“Босоо Хөх Монгол” ТББ хуурамч мэдээлэл тараав

Хуурамч мэдээлэл тараан, Монголын хилчдийг доромжилжээ

“Босоо Хөх Монгол” хөдөлгөөний сүүлийн өдрүүдэд сошиал орчинд тарааж буй мэдээлэл хуурамч болохын сацуу Монгол улсын зэвсэгт хүчин, хил хамгаалах алба, Монголын мянга мянган хилчдийг гутаан доромжилсон агуулгатай болох талаар холбогдох мэргэжлийн хүн тодруулга хийснийг хүргэж байна.


Албан ёсны тодруулга, тайлбар 


МОНГОЛ УЛСЫН СҮХБААТАРЫН ХИЛИЙН ТӨЛӨӨЛӨГЧ, ХУРАНДАА П.МӨНХБААТАР

Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын нутагт газрын тосны хайгуулын үйл ажиллагаа явуулж буй “Макс Ойл” ХХК-д хилийн зурваст нэвтрэх зөвшөөрлийг Хилийн цэргийн штабаас болон хилийн 0146 дугаар ангиас хууль зөрчин олгосон мэтээр үндэслэлгүй ташаа мэдээлэл хэвлэл мэдээллийн хэрэгсэл, цахим сүлжээгээр цацагдсантай холбогдуулан олон нийтэд үнэн бодит мэдээллийг хүргэж байна.Хил хамгаалах байгууллага нь ашигт малтмалын үйл ажиллагаа явуулах ямар нэгэн тусгай зөвшөөрөл олгодоггүй бөгөөд Монгол Улсын Засгийн газрын 2016 оны 06 дугаар сарын 20-ний өдрийн 337 дугаар тогтоолоор газрын тосны хайгуулын “Ар булаг-XXIX” талбайд газрын тосны хайгуул хийхээр Засгийн газартай бүтээгдэхүүн хуваах гэрээ байгуулсан “Макс Ойл” ХХК-д Монгол Улсын хилийн тухай хуулийн 26.2.2 “Улсын хилийн зурваст хил хамгаалалтын зориулалттайгаас бусад барилга байгууламж барих, үйл ажиллагаа явуулах, газар ашиглах асуудлыг Засгийн газар шийдвэрлэх”, 26.2.3 “Иргэн аж ахуйн нэгж, байгууллага нь улсын хилийн зурваст улсын хил хамгаалах байгууллагын зөвшөөрөлтэйгөөр нэвтэрч энэ хууль болон бусад хууль тогтоомжоор хориглоогүй ажил үйлдвэрлэл явуулах”, мөн Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны 2017 оны 08 дугаар сарын 29-ний өдөр Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын нутаг дэвсгэрт орших хайгуулын “Ар булаг-XXIX” талбайд газрын тосны хайгуул хийлгэхээр 8 жилийн хугацаатай олгосон 114 дүгээр тусгай зөвшөөрөл, “Макс Ойл” ХХК-иас 2017 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн газрын тосны хайгуулын талбай нь хилийн зурвастай давхцаж байгаа тул хилийн зурваст нэвтрэх зөвшөөрөл хүссэн 21-2/07 дугаар албан бичгийг үндэслэн хилийн зурваст нэвтрэх түр зөвшөөрөл олгож, нэгдсэн бүртгэлд авсан. Хил хамгаалах байгууллага нь тус аж ахуйн нэгжид Монгол Улсын хилийн тухай хуулийн 3 дугаар бүлэгт заасан хил орчмын дэглэмийг сахих талаар анхааруулга өгч, биелэлтэд нь хяналт тавьж, ажиллаж байсан. 


 Хэрвээ Хил хамгаалах байгууллага “Макс Ойл” ХХК-д хилийн зурваст нэвтрэх зөвшөөрөл олгоогүй тохиолдолд төрийн байгууллага хүнд суртал гаргасан, тус компаний үйл ажиллагаанд саад учруулсан хариуцлагын асуудал тавигдана гэдгийг хэн ч ойлгох байх

