтонд ‘Гранд Принцесс’ гэдэг аялал жуулчлалын хөлөг онгоц ирэхэд японы ид шидтэй багаж байтугай, эрүүл мэндийнх нь салбарын эмч нар нь ч хөлөг дээр байсан 700 гаруй хүний коронавирустэй өвчтөнүүд эрүүл хүмүүстээ хэрхэн халдааж байгааг тодорхойлж чадахгүй байсан юм. Энэ нь Монгол улсын ЭМ-ийн сайд юу ярьж байгаагаа огтхон ч мэдэхгүй, эрүүл мэндийн салбарын талаар, өвчний талаар өчүүхэн ч мэдлэггүйгээ харуулж, бүхэл бүтэн салбарыг төлөөлөн хариуцлагагүй мэдэгдэл хийж, хүн ардыг төдийгүй ЗГ-ыг дэмий тайвшруулж байлаа.

Монгол Улсад нэг азтай зүйл тохиолдсон. Коронавирус 2019 оны 12-р сарын дундуур гарсан гэж үздэг. Хятадын нэг эмч өөрийнхөө твиттер хуудсандаа коронавирус илэрснийг 2019 оны 12-р сарын 30-нд хамгийн анх мэдээлсэн. Хятадын эрх баригчид 12-р сарын 31-нд энэ тухай мэдсэн. Монгол улсын хувьд өвлийн хүйтэн болж байх үед энэ өвчин Хятад улсад гарсан болохоор монголчуудыг Мөнх хөх тэнгэр нь ивээсэн гэж би хэлмээр байна. Өөрөөр хэлбэл, сарьсан багваахайнаас гаралтай энэ өвчин Монголд хасах градустай байх үед орж ирж чадахгүй байсан юм. Тэгэхээр энэ бол ЭМЯ-ны гавьяа гэхээсээ илүү монголчуудыг Хөх мөнх тэнгэр нь харж үзсэн гэж хэлж болох юм.

Эх сурвалжаас Н.Лхамсүрэн

ВИРУСЫН ХАЛДВАР ХҮНИЙГ ЗОМБИ БОЛГОДОГ БАЙСАН БОЛ ДЭЛХИЙ МААНЬ ӨНӨӨДӨР ЯМАРШУУХАН БАЙХ БОЛ ОО

Хүний оюун ухаанд төсөөлөгдөж байгаа бүхэн энэ сансрын хаа нэгтээ бодитой оршдог гэсэн нэгэн зөгнөлт зохиолчийн үг бий. Үнэхээр ч Өмнөд Солонгосуудын “Тахал” хэмээх уран сайхны киногоор жишээ авахад л өнөөдөр тэд яг л хүссэн олсоо хүзүүгээрээ ороож зөгнөсөн киногоо бодит амьдрал болгон хувиргаад байгаа билээ. Тэгвэл хэрвээ корона вирусын халдвар хүнийг цусанд дуртай зомби болгон хувиргадаг зөгнөл болж биелсэн бол өнөөдөр манай гариг ямаршуухан байдалтай улс орнууд хэр зэрэг хамгаалалттай байх байсныг давхар харж болмоор ч юм шиг.

Хамгийн гол нь зомбины халдвар нь заавал хазуулж шархдаж биш ханиадны вирус маягаар бусад хүнд халдаад 7-10 хоногийн дараа тухайн хүний дархлаанаас хамааран хүн хаздаг зомби болон хувирдаг байсан бол энэ дэлхий маань ямаршуухан эмгэнэлтэй аймшгийн кино дэлгэц болон хувирах байсан бол.
Жишээ нь өнөөдөр коронавирусын жишээгээр зомбины халдварыг төсөөлөхөд л дэлхийн 191 улсад халдвар тархаж 14 мянган хүн зомби болон хувираад галт зэвсэгт өртөн амиа алдсан гэсэн дүн мэдээтэй байсан бол ямар санагдах вэ.
Үүнээс Хятад улс хамгийн их зомбины халдвар тээгчтэй, гэхдээ бас сайн эмчилгээ хийвэл зомби болохоос нь өмнө эдгээдэг гэж төсөөлөе л дөө. Эдгэрэхгүй хүнд үедээ орсон хүмүүсийг шууд зомби болон хувирахаас нь өмнө устгалд оруулдаг гэж бас тооцоё. Эмчилж буй хүмүүсийн аманд нь төмөр баг зүүж бусдыг хазахаас сэргийлдэг гэх мэтээр уг төсөөллөө өргөжүүлж болно.

Тэгвэл Монгол улс маань гаднаас орж ирсэн 10-хан зомбины халдвартай, тэдгээр нь эмчлэгдэх магадлалтай, харин Итали улс 50 мянган хүн зомби болох эрсдэлтэй 10 гаруй мянган хүн нь зомби болон хувираад амиа алдчихсан, АНУ 30 мянган халдвараар гуравт жагсаж байна гээд л төсөөлбөл таньд ямар санагдаж байна. Цааш нь энэ мэтээр өөрөө дураараа төсөөлөн сэтгэж болно. Магадгүй нэг л өдөр хүний мах цусанд шунан тэмүүлдэг зомби маягийн маш аюултай халдварт өвчин ч эх дэлхийд маань түгэн дэлгэрэхгүй гэх үйлийн үр болзоогүй билээ.

Тиймээс эд хөрөнгө, идэх уух зэрэг жижиг юманд л сатаарч шунадаг оюун ухаанаа арай илүү өргөнөөр хөгжүүлж сансар огторгуй биш юмаа гэхэд есөн гаригийнхаа хэмжээ рүү дөхсөн зүйлд зориулж зарцуулах, дотоод оюун сэтгэлээ техник технологи шиг хөгжүүлэх нь ирээдүй хойч үеийхэний маань гол амин чухал зорилт болон хувирч байж мэдэх юм.

КОВИД-19-ЫГ ЭМЧЛЭХГҮЙ СУЛ ТАВИАД ДЭЛХИЙГЭЭ НЭГ ЦЭВЭРЛЭЧИХВЭЛ ЯАСАН ЮМ

Энэ санаа бол Их Британийн ерөнхий сайд Б.Жонсоноос анх гаргасан санаа юм. Англи улс бол ер нь дэлхийн хоёрдугаар дайны үед ч тэр, ямар нэг онцгой үед Европоос тусдаа АНУ-аас ч тусдаа шийдвэр гаргадагаараа эрс ялгардаг. Б.Жонсон корона вирусын халдвар Европт эрчээ аваад эхэлмэгц Англи улс элдвийн хорио цээрийн дэглэм тогтоохгүй өөдөөс нь урсгалаар нь угтан авая. Халдварыг бүх нийтэд халдааж, хөнгөн өвдсөн залуус нь эдгэрээд л явна биз. Харин архаг хууч өвчтэй, хөгшин настай хүмүүсээ шууд эрчимт эмчилгээнд оруулаад явъя гэсэн хачин гайхмаар санал тавьсан юм.

Гэхдээ Английн лордуудын танхим болон хатан хаан Элизабета нар энэ санааг огт хүлээж аваагүй ажээ. Зарим судлаачид Их Британийн бүх иргэддээ шууд дамжин халдварлуулаад хүндээр өвдсөн хүмүүстээ л гол анхаарлаа хандуулна, хүн амын 80 хувь нь дархлаатай болмогц энэ вирусын тархалт аяндаа өөрөө зогсоно гэсэн санаа нь бараг л хамгийн үр дүнтэй арга гэж дүгнэсэн байдаг.

Гэхдээ өнөөдөр Их Британи улс хорио цээрийн хатуу дэглэм тогтоон, “Ковид-19”–ын эсрэг хязгаарлах дэглэмээр тэмцэж байгаа билээ. Ихэвчлэн өвчтэй, хөгшин, өндөр настай, архаг хуучтай, эсвэл дархлааны ямар ч тогтолцоогүй болсон хүмүүсийг л түүж “устгах“ маягаар халдварлан тархаад байгаа титэм вирусыг тэр чигээр нь хянаж хорихгүй сул тавиад энэ хорвоогоо нэг мөсөн сайн цэвэрлээд авчихвал яасан юм бэ гэсэн саналыг зарим тэрс үзэлтэй хүмүүс тавиад эхэлсэн байна лээ.