 Ажиллах явцдаа “Макс Ойл” ХХК-ий газрын тосны хайгуулын өрөмдлөгийн үйл ажиллагаатай танилцах зорилготой байгаагаа мэдэгдэж, зөвшөөрөл хүссэний дагуу миний бие хамт явж, тухайн аж ахуйн нэгжийн хайгуулын өрөмдлөг хийж байгаа газарт хүргэж өгсөн. Дээрх хүмүүс газар дээр нь очиж байдалтай биечлэн танилцсаны дараа иргэн Г.Адьяасүрэнгийн мэдээлэл буруу ташаа мэдээлэл байна, бид буруу ойлголттой байжээ, одоо бодит байдалтай танилцаад бүгдийг ойлголоо, хилчид үүргээ сайн биелүүлж байгаа юм байна, баярлалаа гээд талархлаа илэрхийлээд буцсан. Гэтэл 2018 оны 12 дугаар сарын 09-ний өдөр “Босоо Хөх Монгол” ТББ нь өөрийн цахим хуудсанд “Хилийн торыг тасалсан, аргаа барсан хилийн цэргийн …дугаар заставынхан хандив гуйж тороо зассан” гэх агуулга бүхий мэдээлэл тавьсан байна.Хилийн шугамд мал тулахаас урьдчилан сэргийлэх зорилгоор 1980-аад оны үед хилийн шугамаас тодорхой зайд хилийн дагуу нутгийн гүнд татсан модон шон бүхий өргөст торон хашааны шон нь он цагийн эрхээр өмхөрч, муудсан, олон удаагийн тал хээрийн түймэрт шатаж, үгүй болсон гэдгийг хэлж тайлбарласан болно. Хилийн торон саадыг сэргээн засварлах зардлын асуудлыг сүүлийн 5–6 жилд шийдвэрлүүлэх санал, тооцоо, үндэслэлийг гаргадаг боловч шийдвэрлэгдээгүй өдий хүрснийг манай тойргоос Улсын Их Хуралд сонгогдсон гишүүн анхааралдаа авч, Засгийн газар дэмжсэнээр 2019 оны улсын төсөвт засварлах зардал тусгагдсан бөгөөд одоогоор инженерийн хайгуул хийгдэж, инженерийн 0252 дугаар анги урин дулааны улирал эхэлмэгц хийж гүйцэтгэхээр төлөвлөн ажиллаж байна. Хил хамгаалах үйл ажиллагаанд хилийн аймаг, сумдын Хил хамгаалалтад туслах хүчний зөвлөл, гишүүд оролцдог бөгөөд Монгол Улсын хилийн тухай хуулийн 50.1.5-д “Хилийн аймаг, сумын төсөвт улсын хил хамгаалалтад зориулсан нэмэгдэл зардал тусгах”-аар заасны дагуу жил бүр хилийн аймаг, сумын төсөвт хил хамгаалалтад зориулсан зардлыг тусгаж, дэмжлэг үзүүлдэг гэдгийг тэмдэглэж хэлье. Харин энэ завшааныг ашиглаж хуулийг хэрэгжүүлэн ажилладаг Сүхбаатар аймаг болон Эрдэнэцагаан сумын Хил хамгаалалтад туслах хүчний зөвлөл, гишүүдэд талархал илэрхийлж байна.Хилийн зурваст хятад иргэд ажиллаж байсан талаарх мэдээлэлд тодруулга өгье.“Макс Ойл” ХХК нь Монгол Улсын Засгийн газрын 2018 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн 106, 05 дугаар сарын 16-ны өдрийн 134 дүгээр тогтоолуудаар “Гадаадаас ажиллах хүч, мэргэжилтэн авах тухай” квот батлуулж, Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн яамны Хөдөлмөр, халамж үйлчилгээний газраас хөдөлмөр эрхлэх зөвшөөрөл авсан байдаг. Тус аж ахуйн нэгж нь ажиллах хугацаандаа хилийн болон хил орчмын дэглэмийн ямар нэг зөрчил гаргаагүй бөгөөд хилчдийн тавьсан хууль ёсны шаардлагыг биелүүлж байсан болно. Хэрвээ Хил хамгаалах байгууллага “Макс Ойл” ХХК-д хилийн зурваст нэвтрэх зөвшөөрөл олгоогүй тохиолдолд төрийн байгууллага хүнд суртал гаргасан, тус компаний үйл ажиллагаанд саад учруулсан хариуцлагын асуудал тавигдана гэдгийг хэн ч ойлгох байх. Хил хамгаалах алба, хил хамгаалалт, хилийн болон хил орчмын дэглэм, хилчдийн хөдөлмөр гэж юу болох талаар төсөөлөл ч байхгүй хэн нэгэн хүн ташаа мэдээлэл санаатайгаар тарааж байгаад харамсаж байна. 

Ташаа мэдээлэл тарааж, хилчдийн хөдөлмөрийг үгүйсгэж, гүтгэн доромжилж байгаагаа зогсоохыг хүсье. 

МОНГОЛ УЛСЫН СҮХБААТАРЫН ХИЛИЙН ТӨЛӨӨЛӨГЧ, ХУРАНДАА П.МӨНХБААТАР

ШАРТАЛТЫН ЗОВИУР ЭЛЭГНИЙХЭЭ 60%-ИЙГ ТАЙРУУЛСАН МЭС ЗАСЛЫН ДАРААХ ҮЕТЭЙ АДИЛХАН

Хавдрын эмнэлэг хүнээр хахжээ. Энэ бол монголчууд хавдарт “дарлуулж” буйн илрэл. Тэр дундаа элэгний хавдрын өвчлөлөөрөө манай улс дэлхийд дээгүүрт орж буй нь үнэхээр харамсалтай. Элэгний хавдраар өвчлөхгүй байхын тулд бид яах ёстой вэ? Ингээд ХСҮТ-ийн захирал, Францын мэс заслын академийн гишүүн, АУ-ны доктор Ж.Чинбүрэнтэй элэгний өвчлөлийн талаар ярилцсанаа хүргэж байна.

Монголчууд элэгний хорт хавдар өвчинд хамгийн их өртөж байгаа шалтгаан юу вэ?

Элэгний хорт хавдрын өвчлөл дэлхийн дунджаас 6 дахин их байна. Өвчлөл нас, баралтаараа дэлхийд нэгдүгээрт бичигдэж байна. Энэ өвчлөлийн үндсэн шалтгааны 80-аас багагүй хувь нь В, С вирусын гаралтай байгаа. Мөн архины хэрэглээ.

Элэгний өвчнийг эрт илрүүлснээр ямар боломжтой вэ?

Элэг эзэндээ маш их хайртай эрхтэн. Шанага шиг том хавдар ургасан ч эзнээ хайрлаад өвтгөж зовоохгүй олон жил сар явах нь бий. Гэтэл эсрэгээрээ аминдаа хайртай байж эрт оношлуулж чадвал 15 минутын ажилбараар шийдэх боломжтой. Энэ эмчилгээг бид 2008 онд Монголд нэвтрүүлсэн. Тухайн үед жилдээ 20-хон хүн олддог байлаа. Харин сүүлийн жилүүдэд эрс нэмэгдсэн, олон хүн хавдраа жижиг дээр нь эмчлүүлсэн. Хавдрыг бор толбо төдий байхад нь илрүүлж чадвал тусгай жижиг төхөөрөмжийг 120 градус хүртэл халааж түлээд сорви болгочихдог. Хагалгааны маргааш ажилдаа явах боломжтой.

Элэг хүний биед ямар үүрэг гүйцэтгэдэг вэ?

Элэг бол хүний биед оршдог хамгийн том булчирхайлаг эрхтэн. Лаборатори гэж үзвэл 100 гаруй үүрэгтэй. Биднийг хөдөлгөж байдаг булчингийн уургийг үйлдвэрлэдэг, хүний дархлааны системийг бүрдүүлнэ, идэж уусан зүйлсийг хоргүйжүүлж байдаг. Элэггүйгээр хүн орших аргагүй. Гэхдээ бурхан хүний биед нэг гайхалтай эрхтэн бүтээсэн нь элэг. Элэг нь нөхөн төлжих, сэргэх өндөр чадвартай. Эртний Грек домог байна л даа. Олимп гэж бурхан хүн төрөлхтөнд гал хулгайлж өгснийхөө шийтгэлд өндөр хадан хясаанд цовдлогддог. Гэтэл бүргэд ирээд түүний элэгнээс идээд л байж. Гэтэл Олимп амьд байсаар л байдаг гэж. Энэ юу хэлж байна вэ гэвэл элэгний төлжих чанарыг илэрхийлж байгаа юм. Элэг бол эзэн биендээ их хайртай эрхтэн.