Дэлхийн хүн амын тоо хорогдохоос гадна, илүү зардал, өндөр тэтгэмж зарцуулдаг настайчууд цөөрөөд зөвхөн эрч хүчтэй, эрүүл дархлаатай залуу хүмүүсийн шинэ эрин, шинэ нийгэм үлдэнэ хэмээн тэд үзэж байгаа ажээ. Энэхүү харгис гэмээр онолыг зарим шилдэг эрдэмтэд, томоохон улс төрчид хүртэл дэмжиж байгаа нь гайхал төрүүлж байгаа юм даа.

Мэдээж манай монголчуудад гаднаас ийм санал тавибал урдаас нь шууд л салаавч өгөх нь эргэлзээгүй. Учир нь бид бол ахмад настай хүмүүс, аав ээж, өвөө эмээгээ европчууд шиг зөнд нь хаяад өөрсдөө л амьд мэнд үлдэе гэх хүмүүс огт биш билээ.

МУТАЦИД ОРСООР ЯВААД КОРОНА ВИРУСЫН ХҮЧ НЬ СУЛАРЧ, ЖИРИЙН ТОМУУТАЙ Л ТӨСТЭЙ БОЛЖ ЭХЭЛСЭНИЙГ ОРОСЫН ГЕНЕТИКЧИД ТОДОРХОЙЛЖЭЭ

2019 оны 11-р сарын дунд үеэс БНХАУ-ын Ухань хотод анх дэгдэж эхэлсэн коронавирус нь эдүгээ Антарктидээс бусад бүх хуурай газарт түгэн дэлгэрээд байгаа билээ. Анх уг вирус Ухань хотыг битүүмжлэлд оруулах хүртэл буюу 2020 оны 1-р сарын 28-ны өдрийг хүртэл маш эрчтэй, хурдтай, туссан хүндээ асар хор хөнөөлтэй тархаж байсан ажээ.

Харин өнөөдөр тархалтын хурд нь Европ болон Америк, Арабын ертөнц зэрэг бусад орнуудын хайхрамжгүй байдлаас болоод маш эрчимтэй байгаа ч хор хөнөөлийн хувьд хүч нь сулран доройтон буурч байгаа юм байна. Нэг хүнээс нөгөө хүнд халдварлах тусам л титэм вирус шинэ хүний бие махбодийн дархлааны хамгаалалтанд өртөж ийнхүү бага багаар суларсаар сүүлийн үед ердийн хурц томуу, уушигны хатгалгаа гэх мэт хурц ханиад маягийн дүр төрхтэй болоод байгаа гэнэ.

Гэхдээ Итали болон бусад орнуудад үхэл эрс нэмэгдээр байгаа нь өндөр нас болон суурь өвчин, архаг хууч өвчнүүдийн хүндрэлээс улбаатай бөгөөд өмнө нь жирийн томуугаар жилдээ л АНУ-д гэхэд л 16 мянган хүн нас барж, ОХУ-д 9000 хүн нас бардагтай харьцуулахад хурд багатай гэж үзэж болохоор байгаа юм гэнэ. ОХУ-ын цөмийн шинжлэх ухааны институтын генетикчид корона вирус одоо эцсийн хүчээ шавхаж байгаа бөгөөд 6-р сарын эхэн гэхэд дэлхийн ихэнх орнуудад агаарын хэм нэмэх 30 түүнээс дээш халж эхэлмэгц аяндаа өөрөө хатан ууршиж алга болох магадлалтай гэсэн шинжилгээ хийсэн байна.

Гэхдээ хэт олон хувирал, 149 удаагийн мутацийн улмаас хүч нь сулрах тусам генетикийн кодын дарааалал нь өөрчлөгдөж түүний эсрэг вакцин гаргах ажлыг саармагжуулан төөрөгдүүлэх бэрхшээл бий болгож байгаа ажээ. Өнөөдөр Итали, Европыг сандаргаж байгаа титэм вирус нь хоёр сарын өмнө Ухань хотыг тэвдүүлж байсан тэр вирус биш илүү сулхан үйлчлэлтэй, ихэнх хүмүүст хөнгөн тусдаг болсон бөгөөд сарын дараа гэхэд энэ вирусны үйлчлэл улам бүр суларч жирийн ханиад томууны хурц үрэвсэлийн хэмжээнд ч хүрч болох бөгөөд тэр нэрийг нь өөрчлөн Н-1,Н2 мэтийн томуутай төстэй шинэ нэршил, шинэ эмчилгээ гаргаж ирж магадгүй гэнэ.

Ийнхүү титэм вирусын хурц өргөс нь улам бүр мөлийн зөөлөрч, хүч чадал нь бууран доройтож тэр чинээгээрээ дархлаа сайтай хүмүүс огт халуурч, бүлээрэхгүй, ханиалгах төдийгөөр л эдгэрч бусдадаа халдвар тараан түгээх аюул ихсэж байгааг ч бас тэд онцлон анхааруулжээ.

ДАМПУУРАЛД ӨРТӨЖ “БОРЛУУЛАЛТ“ НЬ ЗОГССОН БИЕЭ ҮНЭЛЭГЧИД ЗГ-ААС ТУСЛАМЖ ХҮСЭХДЭЭ ТУЛЖЭЭ

Цар тахалын хорио цээрийн дэглэм манай улсын олон бичил жижиг бизнес, барааны лангуунууд өртөж, эрсдэлд ороод байгаа билээ. Өнөөдөр хүнсний хэрэглээнээс ондоо бараа бараг гүйхээ больсон гэж болно.

Тэгвэл энэхүү орон даяар нөмөрсөн санхүүгийн хямралын догшин давалгаанд биеэ үнэлэгчид хүртэл тэр аяараа өртөж түрийвч нь хоосроод байгаа ажээ. Нийслэл хотын хаа сайгүй урьд өмнө нь ил задгай далдуур биеэ үнэлж байсан хүүхнүүдийн эрээ цээргүй явдал эрс хумигдаж, өвчин тахалын үед тэднийг зорин ирж үйлчилгээ авах хүн өдрийн од шиг ховордсоноос хууль бус энэхүү бизнес эрхэлдэг хүүхнүүд ямар ч “борлуулалтгүй“ болж бүрэн дампууралын ирмэгт очсон байна. Ганц Монгол улсад ч биш дэлхийн олон оронд иймэрхүү зугаа цэнгээний үйлчилээний бизнесүүд ар араасаа хаалгаа барин дампуурч байгаа аж.

Үнэхээр ч сүүлийн үед хөл хорио цээр, иргэдийн нэгнээсээ зай барих, хамаагүй цэнгэх явдал хумигдсанаар биеэ үнэлэгчид хоногийн болон цагийн ханшаа 60-80 хувиар буулгасан ч тэднийг тоож үйлчлүүлэх хүн гарч ирэхгүй байгаа юм байна.

Нэг үгээр хэлбэл бүрэн дампууралд өртөж хаашаа хандахаа мэдэхээ больсон энэхүү хууль бус бизнесийн салбарынхан бараг л Засгийн газарт хандан тусламж хүсэхэд тулаад байна гэхэд хилсдэхгүй л болов уу. Гэхдээ засгийн газраас тусламж хүслээ гээд тэдэнд ямар дэмжлэг үзүүлэх билээ дээ. Татвар төлөгчдийн мөнгөөр тэднийг худалдан авч “хэрэглэхээр” гэр орондоо аваачилтай биш. Ийнхүү шинэ цар тахал хүн төрөлхтөний аль бусармаг гаж гэмээр үйл явдалуудыг хүртэл бага багаар ч болтугай хумьж цэгцэлсээр л байна даа.

СХД-ИЙН ЦАГДААГИЙН 1-Р ХЭЛТЭСТ ТУРК УЛСААС “ХУВИЙН СУУЦАНД МААНЬ ХҮМҮҮС АРХИДААД БАЙНА” ГЭСЭН ДУУДЛАГА ИРЖЭЭ

Тахалын хөл хорио, хаалт цээрийн дэглэм тогтоосноос хойш ахуйн хүрээний архидалт, гэр бүлийн хүчирхийлэл эрс нэмэгдсэн талаар цагдаагийн албанаас байнга л мэдээлэх болжээ. Ялангуяа ахуйн хүрээнд буюу гэр орондоо жаахан хүүхдийнхээ дэргэд архидан согтуурсаны улмаас Зөрчлийн хуулийн дагуу 300 мянгаар торгуулсан иргэдийн тоо ч маш их олширчээ. Нэг үгээр хэлбэл цагдаагийн газрын торгуулийн санхүү л их зузаарч байгаа юм байна.