Элгээ хайрлаж гамная гэвэл ямар алхам хийх ёстой вэ?

Элгээ хамгаалж, хайрлая гэж байгаа бол та өөртөө В, С вирус байгаа эсэхийг хамгийн түрүүнд мэдэх хэрэгтэй. Мөн 40-50 насныханд илүүдэл жин, таргалалт маш их байна. Энэ нь элэгний ачааллыг нэмэгдүүлж байдаг учраас жингээ хянаж, зохих хэмжээнд барих хэрэгтэй. Мөн эмэгтэйчүүдэд ихэвчлэн тохиолдоод байгаа өтгөн хаталтаас сэргийлэх нь зөв. Өдөр бүхэн өтгөнөө гаргаж байх нь элэг өвдөхгүй байх эхний алхам.

Архи элгийг яаж гэмтээдэг вэ?

Архи уусны дараа шартана гэдэг бол элгээ шууд хороор хордуулсны дараах илрэл. Элэгнийхээ 60 хувийг тайруулах хагалгаанд орсон хүн хагалгааны дараа шарталтын байдалтайгаар 2-3 хонодог. Үүгээр юу гэх гэсэн бэ гэвэл бид архи уухдаа элгээ тийм хэмжээгээр гэмтээж байдаг гэж ойлго. Нэг удаагийн архины дараах шарталт элэгнийхээ 60 хувийг тайруулсан мэс заслын дараах үетай адилхан байна гээд бодохоор аюултай байгаа биз.

Элэг нь өвдсөн хүний шинж тэмдэг яаж илэрдэг вэ?

Элэг их дүлий эрхтэн. Өвдөж байгаа нь төдийлөн эрт мэдэгдээд зовоогоод байдаггүй. Элэг их муудсан хүний царай нь барайгаад, турж эцээд, хэвлий нь устдаг.

Элэг шилжүүлэн суулгах хагалгааны донор хэн байх ёстой вэ?

Эрүүл хүн хагалгаа хийлгэдэг шалтгаан бол амьд донор болох. Төрөл төрөгсөд, ах дүүсийн хүн байх ёстой. Тиймгүй ядарсан хүнд тодорхой мөнгө өгөөд элгийг нь авна гэвэл хүний наймаа болно.

Нэг зүйлийг хамгийн сайн санаж явах хэрэгтэй. Мэс засал сайн хийх нэг асуудал. Үүнээс өмнө өвдөхгүй байх, урьдчилан сэргийлэх, үгүй ядаж эрт үед нь илрүүлэх хамгийн чухал. Жилд оношлогдож байгаа хавдруудын 80 хувь нь хожуу шатандаа илэрч байна. Энэ нь хагалгаа хэдий амжилттай боллоо ч хагалгааны дараах амьдралыг богинохон болгодог аюултай. Хавдрыг эрт үед оношилж чадвал заавал элэг тайрах, элэг шилжүүлэн суулгах хагалгаанд орох шаардлагагүй.

Эх сурвалжаас Н.Лхамсүрэн

УЛСЫН БАЯР НААДМЫГ ТЭМДЭГЛЭХ ӨДРИЙН ТОВ ГАРЛАА

Өчигдөр буюу 6-р сарын 10-нд УОК-оос коронавирусын халдвараас урьдчилан сэргийлэх зорилгоор Үндэсний Их баяр наадмыг зохион байгуулах журмыг олон нийтэд танилцууллаа.

Энэ удаа улс, аймаг, сумдуудын баяр наадмыг зөвхөн долдугаар сарын 11, 12-ны өдрүүдэд зэрэг тэмдэглэн өнгөрүүлэхээр болсон байна. Сумын наадам өөр өдөр болохгүй, аймгийн наадам өөр өдөр болохгүй ба улсын баяр наадамтай давхцаж болох юм.

Үндэсний бөхийн барилдаан, морь, сум харваа нь улсынх нь улсдаа, аймгийнх нь аймагтаа, сумынх нь сумандаа болох тул тус тусынхаа бэлтгэл сургуулилтаа базааж наадамлах нөхцөл байдал бий болоод байна. Суманд барилдаад, аймагт барилдаад, тэр оройноо нисэж ирээд улсад барилдана гэсэн ойлголт байхгүй. Өөрөөр хэлбэл, аймаг аймгийн наадам хэсээд түрүүг нь хамаад явдаг нөхцөл байдал үгүй болох нь дээ.

Ер нь бол ийм байдлаар наадмыг явуулах нь зөв санагдана. Шат шатандаа барилдаж, уралдан, харвадаг байвал замбараатай бөгөөд шударга наадам болж мэдэх.

Харин тухайн бөх, уяач, харваач нар л улсдаа юу, аймагтаа юу, сумандаа юу гэдгээ л сонгох хэрэгтэй болж дээ.

Дашрамд дурдахад, энэ жилийн баяр наадмыг Цэнгэлдэх хүрээлэнд хийхгүй ба хотоос гадагшаа Цончинболдогийн зүгт хийх сурагтай. Баяр наадмыг “Нero”-гийн Баатар найруулахаар болсон ба “XIII зуун” нэртэй наадам болох нь ээ.

Эх сурвалжаас Н.Лхамсүрэн

МАХНЫ ҮНИЙН ХУУРАМЧ МЭДЭЭЛЛИЙГ ТОГТООВ

“Үхрийн нуруу, сээр, хаа, гуяны цул мах 20.000 төгрөг” гэсэн махны үнийн зураг сошиал орчинд тархаад байсан билээ. Харин тэрхүү зураг нь бодит биш бөгөөд фотошопоор засварласан хуурамч мэдээлэл болохыг Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн Яамнаас мэдэгдлээ.

Махны үнийг хуурамчаар засаж бичсэн дээрх худал мэдээлэл нь өндөржүүлсэн бэлэн байдал зарласан энэ үед олон нийтийг төөрөгдүүлэн, ихээр бухимдуулж, үнэ хөөрөгдөх нөхцөлийг бүрдүүлжээ.