Харин саяхан буюу 3-р сарын 18-ны шөнө СХД-ийн Цагдаагийн 1-р хэлтсийн шуурхай дуудлагын утсанд Турк улсаас дуудлага ирсэн явдал гарчээ.Туркээс залгасан иргэн “СХД-ийн Тахилтад байрлах хувийн сууцанд хүмүүс архидаад байна“ гэсэн дуудлага ирсэн ажээ. Туркээс хувийн хаусаа нууц камераар харж хянаж байдаг юм уу эсвэл таньдаг хүмүүс нь эндээс Турк руу ярьж мэдээлэл хүргэсэн юм уу бүү мэд.

Ингээд хөдөлгөөнт эргүүлийн машинтай цагдаа нар бартаатай замаар сэгсчүүлсээр очиход үнэхээр ч гурван этгээд бусдын эзэмшлийн сууцанд нэвтрэн орж тэндээ архидан согтуурч байсан аж. Уг нь тэр сууцны эзэн нь амины орон сууцаа хамгаалуулахаар хашаандаа айл буулгасан боловч өнөө хэд нь огт хайхарсан шинжгүй “Энд байнга л архидаж байдаг ш тээ“ гэсэн тайлбар хэлээд л зогсож байсан аж. Бусдын байранд дураараа нэвтэрч архидсан тэдгээр иргэдийг эрүүлжүүлэх байранд хүргэхээр авч одсон байна.

Цэргийн баярын үеэр Монгол улсын цагдаагийн албаны шуурхай утсанд хамгийн холоос ирсэн дуудлага гэвэл Турк улсаас ирсэн энэхүү дуудлага байсан ажээ. Хамгийн гол нь онцгой дэглэмийн хорио цээрийн үед архи худалдаалан зарахыг бүрмөсөн хааж хориглохгүй бол цаашдаа ч энэ мэт ахуйн хүрээний архидалт, гэр бүлийн хүчирхийлэл, элдэв дарамтын явдал тасралтгүй өссөөр байх шалтаг шалтгаан ч өчнөөн байна.

Хүмүүс халдварт тахлын сургаар хямарч үймэрсэн сэтгэлээ архиар засаж онгойлгохын тулд согтууруулах ундааны борлуулалт ч эрс нэмэгдсэнийг дэлгүүрийн олон эзэд ярьж байгаа юм.

ХАЛДВАРТАЙ ФРАНЦ ЭР Д.НЯМХҮҮ ЭМЧЭЭС БАРАГ Л “ХҮҮХЭН” СУРАХ НЬ ХОЛГҮЙ БИЕ НЬ МАШ ХУРДАН САЙЖИРЧ БАЙГАА АЖЭЭ

2020 оны 3-р сарын 2-ны өдөр Европ тивээс титэм вирусын халдвар авснаа үл анзаарсан “Арева“ компанийн нэгэн хурган захирал манай улсад бууж нийслэл хотод тав хоног дураараа зугаалаад Дорноговь аймаг дахь уурхайнхаа кемп дээр очингуутаа л өндөр халуурч улмаар ковид-19-ын халдвар тээсэн нь тогтоогдсон билээ. Түүнийг ийнхүү халдвар тээсэн атлаа 14 хоног гадагшаа гаралгүй өөрийгөө тусгаарлаарай гэсэн зөвлөгөөг үл тоомсорлон дураараа хотоор баахан явсан байна хэмээн ЭМЯ-ны сайд Д.Сарангэрэл хоолой нь зангиран гомдолтой өгүүлж байсан цаг саяхансан.
Монголчууд ч хоёр дахь удаагаа түгшүүр зарлан сандарч дэлгүүр хоршооны лангуу хоосолж эхэлсэн билээ. Харин түүнээс хойш долоо хонож байгаа бөгөөд өнөөдөр тэрхүү түгшүүрт үе улиран одож франц эрийн бие улам бүр дээрдэж огт ханиалгахгүй, халуурахгүй харин ч хоол ундандаа улам бүр орж бие нь өдрөөс өдөрт илааршин дээрдэж байгаа аж. Уйдаж гэгүүрсэн Франц эр бие нь сайжрахын хэрээр хэзээ намайг гаргах вэ хэмээн асууж бараг л ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү эмчээс уйдаа гаргах “хүүхэн байна уу” гэж сураглах нь холгүй л өрөөндөө тогтож ядаад эхэлсэн дуулдаж байна. Хэрвээ энэ Франц эрийг эдгээгээд гэр лүү нь нисгэчихвэл Монгол улс маань буцаад ковид-19-ын халдваргүй улс болох гээд байна.
Хамгийн гол нь өнөөдөр европоос болон гаднаас орж ирж байгаа монгол иргэдээ л маш сайн хянаж, хөл хорин тусгаарлахгүй бол энэ вирус эдүгээ дэлхийн улс орнуудын бараг 70 хувьд нь бүрэн тархаад байгаа билээ.