Иймд худал мэдээлэл түгээсэн иргэнийг олж тогтоон, холбогдох хуулийн хариуцлага хүлээлгэхээр Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам болон Эрүүгийн цагдаагийн албаны Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх газар хамтран ажиллаж байна.

Эх сурвалжаас Н.Лхамаа

О.МАГНАЙГААС ЭРХ БАРИГЧИД АЙЖ, ХАЛЗ МЭТГЭЛЦЭЭНД ИРСЭНГҮЙ

Ардчилсан намын нарийн бичгийн дарга О.Магнай УИХ-ын 28 дугаар тойрогт буюу Сонгинохайрхан дүүрэгт нэр дэвшиж байгаа билээ.Тэрээр өнөөдөр 12 цагт “Хархорин”худалдааны төв дээр халз мэтгэлцэхээр МАН-аас нэр дэвшиж буй Уул уурхай,хүнд үйлдвэрийн сайд Д.Сумъяабазар, эрхэм гишүүн Н.Учрал, “Монгол тулгатны 100 эрхэм”-ийн хөтлөгчийн ажлаа УИХ-ын гишүүний сэнтийгээр сольж байна хэмээн зүүдлэх нь холгүй яваа хатагтай П.Анужин нарыг “дуэль”-д дуудсан ч цаадуул нь ирсэнгүй.Ингээд О.Магнайд “ШИНЭ” эвслээс нэр дэвшигчидтэй патиардуулсан зургаа цахим хуудсандаа нийтэлж,”Эрх баригчид ирсэнгүй”хэмээн бичихээс өөр ажил олдсонгүй.УИХ-ын 28-р тойрогт Ардчилсан намаас О.Магнай, Г.Очирбат, П.Цэцэгмаа нар, МАН-аас П.Анужин, Д.Сумъяабазар, Н.Учрал нар, “ШИНЭ”эвслээс Д.Батбаяр, Б.Цогтгэрэл, Д.Энхсайхан нар нэр дэвшиж байгаа юм.

МАХ МАГНАГ БОЛЖ, МОНГОЛЧУУД ӨЛСӨЖ БАЙНА

80 сая малтай монголчууд бид сүүлийн үед мах бараг идэж чадах үгүйдээ тулаад байгаа гэхэд хилсдэхгүй. Өчигдөр буюу зургадугаар сарын 9-ний байдлаар бидний Дэнжийн 1000 гэж нэрлэж заншсан “Хүчит шонхор”худалдааны төвд хонины ястай мах кг нь 10 мянга,цул мах кг нь 11 мянган төгрөгний үнэтэй байна. Харин гадаах чингэлэгүүдэд гулууз мах кг нь 8800-9200 төгрөг аж .”Бөмбөгөр” худалдааны төвд ястай нь 12 мянга, цул нь 12500, “Номин” супермаркетэд ястай нь 12 мянга, цул нь 13500, “Меркури” худалдааны төвд ястай,ясгүй ижилхэн 13500 төгрөгийн үнэтэй байна.

Хийлч Ч.Дэлгэрцэцэгийн ШҮТЭН БИШРЭГЧ ОХИН Б.БҮЖИНЛХАМ: НАДАД ДЭЭГИЙ ЭГЧ МАШ ИХ НӨЛӨӨЛСӨН

Хөл хориотой энэ үед монголчуудыг цэнхэр дэлгэцийн өмнө уяж буй хоёр нэвтрүүлгийн нэг нь “Монгол” телевизийн “The voice of Mongolia”, нөгөө нь “25-р суваг “телевизийн “21000” гэхэд хилсдэхгүй. “21000”шоу нэвтрүүлэгт УГЖ Л.Баттулга, СТА, хийлч Ч.Дэлгэрцэцэг нар оролцож байгаа билээ. Ингээд хийлч бүсгүйн шүтэн бишрэгч нэгэн охинтой хийсэн ярилцлагыг та бүхэнд хүргэе.

-Юуны өмнө манай уншигчдад өөрийгөө танилцуулаач…

-Сайн байна уу? Бүгдэд нь энэ өдрийн мэнд хүргэе. Намайг Бүжинлхам гэдэг. Удахгүй ирэх сард 15 нас хүрнэ. Хийлч Дэлгэрцэцэг буюу Дээгийгийн улаан, ногоон, цагаан фэн нь (инээв).

-Сүүлийн үед “25-р суваг”телевизийн “21000”шоу нэвтрүүлэг үзэгчдийг цэнхэр дэлгэцийн өмнө уяж байгаа гэхэд болно.Чи мэдээж хийлч бүсгүйг дэмжиж байгаа байх…

-Хоёр оролцогч маань хоёулаа миний хүндэлдэг,маш мундаг улс.Гэхдээ фэн нь болохоор Дээгий эгчийгээ чин сэтгэлээсээ дэмжиж байгаа.Хоёр жилийн өмнө “Хийлч Дээгийг “21000”шоунд оролцуулж болох уу?” гэж “25-р суваг” телевизэд захидал бичиж байсан маань одоо биеллээ олчихсон байна. Тиймээс үдэш бүр цэнхэр дэлгэцийнхээ өмнө тухлан сууж,шоугаа үзэж байгаа.Хэн нь ч ялсан, миний хувьд Дээгий эгч маань ялагч байх болно.

-Яагаад хийлч Дэлгэрцэцэгийн фэн болов?Хэр удаж байна вэ?

-Фэн нь болоод 4-5 жил өнгөрчээ.”Авьяаслаг монголчууд”шоу гарч эхэлснээс хойш Дээгий эгчийг мэддэг болсон.Тэр үеэс фэн нь болсон гэхэд хилсдэхгүй. Би өмнө нь их ааштай,бусадтай таардаггүй,сөрөг хандлагатай хүүхэд байсан юм.Тиймээс жил ирэх тусам найзуудын тоо цөөрч,зургадугаар ангид буюу өсвөр нас эхэлж байхад маш их ганцаардан,сэтгэл зүйн хувьд хэцүү байсан.Хүүхдүүд намайг үзэхгүй,гадуурхана.Яг тэр үед “Би ер нь яачихсан юм бэ?Яагаад бүгдээрээ надад дургүй байдаг юм бэ?” гэж өөрөөсөө бурууг хайж,их бодсон.Тэгээд “Би болохгүй байгаа юм байна.Энэ муухай зан ааш,харьцаа хандлагаа өөрчлөх ёстой”гэж ойлгосон.Нэг удаа оройн хоол хийж байхдаа яагаад ч юм бэ Дээгий эгчийн ярилцлагыг олоод үзчихсэн юм.Тэр цагаас хойш “Хийлч Дэлгэрцэцэг эгч маш мундаг,ухаалаг,төлөв даруу,эелдэг,хамгийн гол нь их өөрийнхөөрөө хүн”гэж боддог болсон.Тэгээд л “Би яг энэ хүн шиг ийм энгийн,төлөв даруу,эелдэг бас ухаалаг байх ёстой юм байна.Юм бүхнийг сөргөөр бодож,бусдад муухай хандаж болохгүй юм байна”гэдгийг маш сайн ойлгосон.Сэтгэлийн хаттай ч болсон.Ерөнхийдөө тэр хүний байгаа байдал,зан чанар,хувь хүн нь намайг фэн нь болоход маш их нөлөөлсөн.Гэхдээ фэн нь байлаа гээд бүх зүйлийг даган дуурайх хаашаа ч юм бэ.Хүн болгоноос сайныг нь харж,суралцах нь хамгийн зөв гэж боддог.

Хийлч бүсгүйтэй танилцах гэж уйгагүй хөөцөлджээ дээ…

-Тийм.Танилцах гэхээсээ илүү бусдаас ялгарч,өөрийгөө таниулах гэж их хичээсэн.”Би яаж бусдаас ялгарч,энэ хүнд өөрийгөө таниулах вэ?Яаж улаан фэн нь гэдгээ илэрхийлэх вэ?”гэж маш их бодсон.Мөрөөдөлдөө хүрэхийн тулд заавал нэг зүйл хий гэдэг дээ.Тиймээс гурван жилийн өмнө фэн фэйсбүүк хаяг нээгээд,тэндээсээ чат бичиж эхэлсэн.Эхэндээ Дээгий эгч мессежийг минь харчхаад,хариу бичдэггүй байв.Гэхдээ нэг л өдөр маш сайхан хариу бичнэ гэж үргэлж итгэдэг байсан учраас уйгагүй бичээд л байлаа.Тэгсэн төд удалгүй “Хөөрхөн дүүдээ баярлалаа.Ийм хөөрхөн фэнтэйдээ би маш их баярладаг”гээд л бичиж эхэлсэн дээ.Одоо чатлаад хоёр жил гаран болчихсон байна.Дээгий эгч их эелдэг,бусдад чин сэтгэлээсээ ханддаг учраас намайг маш сайхнаар хүлээж авсан.

-Та хоёр их дотно харьцаатай бололтой…

-Дээгий эгч ээж,эгч,найз шиг минь байдаг.Үргэлж надад зөвийг хэлж,урам зоригоор тэтгэхийн сацуу намайг маш сайн сонсдог.Цуг байхад дулаахан,хайр дүүрэн мэдрэмж төрдөг шүү.Цаанаа л нэг тийм эерэг,дулаахан энергитэй хүн.Анх тэгж боддоггүй байлаа.Харин харьцаад,тулаад,илүү сайн мэддэг болоод ирсэн чинь миний төсөөлж бодсоноос ч илүү сайхан хүн байсан.

-Та хоёр багш шавийн барилдлагатай юу?

-Би хөгжмийн сургуульд нь сурдаг л даа.Намайг хариуцагч багш маань улсын филармонийн Хулан гэж мундаг хийлч бий.Хүмүүс хөгжмийн зохиолч,төгөлдөр хуурч Чинбаттай хамтарч тоглодгоор нь сайн мэдэх байх.Дээгий эгч намайг ерөнхийд нь шалгаад явдаг.Өөрөө их завгүй болохоор надад хийл заах цаг жаахан хомс байдаг гэх үү дээ.

-Яагаад хийл сурах болов?

-Би урлагт их дуртай.Бага байхаас маань л ээж “Bond”хамтлаг болон Lindsey Stirling,David Garett,Vanessa Mae нарын алдартай хийлчийн тоглосон аялгууг сонсгодог байсан юм.Магадгүй тэр нь хийл сурахад маань нөлөөлөө биз.Тавдугаар ангидаа би хийлд маш ихээр дурласан.”Энэ хөгжмийг би заавал сурна”гэж дөрвөн жил бодож мөрөөдсөөр жилийн өмнөөс сурч эхэлсэн дээ.

-Энэ хугацаанд ямар нэг уралдаан тэмцээнд оролцов уу?

-Хичээллэж эхлээд 5-6 сар орчим болж байхдаа сургуулийн урлагийн үзлэг дээр тоглосон.Уралдаан тэмцээнд орж амжаагүй ээ.

-Сурдаг хөгжмийн сургуулийнхаа талаар яриач…

-Дээгий эгч хувийн хөгжмийн сургуультай болохыг олон жил хүсэж мөрөөдсөөр 2015 онд Дээгийгийн хөгжмийн сургууль буюу Degi’s music school-ыг үүсгэн байгуулсан юм билээ.Өмнө нь сургалт явуулдаг байсан.Degi’s music school нь Баянзүрх дүүргийн 26-р хороонд байрлах Энканто хотхоны 305-р байрны 1 тоотод үйл ажиллагаагаа явуулдаг бөгөөд олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн Сүзүки сургалтын албан ёсны эрхтэй.Энэ сургалт нь дэлхийн олон улс оронд танигдсан,тусгай ном,заах арга барилтай япон сургалт л даа.Мөн хийл,төгөлдөр хуур,гитарын ганцаарчилсан сургалттай,багш нар нь бүгдээрээ мэргэжлийн сургууль төгссөн,чадварлаг хүмүүс.Сургалт маань долоо хоногт 40 минутаар хоёр удаа хичээллэдэг.Сонирхсон хүн байвал Degi’s music school фэйсбүүк хаяг болон 91117971 дугаарын утсаар холбогдож болно.

-Хөл хориотой энэ үеийг хэрхэн өнгөрүүлж байна вэ?