Цэцэрлэгийн хүүхэд хүртэл гахайн дахь мөнгөө хандивлаад байхад УОК ч олны итгэлийг муухай алдлаа даа

2020 оны 2-р сарын 10-наас эхлээд манай улс Хятадад аюулын харанга дэлдсэн корона вирусын эсрэг бүхий л анхаарлаа хандуулж Цагаан сарыг тэмдэглэхгүй байх, хот хөдөө, орон нутгийн зам хаах, сургууль цэцэрлэг, кино театр зэрэг хүн олноор цуглардаг газруудыг хаах, урд хилийн боомтуудаа хаах зэрэг арга хэмжээ авч эхэлсэн билээ. Тууштай арга хэмжээний үр дүнд 3-р сарын 10-ны өдөр хүртэл ард иргэд маань амгалан тайван, өглөө бүхэн Монгол улсад корона вирус илрээгүй гэсэн сайхан мэдээг сонсож байлаа.

Гэвч 3-р сарын 2-ны өдөр Берлин, Москвагаар дамжин Монгол улсад нисэж ирсэн Дорноговь аймгийн Улаанбадрах суман дахь “Арева” компанийн инженер Х.К. гэгчээс титэм вирусын шинж тэмдэг анхны шинжилгээгээр илэрсэн байна. ЭМЯ-ны сайд Д.Сарангэрэл “14 хоног өөрийгөө тусгаарлаарай гэсэн зөвлөмжийг үл тоомсорлон олон хүнтэй уулзаж гадуур дотуур явсан байна” хэмээн бүр нэг гомдолтой гэгч нь хэлж байна лээ. Бүтэн 2 сар 60 хоногийн турш хичээсэн чармайлт ийнхүү талаар болж титэм вирусыг алдчихлаа гэдэг нь ойлгомжтой болж байх шиг. Тэгээд ч болоогүй нөгөө ажилсаг нөхөр нь Улаанбаатар хотод Баянгол зочид буудалд 5 хонохдоо гадуур КFС, Ариг рамен, Веранда зэрэг томоохон зоогийн газруудад хэд хэдэн нөхдийн хамт хоол идээд гарсан байгаа юм. Дорноговь руу явахдаа хүн их зорчдог суудлын галт тэргээр явсан нь зориуд тараах гэж яваа юу даа гэж хардмаар.

УОК, ЭМЯ-ныхан гаднаас ирсэн хүн тус бүрийг 14 хоног тусгаарлах байранд оруулж, ажиглалт, тандалт хийж байгаа, бараг л тэдгээр хүмүүсээс шинж тэмдэг илрэх нь үү гэж харсаар байгаад ядаргаанд орох гэж байна гэх нь холгүй л ажлаа рекламдаад байсан чинь хаана байна.

“Коронаг битгий оруулж ирээрэй” хэмээн 6 настай цэцэрлэгийн хүүхэд хүртэл гахайндаа хадгалсан мөнгийг хандивлахаар барьж очсон. Хандивын мөнгөн дүн нь тэрбум давчихаад байхад УОК-ынхон монгол түмнийхээ энэ их итгэлийг муухай алдлаа даа. Изриал шиг гадаадаас ирж байгаа бүх хүнийг 14 хоног үг дуугүй тусгаарлах байр сууцтай, эсвэл зардалтай эсэхийг нь асуугаад байхгүй гэвэл буцаагаад нисгэдэг арга хэмжээ авсан бол өдийд юу боллоо гэж бухимдсан олны хэл амны бай болох билээ. Бараг Ө.Энхтүвшин, ЭМЯ-ны сайд Д.Сарангэрэл нар ажлаа сайн дураараа өгсөн нь илүү дээр байх аа. Тэгвэл бухимдсан олны сэтгэл бага зэрэг ч гэсэн амарч тайвшрах нь лав.