-Би айлын том хүүхэд,хоёр дүүтэй.Ихэнхдээ гэртээ дүү нараа харж байна даа.Амралтын өдрүүдэд эмээ,өвөөгийндөө очиж,агаар салхинд гарна.Хэдийгээр хөл хориотой,сургууль цэцэрлэг хаагдсан нь муухай ч гэлээ хэзээ ч амждаггүй байсан зүйлээ хийж үзэх,шинийг сурах маш их цаг хугацааг гаргаж өгсөн.Тэр талаараа хөл хорио надад маш их үр өгөөжтэй,ашигтай санагдаж байгаа.Эхний 2-3 сар урсгалааараа,тааваараа гэдэг шиг л байсан шүү.Өдөр шөнөгүй гадаадын олон ангит кино үзэж,үеэлүүдтэйгээ онлайнаар тоглон,хүссэн үедээ хүссэн хугацаагаараа хөгжмөө давтаад,ер нь л юу дуртайгаа хийсэн.Удалгүй тоглож ханаад,кино үзэхээсээ ч залхаж,уйдахаараа хичээл хийж,шинэ хэл сурмаар санагдаад, солонгос хэл бие даан сурч эхэлсэн.Хөгжмөө илүү сайн давтаж,калимба гэдэг хөгжим сурч байна.Мөн хоолны шинэ жоруудыг гэртээ туршиж үзсэн.Удахгүй найзуудтайгаа бассейнд явах гэж байгаа.

-Чөлөөт цагаараа юу хийдэг вэ?

-Голдуу хөгжмөө давтдаг.Бусад үед бичлэг үзнэ,подкаст,аудио ном сонсч,уншина.Найзуудтайгаа ярьдаг,тэмдэглэл хөтөлж,солонгос хэлээ давтана.

-Одооны хүүхдүүд ном бага уншдаг болсон юм шиг надад санагддаг…

-Санал нэг байна.Би ч гэсэн ном их уншдаг хүүхэд биш.Урьд нь ээж,аав хоёр “Унш”гээд зөндөө ном авч өгөн шахдаг байлаа.Харин надад улам л уншмааргүй санагдана.Би хувь хүний хөгжил болон түүхэн романууд унших дуртай.Заримдаа ном уншиж үнэхээр амждаггүй.Хааяа залхуурвал гэр цэвэрлэх юм уу ийш тийш явахдаа аудио хэлбэрээр нь сонсчихно.Харин уншихаар бол ихэнхдээ шөнө эсвэл чимээ аниргүй орчинд.Тийм үед надад саад болох юу ч байхгүй,анхаарал маш сайн төвлөрдөг.Миний бодлоор яг юунд дуртайгаа олж мэдээд,ном унших тогтсон цаг,чимээгүй орчинг бүрдүүлэх хэрэгтэй.

-Хөл хорионы үед ямар ном уншив?

-Хэктор Гарсиа,Францез Мораллес нарын “Икигай”гэдэг ном уншсан.Япончуудын урт наслалт,эрүүл зөв амьдрал,хоол ундны тухай ном л доо.Амьдралын зөв хэмнэлтэй байвал 100-гаас илүү ч насалж болно гэдгийг ойлгосон,тэр номыг уншаад.Бас зохиолч Сарантуяагийн “Яг л ээж,эгч,найз шиг”гэдэг ном уншсан.Эмэгтэйчүүдийн амьдралын тухай өгүүлсэн энэ номноос ирээдүйд яаж мундаг эмэгтэй,хань,ээж,эгч,найз байх вэ гэдгийг ойлгож авсан.Одоо Америкийн тэргүүн хатагтай асан Мишель Обамагийн “Миний түүх”номыг аудио хэлбэрээр сонсч байна. -Тэгвэл хамгийн таалагдсан ном гэвэл… -Женнифер Скотт гэдэг америк зохиолчийн “Шин хатагтайн зөвлөгөө”номыг онцолмоор байна.Франц эмэгтэйчүүдийн амьдралын хэв маяг,яаж энгийн мөртөө үзэсгэлэнтэй,ухаалаг гэрийн эзэгтэй байх,мөн эмэгтэй хүн ямар байх хэрэгтэйг маш сайн тусгаж өгсөн.Би Европод их дуртай.Тэр тусмаа Итали,Францад.Тэндхийн эмэгтэйчүүдийн амьдралын хэв маягийг их сонирхдог.Тиймээс энэ ном надад маш их таалагдсан.Эмэгтэй хүн бүхэн энэ номыг уншаасай.

-Өдөрт хэдэн цаг хийлээ давтдаг вэ?

-Өдөр бүр давтаж чаддаггүй ч нэг давтахаараа хамгийн бага нь хоёр цаг.Эхлээд гараа халаагаад,дараа нь сурах зохиолдоо орно.Тэгээд нэг л мэдэхэд бүтэн өдөр өнгөрчихсөн байдаг юм.Анхаарлаа сайн төвлөрүүлээд,яг тэр мөчид бүх зүйлээ хийлээ давтахад зориулж,сурах зохиолдоо бүрэн орж чадвал хугацаа хамаагүй юм шиг санагддаг.Бүрэн төвлөрсөн хүн л цаг анзааралгүй үр дүнтэй,чанартай,сайн давтаж чаддаг. -Хэдэн хийлтэй вэ? -Одоохондоо сургалтын ганцхан хийлтэй.Удахгүй бүр мундаг тоглодог болчхоод гоё хийл авна гэж боддог.Би бас үкүлэлэ гэдэг хөгжим тоглодог юм.Энэ нь гитар шиг хэрнээ хөг,дуугаралт болон хэмжээгээрээ гитараас өөр.Хөл хорионы энэ үед төгөлдөр хуур болон калимба хөгжмийг бие даан сурч байгаа.Төгөлдөр хуурыг бүгд мэднэ.Харин калимба нь Африкаас гаралтай,даралтат хөгжмийн төрлийн,зөөлхөн дуугаралттай,алганы хэмжээтэй авсаархан,жижигхэн хөгжим.Эрхий хурууны төгөлдөр хуур ч гэж нэрлэдэг.Хоёр октав,17 даралттай,хоёр эрхий хуруугаараа дарж тоглодог юм.

-Тоглох дуртай бүтээл чинь…

-Мэдээж зөндөө бий.Тэр дундаа монгол ая тоглох маш их дуртай.Учир нь монгол аялгуунууд цаанаа л нэг уянгалаг,сэтгэл татам байдаг юм.Ардын жүжигчин,төрийн шагнал,хөгжмийн зохиолч Чулууны “Уран хас”хэмээх сайхан аялгууг тоглохоор яагаад ч юм бэ баяр хөөрөөр дүүрдэг.Бас Ардын жүжигчин,төрийн соёрхолт Дамдинсүрэнгийн алдарт “Хэнтийн өндөр ууланд”хийлийн гоцлол болон хөдөлмөрийн баатар,төрийн шагналт,УГЗ Шаравын “Сэтгэлийн эгшиг”-ийг тоглох дуртай.Мөн дэлхийн сонгодгуудыг.

-Гэрийнхэн тань хэр дэмждэг вэ?

-Ер нь дэмжинэ шүү.Ялангуяа ээж,эмээ хоёр маань.Намайг дэмждэг гэр бүл,найз нөхөд болон таньдаг хүмүүстээ “Маш их баярладаг шүү”гэж хэлье.Гэхдээ урлагийн амьдрал хэцүү гэдэг шүү дээ.Ээж,аав хоёр маань бүх амьдралаа урлагт зориулаад явна гэхээр жаахан дургүй байдаг.

-Хийлч Дэлгэрцэцэгтэй хамт бүтээсэн хамгийн гоё дурсамжаасаа хуваалцаач…

-Уулзсан өдөр,хамтдаа өнгөрөөсөн цаг,хором мөч бүхэн дурсамжтай,нандин байдаг.Тэр тусмаа анх уулзсан өдөр сэтгэлд маш тод үлджээ.Тэр өдөр 2018 оны аравдугаар сарын 27 байсан юм.Маш их сандарч,баярлаж байсан дурсамжтай тэр өдрөө би влог бичлэг болгож хадгалаад,юүтүүб суваг болох “Bujinlham’s Channel”-дээ оруулсан.Хааяа бичлэгээ үзээд,тэр өдрийг эргэн дурсах ямар сайхан гээч. Жилийн өмнө хийл сурч эхлээд удаагүй байхдаа Degi’s music school-ын дөрвөн жилийн ойн хүндэтгэлийн тоглолтыг улсын филармонийн тайзнаа жүжигчин Ууганбаяртай хөтөлсөн маань миний амьдралын хэзээ ч мартагдашгүй бас маш их сандарсан,хариуцлагатай өдөр байлаа.Тайзан дээр зогсож байхад Дээгий эгч үзэгчдийн суудлаас над руу хараад,инээмсэглээд л суусан.Тэр хөөрхөн харцыг хэзээ ч мартдаггүй. Ноднин долдугаар сард би 14 нас хүрсэн юм.Дээгий эгч намайг өдрийн зоогонд урьсан.Тэгэхэд бид хоёр ижил брэндийн ганган дээлээр хосолсон.14 насны төрсөн өдөр маань онцгой,мартагдашгүй болж өнгөрсөн.

-Ингэхэд ямар хичээлд дуртай бас дургүй вэ?

-Бараг бүх хичээлдээ дуртай.Гэхдээ хамгийн дуртай нь англи хэл.Цэцэрлэгт байхын л англи хэл маш сайн сурч,гадаадад сурахыг мөрөөддөг байлаа.Тиймээс мөрөөдлөө биелүүлэх гээд хичээж явна.Харин биеийн тамирт жаахан дургүй.

-Ямар мэргэжил сонгохоо шийдчихсэн үү?

-Тийм ээ.Би бүтээлч байх дуртай,ер нь олон зүйл сонирхдог л доо.Урлаг соёл,сэтгэл судлал,хэвлэл мэдээлэл,хувцас загвар,интерьер дизайн гээд л.Гэхдээ бизнес маркетингэд илүү сонирхолтой.Гадаадад маркетингийн чиглэлээр сургууль төгсөөд,Монголдоо ажиллана гэж боддог.Дараа нь сэтгүүлч юм уу сэтгэл зүйчээр сурна.Ер нь болж л өгвөл бүгдийг сурахыг хүсдэг(инээв).Боломж гарвал урлагаар бас явна гэж боддог.Төлөвлөсөн зүйл их бий.

-Манай уншигчдад хандаж юу гэж хэлэх вэ?

-Юун түрүүнд надаас ярилцлага авсанд баярлалаа.Дуустал нь уншсан та бүхэнд мөн баярлалаа.Тууштай байвал мөрөөдөл,зорилго,хүссэн зүйлдээ хүн заавал хүрдэг юм шүү гэж ахин дахин хэлье.Тэр зүйлдээ хүрэхийн тулд жижигхэн ч хамаагүй ямар нэг үйлдэл заавал хийх ёстой шүү.Бүгдэд нь амжилт,сайн сайхныг хүсье.
Ярилцсан Ш.Эрдэнэтөр

ЯРУУ НАЙРАГЧ Ц.ХУЛАНГИЙН НЭРИЙГ ДЭВШҮҮЛЭХ НАМ ОЛДСОНГҮЙ

Удахгүй УИХ-ын ээлжит сонгууль болох гэж байгаа билээ. Энэ удаагийн сонгуульд яруу найрагч,зохиолчид нэлээн ач холбогдол өгч, нэр дэвшиж буй. Тухайлбал “Болор цом”-ын хошой тэргүүн шагналт Ц.Хулан, нэгэнтээ манлайлсан Г.Мөнхцэцэг, Ж.Мөнхбат болон СГЗ Н.Лутбаяр, модернист зохиолч Ч.Мөнхбаяр, зохиолч Б.Наминчимэд, Ч.Үл-Олдох нарыг нэрлэж болно. СГЗ, яруу найрагч Ц.Хуланг уул нь Ардчилсан намаас нэр дэвшинэ гэсэн цуу тун хүчтэй тарж байсан ч хэрэгжсэнгүй. Учир нь найрагч бүсгүйн их сургуулийн хуурамч дипломтой холбоотой мэдээлэл цахим ертөнцөд цацагдах болсон аж. Нэгэнт Ардчилсан намаас нэр дэвших эрхгүй болсон Ц.Хулан найрагч өөр бусад нам,эвслийн хаалгыг татсан ч удирдлагууд нь нүүр өгсөнгүй.Ингээд түүнд бие даан нэр дэвшихээс өөр арга үлдсэнгүй. Яруу найрагчийн өрсөлдөх Баянзүрх дүүргийн буюу 22-р тойрогт 22 хүн нэр дэвшиж байгаагаас найм нь бие дааж буй билээ.

БАГА АНГИЙН 35 СУРАХ БИЧИГТ ЗАСВАР ХИЙНЭ

ЕБС-ийн бага ангийн сурагчдын сурах бичигт нэмэлт засвар хийгдэж байна. Энэхүү засваглагдсан сурах бичгүүд нь сургуулиудын номын сангийн элэгдэл хоргодлыг нөхөх зориулалттай юм.

ЕБС-ийн сурагчдад 150 гаруй төрлийн сурах бичиг хэрэглэгдэж байна. Бага ангид хүүхэд нь суралцдаг эцэг эхчүүдийн хувьд сурах бичгийн агуулгад ихээхэн шүүмжлэлтэй ханддаг. Энэ үүднээсээ ирэх хичээлийн жилд ЕБС-ийн бага ангийн 35 сурах бичигт нэмэлт засвар хийхээр болжээ.

Боловсролын хүрээлэнгийн эрдэм шинжилгээний ажилтан Ж.Дэнсмаа хэлэхдээ “Өнөөдрийн байдлаар бага ангийн 1-5-р ангийн сурагчид 35 орчим нэрийн сурах бичгийг хэрэглэдэг. 2019 онд сургалтын хөтөлбөрийн сайжруулалт хийгдсэнтэй холбоотойгоор бид хичээлийн жилийн нөхөн хангалтын хэрэгцээнд бага ангийн сурах бичгийн засварыг хийж эхлээд байна. Сурах бичгийн 70-80 орчим хувьд нь засвар хийнэ. Гэхдээ энэ бол бүтэн агуулгаараа өөрчлөгдөж байгаа хэрэг биш, сургалтын хөтөлбөрийнхөө агуулга болон судлаач, багш нарын санал, судалгаан дээр үндэслэн сурах бичгийн агуулга, арга зүй, дасгал, даалгаврыг сайжруулах ажиллагаа хийгдэнэ” гэв.

Бага ангийн сурах бичгийн хувьд зарим хичээлийн агуулгыг илүү ойлгомжтой байлгах үүднээс тайлбар, жишээ, бодлого зэргийг нэмэлтээр оруулж өгөх шаардлага гардаг юм байна. Нөгөө талаар бага ангийн сурах бичгийн элэгдэл, хоргодол их байдгийг хэлж байна. Сурах бичгийн агуулгыг сайтар боловсруулж, жишээ бодлогыг нь ойлгомжтой болгосноор олон дахин хэвлэлийн зардал гаргахгүй гэдгийг салбарын Яамны бодлого тодорхойлогчид анхаарах шаардлагатай байна.

Эх сурвалжаас Н.Лхамсүрэн

ОРОСЫН ЖҮЖИГЧИН МИХАИЛ ЕФРЕМОВ СОГТУУГААР ЖОЛОО БАРЬЖ ОСОЛ ГАРГАЖЭЭ

ОХУ-ын Москва хотод 6-р сарын 9-нд жүжигчин Михаил Ефремов согтуугаар машин барьж осол гаргаснаас болж түүний мөргөсөн Лада вагончиктой машины жолооч амиа алдсан тухай Склифосовскийн судалгааны хүрээлэнгийн РИА Новости агентлаг мэдээллээ. Уг мэдээллийг Дотоод хэргийн яам нь батлаад байна.

Энэ осол 6-р сарын 8-ны 21:44 минутад Смоленская талбай дээрх гурван байшингийн ойролцоо болжээ. Jeep Grand Cherokee маркийн машин жолоодож байсан Ефремов эсрэг урсгал руу орж, ирж буй Лада вагончиктой машиныг мөргөсний улмаас жолооч нь хүнд гэмтэж эмнэлэгт хүргэгдсэн бөгөөд толгой нь битүү бэртэл авсан байна.

Шалгалтаар жүжигчин Ефремов согтуугаар машин жолоодсон нь тогтоогдсон ба харин өөрөө гэмтэл аваагүй аж. Тэрээр “Би түүнийг эмчлэх болно. Надад их мөнгө би” гэж согтуурч байжээ.

М.Ефремовыг буруутгах эхний үндэслэл нь согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ замын хөдөлгөөний дүрмийг зөрчсөн гэдгээр эрүүгийн хэрэг үүсгэжээ. Нэмээд хайхрамжгүй байдлаас хүний ​​эрүүл мэндэд онц ноцтой хэмжээний хохирол учруулсан тул 7 жилийн хорих ял оноож байна. Одоо яллагдагч нийт 12 жил хоригдохоор болсныг Хууль сахиулах байгууллагаас мэдэгджээ.

Эх сурвалжаас орч. Н.Лхамсүрэн

АМЕРИКЧУУД 156 МОНГОЛ ХҮҮХЭД ҮРЧИЛЖЭЭ

2001 оноос өнөөг хүртэл буюу 20 жилийн хугацаанд 17 орны гэр бүл монгол хүүхэд үрчлэн аваад байна. Уг жагсаалтыг тэргүүлж буй америкчууд 156 хүүхдийг хилийн чанад руу авч оджээ. Түүнчлэн “айргийн тав”-д Герман 35, Франц 22, Итали 20, Голланд долоон хүүхэд үрчилснээр орсон аж. Харин сүүлийн үед нутаг нэгтнүүд маань олноороо хөдөлмөрлөх болсон Солонгос улсын иргэд зургаа, оросууд хоёр хүүхэд өргөж авсан байна. Эдгээр хүүхдийг асрах төвөөс авдаг гэнэ. Дашрамд дурдахад олон улсад хүүхэд үрчлэл зуучлах эрхтэй дөрвөн төрийн бус байгууллага Монголд байдаг ажээ. Гэхдээ хүүхэд үрчилсэн хүмүүстэй цаашдаа холбоотой байдаг эсэх нь тодорхойгүй байна.